Цогтцэций-Чойр чиглэлийн замаар нүүрс тээвэрлэлтийг зөвшөөрчээ
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар эдийн засгийн хүндрэлтэй байдал, тээврийн жолооч нарын ар гэр, эрх ашгийг бодолцон Цогтцэций-Чойр чиглэлийн замаар нүүрс тээвэрлэлтийг ирэх оны гуравдугаар сарын 31-ний өдрийг хүртэл түр зөвшөөрсөн тушаал гаргажээ.
Тус тушаалд “Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Захиргааны ерөнхий хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.1 дэх заалтыг тус тус үндэслэн:
1.Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Тавантолгойн уурхайгаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум хүртэлх улсын чанартай авто замаар нүүрс тээвэрлэхийг зөвшөөрсөн. Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Өмнөговь, Дундговь аймгийн Засаг дарга нарын санал, тээвэрлэлт хийхээр тохиролцон, үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, тээвэрчдийн эрх ашгийг харгалзан Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/158 дугаар тушаалын 5 дахь заалтыг “Энэхүү тушаалыг 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй” гэж өөрчилсүгэй.
2. Тушаалд өөрчлөлт орсонтой холбогдуулан авто замын бэлэн байдлыг ханган ажиллахыг Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт, тээвэрлэлтийг зохион байгуулж ажиллахыг Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт тус тус даалгасугай.
3. Тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт үүрэг болгосугай гэж дурдсан байна.
Сэтгэгдэл үлдээх