Цэс Close

Ц.Ганцэцэг: 950.0 орчим тэрбум төгрөгийн НДШ-ийн хөнгөлөлт, чөлөөлөлт, дэмжлэг үзүүлсэн

Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийн хэрэгжилт, үр дүнгийн талаар НДЕГ-ын Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын дарга Ц.Ганцэцэгтэй ярилцсаныг хүргэж байна.

- Нийгмийн даатгалын санд ажил олгогч болон даатгуулагч ямар хувь хэмжээгээр шимтгэл төлөх хуулиар хүлээсэн үүрэгтэй байдаг талаар ярилцлагаа эхэлье.

- Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь, хэмжээг Нийгмийн даатгалын тухай хуулиар тогтоодог. Албан журмын даатгалын харилцаанд ажил олгогч буюу байгууллага нь ажилтныхаа өмнөөс, ажилтан буюу даатгуулагч тухайн сард авсан цалин хөлснөөсөө нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй. Ажил олгогч, албан журмын даатгуулагч тус тус 5 төрлийн даатгалд, харин сайн дурын даатгуулагчийн хувьд тэтгэвэр, тэтгэмж, ҮОМШӨ-ний даатгал гэсэн 3 төрлийн даатгалын санд шимтгэл төлдөг. 2021 оны мөрдөж байгаа нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ нь ажил олгогч үйл ажиллагааныхаа чиглэлээс хамаарч 13.5-15.5%-иар, албан журмын даатгуулагч 12.5%-иар, сайн дурын даатгуулагчийн хувьд нийгмийн даатгалын байгууллагатай байгуулсан гэрээнд тусгасан өөрийн орлогоос сард 14.5%-иар шимтгэл төлж байна.

- Цар тахлын нөлөөллөөс үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг хохирол багатай давж гарахад нь ажил олгогч болон даатгуулагчдад дэмжлэг үзүүлэх зорилготой хуулийг хоёр он дамжин хэрэгжүүллээ. Энэ хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгөөч.

- Коронавируст цар тахлын улмаас үйл ажиллагаа нь доголдож, орлого нь буурсан боловч ажлын байраа хадгалан авч үлдсэн аж ахуйн нэгж, байгууллагууд болон түүнд ажиллаж байгаа даатгуулагчид, мөн сайн дурын даатгуулагчдыг эдийн засгийн хувьд хохирол багатай даван туулахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Засгийн газраас хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Үүний нэг нь 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр УИХ-аас баталсан “Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хууль” юм. Энэхүү хуулийн хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх гэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлж байна. Хуулийн үйлчлэлд төрийн болон төсвийн, орон нутгийн өмчит мөн төрийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагаас бусад бүх аж ахуйн нэгж, байгууллага хамрагдаж, 2020 оны 4-9 дүгээр сард тэтгэвэр, тэтгэмж, ҮОМШӨ, ажилгүйдлийн даатгалын шимтгэлээс 100% чөлөөлөлгдсөн. Мөн 2020 оны 10-12дугаар сард зөвхөн тэтгэврийн даатгалын шимтгэлийн 5%-ийг нь төлж бусад шимтгэлээс бүрэн чөлөөлөгдсөн. Үргэлжлүүлэн энэ оны 1-6 дугаар сарыг дуустал хугацаанд зөвхөн тэтгэврийн даатгалын шимтгэлийг 8.5%-иар төлж, бусад төрлийн шимтгэлээс бүрэн чөлөөлүүлж байна.

- Хуулийн хүрээнд 2020 онд хичнээн ААН, даатгуулагч энэхүү хөнгөлөлт чөлөөлөлтийн арга хэмжээнд хамрагдаж ямар үр дүнтэй байсан бэ?

- Нийгмийн даатгалын байгууллагад бүртгэлтэй 49.0 мянга орчим ажил олгогч, 1150.0 мян.даатгуулагч бий. Үүнээс 38.4 мянган аж ахуйн нэгж, байгууллага, түүнд ажиллаж байгаа 410.7 мянган албан журмын даатгуулагч, 169.2 мянган сайн дураар даатгуулагч, нийтдээ 579.9 мянган иргэнд 2021 оны 3 дугаар сарын байдлаар нийтдээ 789.1 тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлсэн.

- Ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх арга хэмжээний үр дүнгийн талаар?

- 2020 оны 1, 2, 3 сарын үйл ажиллагааны борлуулалтын орлого нь өмнөх оны мөн үеийнхээс 50 буюу түүнээс дээш хувиар буурсан болон Улсын онцгой комиссоос үйл ажиллагааг нь зогсоосон аж ахуйн нэгжид ажиллаж байгаа даатгуулагчдад 2020 оны 4, 5, 6 сард тус бүр 200.0 мянга, нэг ажилтанд нийтдээ 600.0 мянган төгрөгийн дэмжлэгийг ажилгүйдлийн даатгалын сангаас олгосон. Хуулийн хүрээнд 7284 аж ахуйн нэгжийн 80.2 мянган даатгуулагчид ажилгүйдлийн даатгалын сангаас 44.2 тэрбум төгрөгийг олгосон.

- Шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэх үйл ажиллагаа нь энэ оны 07 дугаар сарын 01 хүртэл үргэлжлэх юм байна? Хүлээгдэж байгаа гүйцэтгэл ямар байгаа вэ?

- 2021 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 6 дугаар сарын эцэс гэхэд 910.0 орчим тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт чөлөөлөлт үзүүлэх тооцоо гарсан. Үүн дээр дэмжлэгт зарцуусан дүнг нэмж тооцвол нийтдээ 950.0 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлт, чөлөөлөлт, дэмжлэгийг ажил олгогч, даатгуулагч иргэд хүртэж байгаа юм.

- Нийт дүнгээр нь ярихаар хүмүүсийн санаанд буух нь тааруу байж болох юм. Яг нэг иргэний халаасанд хичнээн төгрөг үлдсэн, нэг байгууллагын төсөвт ямар хэмжээний хэмнэлт хийгдсэн гэдэг ч юм уу тодорхой жишээ, судалгаа бий болов уу?

- Тус арга хэмжээний үр дүнд жишээ нь 1 сая төгрөгийн цалинтай хүн нийтдээ 705.0 мянган төгрөгийг гар дээрээ авч үлдэж чадсан байна. 40 ажилтантай ажил олгогч байлаа гэж бодоход 31.8 сая төгрөгийн төлөх ёстой байсан шимтгэлээсээ чөлөөлүүлж хөнгөлүүлсэн, энэ хэмжээгээр хэмнэлт хийсэн гэсэн үг. Тэгэхээр ажил олгогч, даатгуулагч руу чиглэсэн, энэхүү эдийн засгийн арга хэмжээ тэдэнд бодит дэмжлэг болсон гэж хэлж болно.

- Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: Нийгмийн даатгалын ерөнхий газар

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах