Ц.Мөнхцэцэг: Монгол Улсад халдашгүй чөлөөтэй байх эрх шүүхийн болон хэрэг мөрдөн байцаах шатанд зөрчигдөж байна

Долоо хоног бүрийн Мягмар гарагт Улсын Их Хурлаас баталсан хууль болон хэлэлцэж буй хуулийн төслүүдийн талаар олон нийтэд мэдээлэл өгдөг уламжлалтай. Энэ дагуу өнөөдөр (2023.05.02) Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Ц.Мөнхцэцэг, Г.Дамдинням нар мэдээлэл хийлээ. Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут “ Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай“ хуулийн талаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг “ Монгол улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэл, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний үйл ажиллагааны тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай“ тогтоолын төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням Боловсролын багц хуулийн төслүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг “Монгол улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийн талаар Хууль зүйн байнгын хороо өнөөдрийн ( 2023.05.02) хуралдаанаараа тодорхой арга хэмжээний тухай тогтоолын төслийг гаргахаар болсон талаар танилцууллаа. Тэрбээр, уг тайлан илтгэлд Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлыг 7асуудлын хүрээнд авч үзсэн. Халдашгүй чөлөөтэй эрх буюу Монгол Улсад шүүхийн зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй баривчлан хорих, мөн албадан эмчилгээнд хамрагдсан хүмүүс, хүүхдийн эрх, ахмад настны эрх зэрэг асуудлуудаар тодорхой дүгнэлтүүд гарсан гээд Монгол Улс дахь иргэний оролцооны эрх буюу жагсаал цуглаан хийх, эвлэлдэн нэгдэх эрхийн талаар гарсан дүгнэлтийг онцлов. Түүнээс гадна Монгол Улсад тулгамдаж буй нэг асуудал бол төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрх гэж тодотголоо. Тэр тусмаа төрийн үйлчилгээний болон тусгай салбарын албан хаагчдын эрхийн тодорхой асуудал зөрчилтэй байна гэж Монгол улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлд танилцуулагдсаныг дурдав. Хүний эрх хамгаалагчийн тухай хуулийг 2021 онд Улсын Их Хурал баталсантай холбоотойгоор хүний эрх хамгаалагчийн өнөөгийн байдал, гарч буй зөрчил, цаашид шаардлагатай эрх зүйн зохицуулалтын саналууд байх талаар хэлэлцжээ. Нийт 7 чиглэлээр Хууль зүйн байнгын хорооноос тогтоол гарна гэсэн юм. Монгол Улсад халдашгүй чөлөөтэй байх эрхийг тодорхой хэмжээнд шүүхийн болон хэрэг мөрдөн байцаах шатанд зөрчиж байна. Ялангуяа шүүхийн тогтоолгүйгээр баривчлан хорих зэрэг зөрчлүүд гарч байна. Тийм учраас ХЭҮК-оос Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай зэрэг хуулиудын тодорхой заалтыг өөрчлөх, үндэслэлгүйгээр хоригдсон тохиолдолд цагийн болон бусад хязгаарлалт тавих зэрэг зохицуулалтыг хийх шаардлагатай гэж үзсэн" гэж онцлон дурдлаа.
Сэтгэгдэл үлдээх