Цэс Close

Д.Батлут: Малчид, тариаланчид орлогын эх үүсвэртээ  тохируулан эрүүл мэнд, нийгмийн даатгалаа төлөх эрх зүйн орчныг бүрдүүллээ

Долоо хоног бүрийн Мягмар гарагт Улсын Их Хурлаас баталсан хууль болон хэлэлцэж буй хуулийн төслүүдийн талаар олон нийтэд мэдээлэл өгдөг уламжлалтай. Энэ дагуу өнөөдөр ( 2023.05.02)  Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Ц.Мөнхцэцэг, Г.Дамдинням нар мэдээлэл хийлээ.

Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут “ Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай“ хуулийн талаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг “ Монгол улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэл, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний үйл ажиллагааны тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай“ тогтоолын төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням Боловсролын багц хуулийн төслүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

“Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай“ хуулийг Улсын Их Хурлаар хэлэлцэн баталсан талаар Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут эхлээд танилцуулга мэдээлэл өгөв. Тэрбээр, Монгол улсад 305 мянган мал аж ахуй эрхлэгчид байна. Нийт ажиллах хүчний дөрвөн хүн тутмын нэг нь малчин гэсэн үг. Эрэгтэй малчдын 33 орчим хувь нь эмэгтэй малчдын 38 орчим хувь нь нийгмийн даатгал төлдөг. 25 нас хүртэлх залуу малчдын 82 орчим  хувь нийгмийн даатгал төлдөггүй гэсэн статистик тоо байдаг. Малчдын 35,2 хувь нь буюу 107 мянган малчин нийгмийн даатгалд хамрагдсан. Харин 65 хувь буюу 198 мянган малчин нийгмийн даатгалд хамрагдаагүй гэсэн тоон үзүүлэлт байна. Энэ нь ирээдүйд томоохон эрсдэлийг бий болгож байгаа нь хуулийг батлах гол шалтгаан, үндэслэлийн нэг болсон гэж тодотгов. Тодруулбал, нийт малчдын 59,4 хувь  эрүүл мэндийн даатгалд хамрагдсан үлдсэн 40 хувь нь эрүүл мэндийн даатгалд хамрагдаж чадахгүй байгаа аж. Эрүүл мэндийн салбар гүйцэтгэлийн санхүүжилт рүү шилжээд удаагүй байгаа энэ үед малчид, тариаланчид эрсдэлтэй нөхцөлд ажиллаж, амьдарч байгаа гэж үзээд тэдгээр иргэдэд төрөөс олгож буй урамшууллаас өөрсдийнх нь зөвшөөрөлтэйгөөр эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг суутган тооцох энэ хуулийг баталсан гэж Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут мэдээллийнхээ үеэр хэлсэн. Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай“ хуулийн хүрээнд төрөөс олгож буй ноос, арьс шир, сүү, үр тарианы урамшууллаас нь эрүүл мэнд, нийгмийн даатгалыг суутган тооцож, бүтэн жилээр бичилт хийдэг болсноор эрүүл мэнд, нийгмийн даатгалын үйлчилгээг цаг алдалгүй авах боломж бололцоо нээгдэнэ гэж үзжээ. Хууль хэрэгжиж эхэлснээр эрүүл мэнд болон нийгмийн даатгалын сангийн орлогыг нэмэгдүүлэх боломжийг мөн нээж өгч байгааг тодотголоо.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах