Ч.Батзориг: Гол замуудын ачааллыг бууруулах зорилгоор хөдөлгөөн зохицуулалт хийж байна
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, хийж буй ажлын талаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзоригтой ярилцлаа.
-Улаанбаатар хотын хамгийн тулгамдсан асуудлуудын нэг бол түгжрэл. Хотын иргэдийн ажил, амьдралын чанарт шууд нөлөөлөх энэ түгжрэлийг бууруулахын тулд яг одоо ямар арга хэмжээ авч байна вэ?
-Ойрын жилүүдэд тулгамдаж буй асуудал бол яах аргагүй түгжрэл, авто замын ачаалал мөн. Үүнд Улаанбаатарын удирдлага ч, Засгийн газар ч анхаарал хандуулаад олон талаар судалгаа хийсэн. 2021 онд Засгийн газар шийдвэр гаргаж, түгжрэлийг бууруулах хүрээнд томоохон хөрөнгө оруулалтын асуудлуудыг шийдвэрлэхээр болсон.
Яг одоогийн байдлаар бид хөдөлгөөн зохион байгуулалтын тал дээр хэд хэдэн өөрчлөлтийг хийж байгаагийн нэг жишээ бол Зайсангийн нэг чигийн хөдөлгөөн байна. Түүнчлэн зарим уулзвар дээр ч ийм чиглэлийн өөрчлөлтийг хийгээд буй.
Авто замын ачааллыг бууруулахаар авч буй арга хэмжээний нэг нь цахим гэрчилгээ. Энэ сараас тээврийн хэрэгслүүдийг цахим гэрчилгээтэй болгож эхэлнэ. Тэгэхээр хөдөлгөөний нягтаршил хаана хамгийн өндөр байгааг бүртгэх боломж бүрдэнэ. Үүн дээр үндэслэн хөдөлгөөн зохион байгуулалтын зохицуулалт илүү оновчтой, үр дүнтэй болж ирнэ гэж харж байна. Нөгөөтэйгөөр, цахим гэрчилгээг хэрэглээнд нэвтрүүлснээр төлбөрийн цахим шийдлүүдийг ашиглаж эхэлнэ. Өөрөөр хэлбэл, замын хураамж, торгуулийг цахимаар төлдөг болно.
-Түгжрэлийн асуудлыг шийдэхэд Засгийн газар анхаарч, энэ асуудлыг хариуцсан сайдтай боллоо. Мөн нийслэлд 420 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Энэ төсвөөр ямар ажлуудыг гүйцэтгэж байна вэ?
-Засгийн газрын тогтоолын дагуу 2022-2024 оныг хүртэл дунд хугацааны зорилтын хүрээнд 420 тэрбум төгрөгөөс доошгүй төсвийг түгжрэлийн асуудлыг шийдэхэд зарцуулахаар болсон. Анхны төсөв нь 2022 онд батлагдсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, нийслэлийн төсөв дээр 411 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээр тусгасан. Энэ хүрээнд нийт дөрвөн бүлэг, 12 төсөл арга хэмжээний багц ажлыг хийж гүйцэтгэнэ. Одоогоор 286 худалдан авалт хийгээд буй.
Хийсэн томоохон ажлуудаас дурдвал, замын хөдөлгөөний удирдлага, зохион байгуулалтын хүрээнд RFID төхөөрөмжүүд, бүртгэлийн программуудыг хийж дуусгалаа. Мөн цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр улсын төсвөөс 100 тэрбум, нийслэлийн төсвөөс 100 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдэж, цэцэрлэгийн насны хүүхдийн 90 хувийг хамруулах хүртээмжийг бий болгосон. Энэ нь авто замын ачаалал, зорчих хөдөлгөөний нягтаршилд нөлөөлнө.
Түгжрэлийн асуудал нийтийн тээвэртэй холбоотой. Сүүлийн 14 жилийн хугацаанд томоохон парк шинэчлэл хийгээгүй. Тиймээс нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд 2022 онд нийслэлийн хэмжээнд 415 автобус шинэчилсэн. Үүнд нийтийн тээврийн, сургуулийн, цахилгаан, хоёр давхар автобуснууд багтсан. Парк шинэчлэлийн ажил энэ онд мөн үргэлжилнэ.
Зам, замын байгууламжийн бүтээн байгуулалтын хүрээнд зургаа, долоон субъект энэ ажлыг хийдэг байсан. Үүнийг нэг шугамд оруулаад, мастер төлөвлөгөөний дагуу гүйцэтгэдэг болсон нь том дэвшил. Бид томоохон 22 байршлыг сонгоод, замын бүтээн байгуулалтын 11 ажлыг эхлүүлсэн. 2022 оны жилийн эцсийн байдлаар зам, замын байгууламж болон бусад бүтээн байгуулалтад зориулан 520 нэгж талбайг чөлөөлөхөд 46 тэрбум төгрөг зарцуулсан байна.
Нийслэлийн газар ашиглалтыг сайжруулах, иргэдэд ая тухтай орчин бүрдүүлэхээр зөвшөөрөлгүй гарааш, хайсыг буулгаж байна. Энэ ажилд, мөн буулгасан гараашны газар тохижилт хийхэд тодорхой хөрөнгө төсөвлөөд гүйцэтгэж буй. Одоогийн байдлаар 28 байршилд тохижилт хийсэн, цаашид ч үргэлжлүүлнэ.
Ерөнхийдөө түгжрэлийг бууруулах хүрээнд гол ба туслах замд 49 тэрбум, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд 47 тэрбум, газар чөлөөлөхөд 46 тэрбум, автобусны парк шинэчлэлд 54 тэрбум, бүтээн байгуулалтын найман багц ажилд 41 тэрбум төгрөг зарцуулсан. Өөрөөр хэлбэл, 420 тэрбум биш, 237 тэрбум төгрөгийн санхүүжилт гарсан гэсэн үг.
Томоохон бүтээн байгуулалтын ажлууд он дамнан үргэлжилж байгаа. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн оны ажлуудаа энэ жил гүйцээх юм. Үүн дээр эхний ээлжид 187 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй гэдгийг Засгийн газарт танилцуулсан.
-Энэ жил Монгол Улс, тэр дундаа Улаанбаатар хот олон жуулчин хүлээж авахаар төлөвлөж байна. Тэгэхээр үүнтэй холбогдуулаад түгжрэлийг бууруулах чиглэлээр ямар ажлууд хийх вэ?
-Энэ жилийн хувьд Зайсангийн хөдөлгөөнийг нэг чиглэлд оруулснаар Наадамчдын болон Энхтайваны өргөн чөлөөнд буюу Яармагийн хөндлөн чиглэлийн урсгалыг 28-38 хувиар сийрүүлж чадсан. Ер нь гол том замууд дээрх ачааллыг бууруулах зорилгоор хөдөлгөөн зохицуулалтын ийм арга хэмжээг өөр газарт, тухайлбал Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт хийнэ. Нэг талаас нь харвал, нэг чигийн хөдөлгөөнд орж байгаа тухайн байршлын хувьд иргэдэд хүндрэлтэй байж болох ч нөгөө талаасаа энэ нь үндсэн гол зам дээр ирэх ачааллыг бууруулж байгаа тул нийтийн эрх ашгийн төлөө ийм арга хэмжээг авахаас аргагүй.
Дунд хугацаанд бол бид 2024 онд Наадамчдын өргөн чөлөөнд босоо тэнхлэгтэй хоёр гүүрэн байгууламжийг замтай нь ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Түүнчлэн нийслэлийн төр захиргааны байгууллагын ажилтнуудыг тодорхой цагт цахимаар ажиллуулах, яг адилхан албан тушаалд оршин суугаа дүүрэгт нь сэлгэн ажиллуулах арга хэмжээг авахаар төлөвлөж байна.
-Түгжрэлийн бас нэг үндсэн шалтгааныг эмнэлэг, сургууль, төрийн байгууллагуудын гадна талбайд зогсоол хомс байгаатай холбон тайлбарладаг. Үүнийг хэрхэн шийдэх вэ?
-Хотын төв буюу Бага тойруу, Их тойруу чиглэлийн 28 байршилд их багтаамжийн буюу давхар зогсоолыг байгуулахаар төлөвлөсөн. Гэхдээ эдгээр зогсоолыг эмнэлэг, сургуультай ойрхон байлгах нь чухал. Нөгөө талаас, хөдөө орон нутгаас орж ирж буй тээврийн хэрэгслүүдэд зориулсан их багтаамжийн зогсоол хотын захад байх шийдэл байж болно. Нэг үгээр хэлбэл, авто зогсоол, замын байгууламж хоёроо нэгдсэн журмаар байгуулна.
Ерөөс хотын төв гэдэг дугуйтай зорчигч, явган зорчигчдод ээлтэй, дэд бүтэц нь мөн үүнтэй уялдсан байвал хотын түгжрэл буурна. Тэгэхээр үүнтэй холбоотой шинэ хуулийн төслийг энэ хавар УИХ-д өргөн барихаар төлөвлөж байна. Үүнээс гадна түгжрэлийг бууруулах хүрээнд нийтийн тээврийн парк шинэчлэлийг бүрэн дуусгах, гол замуудын нэгдүгээр эгнээг чөлөөлөхөөр төлөвлөсөн. Мөн нийтийн тээврийн салбарын шинэчлэлийг том зургаар нь хийж, автобусны чиглэлийн төлөвлөлт, зорчих үнийн бодлого, богино эргэлтийн дунд оврын автобус явуулах зэргийг хэлэлцэж байна. Мэдээж, масс тээврийн хэрэгслийг орхигдуулж болохгүй. Энэ хүрээнд Сэлбэ, Дунд голын ай савыг түшиглээд тусгай эгнээгээр зорчдог автобус оруулж ирэх талаар судалж байгаа.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сэтгэгдэл үлдээх