Цэс Close

Ши Жиньпин гурав дахь удаагаа сонгогдож, дараагийн таван жил ажиллах багаа танилцууллаа

Бээжин хотноо долоо хоног үргэлжилсэн Хятадын Коммунист Намын ХХ их хурал өндөрлөж улмаар төрийн зөвлөлийн дарга Ши Жиньпин гурав дахь удаагаа таван жилээр намын даргаар ажиллахаар болжээ.

Өдгөө 69 настай Ши Жиньпин нь Хятадын удирдагч асан Мао Зедунаас хойших хамгийн хүчирхэг төрийн тэргүүн болж байгаа юм.

Хятадын төрийн ордонд хурсан 2000 орчим хүн бүтэн долоо хоногийн хугацаанд Ши Жиньпиний өнгөрсөн 10 жилийн ололт амжилт, ирэх таван жилийн хөгжлийн төлөвлөгөө зэргийг сонссоны дараа өнөөдөр түүнийг санал нэгтгэйгээр сонгожээ. Хаалттай хаалганы цаана болсон хурал "Интернэшнл" хэмээх цэргийн хамтлагийн тоглолтоор өндөрлөсөн юм. 

Ши Жиньпин ирэх таван жилийн хугацаанд улс орныг удирдах багийн бүрэлдэхүүнээ Бээжингийн ардын их хурлын ордны тусгайлан зассан тайзан дээр дагуулан гарч ирж, танилцуулжээ. ТЭрбээр багаа танилцуулах үедээ Ши Жиньпин “Хятадын хөгжил дэлхийг орхихгүй. Дэлхийн хөгжилд бас Хятад хэрэгтэй” гэжээ.

Түүний багт Шанхай хотын намын хорооны дарга Ли Чянь багтсан бөгөөд тэрбээр ирэх гуравдугаар сард тэтгэвэртээ гарах ерөнхий сайд Ли Көчянийг залгамжлах хүн гэдэг нь тодорхой болоод байгаа юм. Мөн өмнөх байнгын хорооноос үлдсэн Жао Лэжи, Ван Хунинь нараас гадна Цай Чи, Динь Шуэшянь, Ли Ши нарын шинэ хүмүүс ирэх таван жилийн хугацаанд Хятадыг удирдахаар болжээ.

Шинэ бүрэлдэхүүний бусад гишүүдийн хувьд Цай Чи намын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах бол Жао Лэжи бүх Хятадын ардын их хурлын даргын албыг хаших аж.

Ван Хунинь бүх Хятадын улс төрийн зөвлөлдөх зөвлөл буюу коммунист намын гаднах нөөцийг зохион байгуулах, намыг гаднаас нь дэмжих гол байгууллагын тэргүүн болжээ. Ли Шигийн хувьд авлигатай тэмцэх гол байгууллага намын сахилга, хяналтын төв хороог удирдахаар болсон байна. Насны хувьд Ши Жиньпин 69, Ли Чянь 63, Жао Лэжи 65, Ван Хунинь 67, Цай Чи 66, Динь Шуэшянь 60, Ли Ши 66 настай юм.

Өнөөдөр сонгогдсон Намын төв хороо нь маргааш анхны хурлаа хийж, Улс төрийн хорооны 25 хүнийг сонгож, долоон гишүүнтэй байнгын хороог шинээр бүрэлдүүлнэ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах