ШШГЕГ-т Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртээлээ
Орчин цагийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ШШГЕГ-ыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ.
Одонг УИХ-ын дарга Г.Занданшатар гардууллаа.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар: "УИХ хүний эрхийг хангах эрх зүйн орчинг олон улсын нийтлэг жишигт нийцүүлэн боловсронгуй болгох, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх хэмжээг зөв, оновчтой тогтоон бэхжүүлэх, алба хаагчийн тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх асуудлыг анхаарч байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагч, ажиллагсдыг төрийн албаны шинэ стандарт, хүний эрхийг хангах эрх зүй, шаардлагад нийцүүлэн мэргэшүүлэх, давтан сургах шаардлага гарч байна. Мөн гадаад орны ижил чиг үүрэг бүхий байгууллагын сайн туршлагыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, бие бүрэлдэхүүний өрсөлдөх чадварыг дэлхийн жишигт хүргэх талаар тодорхой арга хэмжээг хэрэгжүүлэх нь зүйтэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нийт бие бүрэлдэхүүн өргөсөн тангарагтаа үнэнч байж, үндэсний аюулгүй байдал, амар тайвны манаанд цуцалтгүй зогсож, хууль ёсоо дээдлэн, хүний эрхийг хүндэтгэн, төрийн албаны сахилга, ёс зүй, шударга ёсыг чанд баримтлан үйл ажиллагаагаа улам төгөлдөржүүлнэ гэдэгт итгэл төгс байна" хэмээв.
Сэтгэгдэл үлдээх