Цэс Close

"Шүүхийн шийдвэрээ биелүүлээд эмийн үйлдвэрийн газрыг хуулийн дагуу өмчлөгчид нь өгөх хэрэгтэй"

Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиникийн харъяа эмийн үйлдвэрийн газрыг дуудлага худалдаанд оруулж, дахин барилга барих талаар Хотын дарга Х.Нямбаатар мэдээлсэн. Ингэхдээ эмийн үйлдвэрийн газар нь одоог хүртэл нийслэлийн өмч хэвээр байгаа гэдгийг онцолсон.

Гэтэл энэхүү газрыг 2015 онд Улсын дээд шүүхээс “Нийслэлийн өмч хувьчлах комисс-т Менежментийн гэрээний үр дүнг үндэслэн өмч хувьчлах тогтоол гаргахыг даалган” шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл энэхүү газар нь Ж.Хатанбаатар ахлагчтай Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиникийн газар гэсэн үг. 

Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2008 оны 73 дугаар тогтоолоор “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийг менежментийн үр дүнг харгалзан хувьчлахаар шийдвэрлэж нээлттэй сонгон шалгаруулалт зарласан. Энэ шалгаруулалтын эцсийн дүнгээр Ж.Хатанбаатар ахлагчтай Менежментийн баг шалгарсан бөгөөд 2008-2011 онд 3 жилийн хугацаатай ажиллажээ. 2008-2011 онд буюу 3 жилийн хугацаанд нийтдээ нэг тэрбум 867 сая төгрөг хөрөнгө оруулалт хийж, гэрээний үр дүнг 2012.01.17-ны өдөр нийслэлийн өмч хувьчлах комисс хэлэлцэж “Хангалттай” гэж дүгнэж хувьчлалын үйл явц дууссан.

Хангалттай гэж дүгнэгдсэн тул гэрээ хаагдаж, Менежментийн багт өмчлөлийг шилжүүлэх ёстой байсан ч тухайн үеийн хотын удирдлагууд өмчлөлийг шилжүүлээгүй учраас шүүхэд ханджээ. Ингээд гурван шатны шүүхээр явсны эцэст 2015 онд Улсын дээд шүүхээс “Нийслэлийн өмч хувьчлах комисс-т Менежментийн гэрээний үр дүнг үндэслэн өмч хувьчлах тогтоол гаргахыг даалган” шийдвэрлэжээ.

10 жилийн өмнө энэ асуудал шүүхийн шатанд шийдэгдсэн бөгөөд Улсын Дээд шүүхээс 2015 онд эмийн үйлдвэрийн газрыг тус харъяалалд нь өгөх ёстой гэсэн шийдвэрийг гаргасан. Гэтэл шүүхийн энэ шийдвэр өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй бөгөөд одоо Х.Нямбаатар Засаг даргаас шүүхийн шийдвэрээ биелүүлээд энэхүү газрыг хуулийн дагуу өмчлөгчид нь өгөх хэрэгтэй гэдгийг онцолж байна. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах