Цэс Close

Эдийн засгийг тэлэх Танхимын хууль УИХ-аар хэлэлцэгдэнэ

Бизнес эрхлэгч, хувийн хэвшлийнхэн манай улсын ДНБ-ний 70 гаруй хувийг үйлдвэрлэж байна. Баялаг бүтээгчид  улс орныхоо эдийн засагт гол хувь нэмрээ оруулж, хөгжлийг авч явдаг. Гэвч бизнес эрхлэх, аж ахуй эрхлэх бизнесийн орчин тааруу хэвээр байна. Ялангуяа бизнесийн салбарын дийлэнх хувийг бүрдүүлдэг жижиг, дунд үйлдвэрлэл (ЖДҮ) эрхлэгчдийнхэнд энэ нь хүндээр тусч байна. Бизнес эрхлэгчдэд бизнесийн орчинг бүрдүүлэх нь юуны өмнө эрх зүйн орчин хэр байгаагаас шалтгаална.

Бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалдаг хөгжлийн гол байгууллага болох Монголын Худалдаа аж үйлдвэрийн үндэсний танхим нь өнөөг болтол аль 1995 онд батлагдсан хуучирсан хуультай. Нийгэм, эдийн засгийн шилжилтийн үед батлагдан уг  хууль  цаг үеийн шаардлагад нийцэхээргүй хуучирчээ.  Харин ч Танхим хуучин хуультай ч шинэ цагийн нөхцөл байдалдаа тааруулан, шинэлэг санаа санаачилгатай ажиллаж ирлээ. Ялангуяа МХАҮТ-ын үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд илт сэргэж, олон нийт, аж ахуй нэгжүүдэд нээлттэй үйл ажиллагаа явуулах болсон.  Иймээс Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай шинэчилсэн хуулийг боловсруулан, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн УИХ-д өргөн бариад байгаа юм. Дэлхийн бусад улс орнуудад танхим нь чухал үүрэгтэй байгууллага. Зарим оронд яамны статустай байдаг. Улсынхаа татварыг бүрдүүлэхэд чухал үүрэгтэй, аж ахуй нэгж, компаниуд нэгэн дээвэрт цугладаг газар бол танхим.

     Шинэчилсэн хууль батлагдан гарах нь  ач холбогдол ихтэй.  Зуны дээлтэй өвлийг барахтай адил хуучин хуультай хэдий болтол шинэ нөхцөл байдлыг давах билээ дээ.  Тиймээс ч Танхимын хууль нэн яаралтай батлах жагсаалтад багтаад байгаа хууль юм.

Хуулийн шинэчлэл хийснээр Худалдаа аж үйлдвэрийн танхимын нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх, хувийн хэвшлүүдийн асуудлыг шийдвэрлэх боломж илүү өргөн болно. Тухайлбал, танхимаас бизнес, жижиг дунд үйлдвэрийг чадавхжуулах, дэмжих үйл ажиллагааны цар хүрээ, хүртээмжийг өсгөх  юм. Монголын ачааг нуруун дээрээ үүрч яваа хувийн хэвшил, том, жижиг компаниуд Танхим хэмээх дээвэрт дор нэгддэг.

Өмнө нь үндэсний танхим дээрээ компаниуд нь гишүүнчлэлтэй байгаад танхимын дэргэд салбар зөвлөлүүдтэйгээр үйл ажиллагаа явуулж ирсэн.   Одоогийн өөрчлөлт нь бизнесийн салбарууд нэгдэж, тэр нэгдэл  нь үндэсний танхимаа бий болгодог болох. Ингэж танхим нь бизнесийн голлох чиглэлээр салбар танхимуудтай болсноор салбар танхимуудад төрийн зарим чиг үүрэг шилжиж, төрийн байгууллагуудтай хамтран ажиллах бололцоо илүү их бүрдэх юм.

Төрөөс эдийн засгийг тэлэх, иргэдийнхээ амьдралыг сайжруулахын тулд юуны түрүүнд бизнесийн эрх зүйн орчинг өөрчлөх реформын шинэчлэлт авчрах Худалдаа, аж үйлдвэрийн шинэчилсэн хуулийг  анхаарлын гадуур үлдээж болохгүй юм. Энэ улсын ачааг нуруун дээрээ үүрч буй баялаг бүтээгчдийн эрх гэж ер нь байдаг болов уу. Үүрэг, ачааг нь нэмэхээс илүү хөжиж дэвших, үйл ажиллагаагаа явуулах боломжоор нь хангах тал дээр анхаараасай билээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах