Элчин сайд С.Сүхболд итгэмжлэх жуух бичгээ БНСУ-ын Ерөнхийлөгчид өргөн барив
Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сүхээгийн Сүхболд Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Юн Сог Ёль-д 2024 оны аравдугаар сарын 28-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.
Ерөнхийлөгч Юн Сог Ёль Элчин сайд С.Сүхболдыг энэ өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан Гэгээн ширээт, Парагвай, Бахрейн зэрэг улсын Элчин сайд нарын хамтаар хүлээн авч, товч уулзан ажлын өндөр амжилт хүссэн юм.
Элчин сайд С.Сүхболд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгч Юн Сог Ёль-д уламжилж, ирэх онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд Ерөнхийлөгч Юн Сог Ёль-ийг Монгол Улсад айлчлахыг урьсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгатайг дахин нотолж, айлчлалыг хэрэгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлэв.
Эх сурвалж: БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яам
Сэтгэгдэл үлдээх