Цэс Close

Энэтхэг Хятадын өнөөдрийг харьцуулахад

Дэлхийн бүх хүн амын бараг 40 шахам хувийг эзэлдэг ердөө хоёрхон орон нь Азийн “Луу”, “Заан” хэмээгдэх Хятад, Энэтхэг билээ. 

    Өнөөдөр хамгийн их хүнтэй Хятад 56 үндэстэн угсаатнаас бүрдсэн нэг  тэрбум 441 сая хүнтэй байхад том,  жижиг нийлсэн 2000 ястан үндэстэн, нэг  тэрбум 385 сая хүн Энэтхэгт амьдарч байна.

     Маш эртний соёл иргэншилт энэхүү хоёр улс хүн төрөлхтөний хөгжил дэвшилд үнэт хувь нэмэр, гүн гүнзгий ул мөрөө үлдээсэн төдийгүй ядуурал өлсгөлөнд нэрвэгдэж сая, сая хүн амиа алдсан хүнд хэцүү он жилүүдийг мөн л “хоёулаа” цаг хугацааны өөр өөр үед туулсан билээ.  

   Асар их хүнтэй, хуучин өв соёл, зан заншлаа хадгалсаар байгаа Азийн “ Луу- Хятад”,  Азийн “Заан- Энэтхэг” хоёрын өнөөдрийн байдал, хүн амын амжиргааны түвшин, эдийн засаг, ядуурал, нийгмийн хөгжил дэвшлийг харьцуулан мэдэх гэдэг эрдэмтэн судлаачдад бүү хэл, эгэл жирийн бидэнд ч гэсэн тун чиг сонирхолтой.     

  Одоогоос хэдэн арван жилийн өмнө, хамгийн хямд бараа бүтээгдэхүүнийг Хятад улс маш ихээр үйдвэрлэж байхад, Энэтхэг ч  ялгаагүй төсөрхөн үнэтэй, хэврэгхэн гар урлал, тод өнгөлөг бүс бараагаа дэлхийн зах зээлд ихээр нийлүүлж байлаа.

Тэгвэл зөвхөн сүүлийн 20 жилийг авч үзвэл, Хятад, Энэтхэг улсын аль аль нь эдийн засгийн дотоод бодлогодоо эрс өөрчлөлт хийж, гадны хөрөнгө оруулалт, олон улсын зах зээл дээр ихээхэн туршлагатай болсон нь улс орныхоо эдийн засгийн өсөлтийг тогвортой барьж чадсан байна.

OECD буюу Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага болон бусад мэдээллээс үзэхэд:

Хятад улс сүүлийн 20 жилийн дотор хямд бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлээс - орчин үеийн нарийн технологи, техникийн бараа бүтээгдэхүүн, эд ангийг үйлдвэрлэгч, нийлүүлэгч дэлхийн дөрвөн том улсын нэг болж хувирчээ.

  Үүгээр зогсохгүй гадаадын хөрөнгө оруулагчдын хамгийн эрэлт ихтэй, сонголт хийдэг хамгийн эхний хоёр орны нэгэнд Хятад улс орсон аж.

Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн дундаж бараг 10 хувь  хүртэл өсөж, нийт хүн амын орлого байнга тогтвортойгоор  дээшилж “ядуурлыг” огцом бууруулж чадсан байна.

Энэтхэг улсын өнгөрсөн 20 жилийг Хятадтай харьцуулж үзвэл:

Энэтхэгийн дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн өсөлт дундажаар 6 хувь  хүрч байсан хэдий ч сүүлийн хэдхэн жилийн дотор 8.6 хувь хүртэл өссөн амжилт гарсан  билээ.

  Энэтхэг нь олон улсын зах зээл дээр бараа бүтээгдэхүүнээ гаргаад зогсолгүй хүн, ажиллах хүчээ маш ихээхэн хэмжээгээр гаргаж чадсан өөрийн өвөрмөц онцлогтой улс юм.

   Англи хэлний  давуу талаа түшиглэсэн энэтхэгчүүд хүнийхээ нөөцийг  чадварлаг ашиглан IT, компьютер программын чиглэлээр төрөлжүүлэн сургасан мянга мянган мэргэжилтэн, ажилчдаа олон улсын технологи мэдээллийн ихэнх  салбаруудад түрэн оруулж ажиллуулж чадсан байна.

Өнөөдөр Хятад улс нь   өөрийнхөө дотоодын  зах зээл дээр ихэд анхаарч томоохон хөрөнгө оруулалтыг зоригтой хийхийн зэрэгцээ орон нутгийн салбаруудад шинэ техник, технологи нэвтэрүүлж өргөжүүлэхийг дэмжихэд мөн хөрөнгө мөнгө хаяж байгаа юм.

Энэтхэгийн бас нэгэн давуу тал нь санхүүгийн зах зээл дээрээ илүү анхаарч, ажиллах хүч, хөдөлмөрийн нөхцөлийн гэрээ дээрээ илүү сайн журам дүрэмтэй.

Жишээ нь:  Аль нэгэн гадаадын компаниудтай гэрээ хэлэлцээр хийхдээ хоёр талынхаа хууль дүрмийг чамбай сайтар cудалж тусгадаг. Тиймээс зах зээл дээр гаргах, худалдаа бизнесийн явцын дунд аль нэг талдаа алдагдал, хохирол учруулах, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг зогсоох, их бага хэмжээний төвөг хохирол учруулах асуудал гаргадаггүй давуутай.  

   Америк тэргүүтэй бусад орны шинжээчид Азийн энэхүү хоёр том гүрний дэлхийн шинжлэх ухаанд төдийгүй ямар ямар салбарт хэр хувь нэмэр оруулж байгааг тодорхойлсныг харахад:

Хятад улс биологи, Хятдын уламжлалт анагаах ухаан, ардын эм зүй, нанотехнологи, сансар судлал, эрчим хүч, цэвэр технологийн салбаруудад илүү давамгайлаж байхад Энэтхэгийн хувьд бараа гаргах, зарим бүтээгдэхүүнд загвар хийх, эмийн үйлдвэрлэл, нисэх онгоц, авто машины эд ангиудыг ханган нийлүүлэх, үйлдвэрлэх тал дээр төрөлжин хөгжсөн байна.

   Азийн “Луу- Заан” хоёрын өнөөдрийн эдийн засгийн өсөлт дэвшил, техник технологи шинжлэх ухааны салбаруудад үйлдвэрлэлээ гүнзгий явуулж байгаа нь ирээдүйдээ улс орондоо үсрэнгүй алхам шинэ нээлтийн үндэс суурь болж байгааг гадаадын судлаачид онцолжээ. Боловсролын системээ улам боловсронгуй болгох бодлого явуулж шинжлэх ухааны салбаруудыг хөгжүүлж байгаа нь Хятад, Энэтхэг хоёр улсын эдийн засаг  улам өргөжин тэлэхэд нөлөөлж  байгаа юм.   

                                                                        Д. Аззаяа  

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах