Цэс Close

"Эрдэнэс силвер ресурс" ХХК-ийн салхитын уурхайн хаалтын төлөвлөгөө боловсруулах жишиг төслийн мэдээ

КАНАДЫН ХАЙГУУЛЧ, ОЛБОРЛОГЧДЫН ХОЛБООНЫ PDAC-2023 ЧУУЛГА УУЛЗАЛТАД MERIT ТӨСЛИЙН ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦЛОО
Канадын хайгуулч, олборлогчдын холбооны PDAC-2023 чуулган Канад улсын Онтарио мужийн Торонто хотноо гуравдугаар сарын 5-8- ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Чуулга уулзалтад Канад улсад төвтэй Catalyste+ байгууллагын Монгол улсыг хариуцсан суурин төлөөлөгч Женнифер Адамс MERIT төслийг төлөөлөн оролцов. Тэрбээр Эрдэс баялгийн хайгуул, олборлолтын Засгийн газар хоорондын чуулга уулзалтын Жендэрийн нөлөөллийн үнэлгээний хэлэлцүүлэгт илтгэл тавьж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам (УУХҮЯ)-аас салбарын хэмжээнд жендэрийн нөлөөллийн үнэлгээ, бодлогын талаар хийж буй онцлох ажлуудыг танилцууллаа.
Зураг 1. MERIT төслийн суурин төлөөлөгч Женнифер Адамс (баруун гар талаас хоёр дахь) Эрдэс баялгийн хайгуул, олборлолтын Засгийн газар хоорондын чуулга уулзалтын Жендэрийн нөлөөллийн үнэлгээний панел хэлэлцүүлэгт оролцов. Гэрэл зургийг IGFMining хуудаснаас авч ашиглав.
Чуулганы үеэр Салхитын уурхайн Хаалтын менежментийн төлөвлөгөө боловсруулах жишиг төслийн талаар УУХҮЯ-ны удирдлагад товч танилцуулж, хариуцлагатай уул уурхайн талаар санал солилцлоо. PDAC-2023 чуулганд Монгол улсаас УУХҮЯ, Ашигт малтмал, газрын тосны газар, “Эрдэнэс Монгол” ХХК, “Эрдэнэс зэс” ХХК-ийн төлөөлөл бүхий өргөн бүрэлдэхүүнээр оролцсон юм.

Хариуцлагатай уул уурхай энэ жилийн чуулганы гол сэдэв байлаа. Салхитын уурхайн Хаалтын менежментийн төлөвлөгөө боловсруулах жишиг төслийн уул уурхайн салбарын эрх зүйн зохицуулалтыг шинэчлэн сайжруулахад оруулж буй хувь нэмрийг цохон тэмдэглэв. Гол санааг хураангуйлвал:

  • MERIT төсөл уурхайн амьдралын мөчлөгийн бүх үе шатанд хайгуулаас эхлэн нөхөн сэргээх хүртэлх үйл ажиллагааны хэрэгжилт, үр ашгийн төлөөх хамтын үүрэг хариуцлагыг дэмжин ажилладаг. Салхитын уурхайн Хаалтын менежментийн төлөвлөгөө боловсруулах жишиг төсөл нь салбарын хууль, эрхзүйн зохицуулалтыг сайжруулахад ахиц дэвшил авчрах MERIT төслийн томоохон санаачилга юм.
  • Жишиг төслийн хүрээг Олон Улсын Уул Уурхай, Металлын Зөвлөлөөс эрхлэн гаргасан “Уурхайн хаалтын нэгдсэн удирдамж” (2019) гарын авлага, Канад улсын сайн туршлагаас тусган тодорхойлсон.
  • Канадын техникийн зөвлөхүүд чадавх бэхжүүлэх сургалт үе шаттай явуулснаар төслийн үндэсний зөвлөхүүдийн мэдлэг чадварыг дээшлүүлээд зогсохгүй ашигт малтмалын ашиглалтад хяналт тавих Монголын төрийн байгууллагуудын чадамж нэмэгдэнэ. Чадавх бэхжүүлснээр цаашид уул уурхайн төслүүд шинжлэх ухааны үндэслэлтэй, техникийн оновчтой шийдэлтэйгээр хэрэгжихэд үлэмж тустай.
  • ТЭЗҮ боловсруулахаас эхлээд төслийн бүх үе шатанд гол оролцогч талуудыг татан оролцуулах нь талуудын хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, зөвшилцлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой. Мөн орон нутгийн иргэдийн сэтгэл зовнисон асуудал, хүлээлтийг уул уурхайн компанид ойлгуулдаг давуу талтай.
  • Уурхайн хаалтын төлөвлөгөөний явцын талаар орон нутгийн ард иргэд, малчдад мэдээлэл өгөх зорилгоор нээлттэй хаалганы өдөрлөгүүдийг нарийн төлөвлөж, зохион байгуулсан. Ингэснээр олборлогч компани нутгийн иргэдийн харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлж, төсөл амжилттай хэрэгжих бас нэгэн хүчин зүйл болов.
  • Уурхайн хаалтын төлөвлөгөөг ТЭЗҮ боловсруулах үйл явцад тусгаснаар уул уурхайн компаниуд хаалтын өртөг зардлыг хуульд заасны дагуу төсөвлөж, төлөвлөх нөхцлийг бүрдүүлдэг.
  • Эрх зүйн зохицуулалтыг илүү тодорхой болгож, стандартчилснаар хайгуул, бүтээн байгуулалт, олборлох үйл ажиллагаанд хамаарах зохицуулалтын эрсдэлийг бууруулна. Оролцогч талуудын оролцоо, хамтын ажиллагааны ил тод, шударга байдал нь олборлох үйл ажиллагаа явагдаж буй орон нутагт хууль ёсоор үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлнэ.
  • Монгол улс уул уурхайн хөрөнгө оруулагчид, ханган нийлүүлэгчдэд боломж олгож буй. Салхитын уурхайн Хаалтын менежментийн төлөвлөгөө боловсруулах жишиг төсөл нь уул уурхайн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах, хайгуулын үр ашгийг нэмэгдүүлэх, хууль эрхзүйн зохицуулалтыг орчин үеийн жишигт нийцүүлэх Засгийн Газрын тэргүүлэх зорилтод түлхэц болж буйг илтгэж байна.
САЛХИТЫН УУРХАЙН ХААЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ ЖИШИГ ТӨСЛИЙН ЯВЦЫН СУРГАМЖ, ДҮГНЭЛТ
Жишиг төслийг олон улсын төслийн менежментийн суурь зарчмуудын дагуу хэрэгжүүлж байгаа билээ. Салхитын уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөөг боловсруулж, бодлого гаргагчдад хүргүүлэх төлөвлөлтийн багийн үндсэн зорилгод нийцүүлэн шаардлагатай нэмэлт өөрчлөлтүүдийг оруулан ажиллаж байна.

Төслийг үр дүнтэй удирдах нэг хүчин зүйл бол олж авсан туршлага, сургамжаа баримтжуулах, цаашдын ажилд тусгах явдал юм. MERIT төслийн баг жишиг төслийн явцыг үнэлж, амжилт ололт, сорилт бэрхшээл, сайжруулах асуудлуудыг тодорхойлох дүн шижилгээ үе шаттай хийдэг.

Зарим ажиглалт дүгнэлтийг хуваалцъя.

  • Төслийн менежер: Олон улсын туршлагаас харахад цар хүрээ томтой төслүүдэд төслийн менежерийн үүрэг хариуцлага нэн чухал. Жишиг төслийг хэрэгжүүлэхэд төслийн менежерийг томилсон нь зөв зүйтэй шийдвэр болсон юм. Төслийн менежер төслийн бүхий л үйл ажиллагааг зохицуулахаас гадна үндэсний зөвлөхүүд, MERIT төслийн баг болон олон улсын зөвлөхүүдийн уялдаа холбоог зангидан ажиллаж байна. Түүнчлэн, төслийг хуваарийн дагуу үр дүнтэй хэрэгжүүлэхэд зөвлөхүүдтэй хамтран ажиллаж, дотоод гадаад зөвлөхүүдийн техникийн хяналтыг зохицуулж, сургалт зөвлөгөөнийг төлөвлөн, үр дүнг нь баримтжуулж, шаардлагатай тохиолдолд асуудлыг MERIT төслийн удирдлагад уламжлан шийдвэрлүүлдэг.
  • Явцын хяналт: Хаалтын төлөвлөгөөний бүлэг боловсруулах, хяналтын уншлага хийх, төслийн гишүүдийн харилцаа, холбоог удирдах зэрэг ажлыг төслийн эхэн үеэс бий болгох нь зүйтэй. Эдгээр үйл явцыг баримтжуулж, төслийн багт тодорхой мэдээлэх, үйл явцын мэдээллийг тогтмол хүргэж, үл ойлголцол гарвал чиглүүлэн туслах.
  • Баг доторх харилцаа: Зөвлөх багуудтай тогтмол харилцаж, мэдээлэл солилцох нь чухал. Хамтарсан төлөвлөгөө боловсруулахын тулд техникийн зөвлөх  бүр бусад мэргэжилтний бичиж буй бүлгүүдийн талаар мэдээлэлтэй байж,  агуулгыг ойлгох хэрэгтэй.
  • Чадавх бэхжүүлэх-Өөрчлөлтийн түүчээ: Чадавх бэхжүүлэх цуврал сургалт, хэлэлцүүлэг жишиг төслийн нэг бүрэлдэхүүн хэсэг болж, өнөөгийн байдлаар “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн мэргэжилтнүүд болон үндэсний зөвлөхүүд хамрагдаж байна.  Монголын уул уурхайн салбарт томоохон өөрчлөлт шинэчлэл авчрахын тулд үндэсний хэмжээнд зорьж буй өөрчлөлтөд нийцүүлэн тухайн салбар, Засгийн Газар, зөвлөхүүдийн чадавхыг бэхжүүлэх цогц стратеги шаарддаг. Энэ нь хууль тогтоомжийн өөрчлөлтөөс илүү хурдан эерэг үр дүн авчрах боломжтой.
  • Олон нийтийн оролцоо, хамтын ажиллагаа: Олон нийтийн оролцоог хангах ажлыг эртнээс нарийвчлан төлөвлөх хэрэгтэй. Танилцуулга, тараах материал энгийн ойлгомжтой байх. Оролцогчдын санал сэтгэгдлийг авч, дараагийн үйл ажиллагаан дээр хэрхэн тусгаж ажилласнаа тайлагнаж, уурхайн хаалтад тэдний байр суурийг тусгах нэн чухал.
  • Төслийн туршид бидний тэмдэглэсэн онцлох ажлуудын цөөн хэсгийг энэ удаа хуваалцлаа. Жишиг төслийн хэрэгжилттэй холбоотой нэмэлт мэдээлэл, санал зөвлөмжийг хураангуйлж, төслийн төгсгөлд танилцуулна.
ХААЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ҮЙЛ ЯВЦ
Хаалт нөхөн сэргээлтийн өртөг зардлын тооцоолол
Гуравдугаар сарын 1, 16-ны өдрүүдэд өртөг зардал тооцоолох хоёр, гурав дахь удаагийн хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт төлөвлөлтийн багийн мэргэжилтнүүд болон “Эрдэнэс Силвер Ресурс” ХХКийн санхүүгийн баг оролцов. Зардал тооцоолох багийн гаргасан удирдамж, загварын дагуу мэргэжилтнүүд газар хэлбэршүүлэлт, нөхөн сэргээлт, дэд бүтцийг татан буулгах, байгалийн унаган төрхөд нийцүүлэн нөхөн сэргээхэд шаардагдах өртөг зардал, хуваарийг гаргахаар ажиллаж байна. “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн санхүүгийн алба хаалтын өртөг зардал тооцоолох ажлын бүх үе шатанд оролцож, зардал тооцоолох зөвлөх багтай нягт хамтран ажиллаж байна. Хаалтын зардал тооцоолох нэмэлт хэлэлцүүлэг зохион байгуулж, нарийвчилсан төлөвлөгөөг дөрөвдүгээр сарын сүүл гэхэд эцэслэн гаргаж, “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-д танилцуулан батлуулахаар төлөвлөж буй.
Зураг 2. Хаалт, нөхөн сэргээлтийн өртөг, зардал тооцоолох 3 дахь удаагийн хэлэлцүүлэг
Хаалтын хяналт-шинжилгээний хүрээ, шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлох хэлэлцүүлэг: 
Хаалтын хяналт-шинжилгээний хүрээг тодорхойлох дөрөвдүгээр хэлэлцүүлэг гуравдугаар сарын 2-нд болж, хяналт-шинжилгээний хүрээ (ХШХ)-ний шинэчилсэн хувилбарыг танилцуулж, тодруулах, нягтлах шаардлагатай шалгуур үзүүлэлтүүдийг багаараа хэлэлцэж, зөвлөлдлөө.

Уурхайн хаалтын төлөвлөгөөнд хаалтын үйл ажиллагааг чиглүүлэх, хэрэгжилтийг үнэлэх зорилгоор нөхөн сэргээлтийн төлөвлөлт, хяналт-шинжилгээний нарийвчилсан мэдээллийг тусгасан зорилго, зорилт, шалгуур, шалгуур үзүүлэлт бүхий хаалтын хяналт шинжилгээний хүрээг тодорхойлох шаардлагатай байдаг. Зурагт ХШХ-ний хүрээний зохион байгуулалт, уялдаа холбоог харуулав.

Хяналт-шинжилгээний хүрээг дөрөвдүгээр сард эцэслэн гаргана.

Зураг 3. Салхитын уурхайн Хаалтын менежментийн төлөвлөгөөнд ашигласан хаалтын хяналт-шинжилгээний хүрээний эрэмбэ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах