“Эрдэнэс Тавантолгой” ХК Бортээгийн хэсэгт менежмент хийж, үндэсний компаниуд олборлолт явуулна

Тавантолгойн бүлэг ордын нэг Бортээгийн хэсэгт олон улсын тендер зарласан ч шалгуур хангах аж ахуйн нэгж байгаагүй тул “Эрдэнэс Тавантолгой” ХК менежмент хийж, үндэсний компаниуд хамтран олборлолт явуулж, нүүрс экспортлохыг Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр мэдэгдлээ.
Тэрбээр Тавантолгой бүлэг ордын ашиглагдаагүй, Бортээг хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулахаар олон улсын сонгон шалгаруулалт явуулсан дүнг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулсан юм.
Бортээг хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхолтой дотоод, гадаадын аж ахуйн нэгжээс санал авах сонгон шалгаруулалтыг энэ оны хоёрдугаар сард олон улсад нээлттэй зарласан билээ.
Засгийн газар төслийн хугацаанд Монголын талд ногдох өгөөжийг 51 хувиас багасгахгүй зарчим баримталсныг сайд Ж.Энхбаяр онцолсон.
Хөрөнгө оруулж, хамтран ажиллах хүсэлтэй дотоод, гадаадын долоон аж ахуйн нэгж, консорциум материал ирүүлжээ. “Хөрөнгө оруулагчдын материал, нэмэлт тодруулга, мэдээллийг харьцуулахад 700-гаас дээш оноо авсан оролцогч байгаагүй, хэлэлцээрт урих түвшний материал, санал ирүүлсэн оролцогч байхгүй” гэж ажлын хэсэг дүгнэжээ.
Сэтгэгдэл үлдээх