Эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулахаар Азийн хөгжлийн банктай 82.2 сая ам.долларын санхүүжилтийн зээлийн хэлэлцээрийг хийжээ
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд 82.2 сая ам.долларын санхүүжилттэй "Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн 2 дах зээлийн хэлэлцээрт Сангийн сайд Б.Жавхлан, АХБ-ны Суурин төлөөлөгч Шаннон Көүлин нар гарын үсэг зурлаа.
Тус төслийн зорилго нь эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг чанаржуулах, аймаг, дүүргийн эмнэлгийн үйлчилгээг сайжруулах, эрүүл мэндийн салбарын худалдан авах ажиллагаа болон санхүүгийн удирдлагын чадавхыг нэмэгдүүлэх юм.
Энэхүү эх үүсвэрээр дараах ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Үүнд:
- Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт 200 ортой нэгдсэн эмнэлэг барьж, тоног төхөөрөмжөөр хангах,
- Ховд аймагт 200 ортой бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн өргөтгөлийг ашиглалтад оруулж, тоног төхөөрөмжөөр хангах,
- 15 хүнд үйлчлэх хүчин чадалтай 7 дүүргийн болон сумын эрүүл мэндийн төвийг барьж, бүрэн тоног төхөөрөмжөөр хангах,
- Эмнэлгийн тусламж үйлчилгээний санхүүжилтийг сайжруулж, худалдан авах ажиллагаа, санхүүгийн болон эрсдэлийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх юм.
Сэтгэгдэл үлдээх