Цэс Close

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах үндэслэл

Манай улс дөрвөн жилийн өмнө Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ бол 2000 оноос хойш яригдсан 19 жилийн дараах өөрчлөлт байв. Ингэж удаан хугацаанд ярьж хийсэн ч энэ нь бүрэн гүйцэд өөрчлөлт болж чадаагүй. Сонгуулийн тогтолцоог тодорхой тусгах, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, сонгодог парламентын тогтолцоог бий болгох зэрэг томоохон өөрчлөлтүүдээ хийж чадалгүй баталсан. Тиймээс өнөөдөр Үндсэн хуульдаа дахин өөрчлөлт оруулах шаадлагатай талаар яриад сууцгааж байна. Яриад зогсохгүй ажлаа эхлүүлж иргэдийн дунд санал асуулга явуулахаар Зөвлөлдөх зөвлөлийг 11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. 2019 онд яг энэ процессоор эхлүүлэн Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулж байлаа. Мөн төрийн бүх институци, улс төрийн намууд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэдэгт санал дээр нэгдээд байна. Тухайлбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх он солигдох мөчид хэлсэн үгэндээ” Ардчилсан ололт, амжилтаа бататгана гэдэг бол алдаа, оноогоо байнга засаж, шинэчлэн сайжруулж байдаг тасралтгүй хөгжлийн үйл явц юм. Бидний сонгож авсан парламентын ардчилсан засаглал бол манай улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, хөгжил дэвшлийн баталгаа мөн. Иймээс улс орныхоо өмнө тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэхэд парламентын засаглалыг улам боловсронгуй болгох шаардлага зүй ёсоор тавигдаж байна” гэсэн юм. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэдхэн хоногийн өмнө Төрийн ордонд болсон хэлэлцүүлэгт оролцохдоо “Монгол Улс түүхэндээ дөрвөн удаа Үндсэн хуулиа шинэчлэн баталсан. Бүгд үүргээ гүйцэтгэсэн. Одоо бидэнд гурван арга зам байна. Нэгдүгээрт, шинэ Үндсэн хуулийг ард нийтийн санал асуулгад тулгуурлаж батлах, хоёрдугаарт, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, гуравдугаарт, одоо байгаа эрх зүйн зохицуулалтад тулгуурлаж тулгамдаж буй асуудлаа шийдэх арга зам байна” гэсэн юм. Гурван арга замынх нь хоёр нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай байв.
Ийнхүү эрх баригчдын Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах санал санаачилгыг судлаачид ч дэмжиж эхэллээ. Тухайлбал, Ардын их хурлын депутат асан, Үндсэн хууль судлаач, иргэн Д.Ламжав "Одоо Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гээд нийгмийн анхаарлыг энэ зүгт хандуулж өмнө нь гарсан үл бүтэх асуудлуудыг мартуулж гэмт хэрэгтнүүдийг хариуцлагаас мултлах вий гэж болгоомжилж байна. Гэхдээ хоёрын хооронд өөрчлөлт битгий хийгээсэй гэж хүсэж байна. Үндсэн хуулийг шинэчлэн найруулах хэрэгтэй гэж бодож байна. Ингэхийн тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг хүчингүй болгох хэрэгтэй. Ингэж байж зам нээгдэнэ. Зоригтой байж дорвитойхон өөрчлөлт хийгээд нэр төртэй хоцрох хэрэгтэй байна" гэсэн юм. Энэ бүхнээс үзвэл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нийгмийн тохироо хэдийнэ бүрджээ. Тодруулбал, эрх баригчид Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хүсэж, түүнийг нь судлаачид, иргэд олон нийт хүлээх авахад бэлэн нийгмийн уур амьсгал бүрдчихсэн байна гэсэн үг.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл, бодит хэд хэдэн шаардлага бий.

Нэгдүгээрт, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх. 1992 онд шинэ Үндсэн хуулиа батлахад манай улс хоёр сая гаруйхан хүн амтай байлаа. Хүн амынхаа тоонд уялдуулан парламентынхаа гишүүдийн тоог 76 байхаар хуульчилж байв. Харин одоо Монгол Улсын хүн ам 3.4 саяд хүрсэн. Төвлөрөл ч нэмэгдэж нийт хүн амын 50 хувь нь нийслэл Улаанбаатар хотдоо амьдарч байна. Үүнтэй холбоотойгоор парламент дахь төлөөллийн зарчим ч алдагдсан. Манай улстай ойролцоо хүн амтай улс орнуудын парламент 100-150 гишүүнтэй байна. Гэтэл манай улс 30 жилийн өмнөх тооцооллоороо байсаар байгаа нь төлөөллийн ардчиллын зарчим алдагдсаны илэрхийлэл юм.

Хоёрдугаарт, олон улсын жишигт нийцсэн хоёр танхимтай парламенттай болох. Парламентын засаглалтай ихэнх улс орнууд дээд, доод гэсэн хоёр танхимтай, Ерөнхий сайд нь парламентаа тараах бүрэн эрх, Ерөнхийлөгч нь төрийн тэргүүн гэсэн бэлэгдлийн шинжтэй, гүйцэтгэх эрх мэдэлгүй байдаг. Үүнийг олон улсад сонгодог парламентын тогтолцоо гэж үздэг. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлж, Ерөнхийлөгчийн тодорхой бүрэн эрхүүдийг хязгаарласан ч амьдрал дээр бодитой үр дүн авч ирэхгүй байна. Тиймээс хагас парламентын, хагас Ерөнхийлөгчийн засаглалтай мэт, өөх ч биш булчирхай ч биш энэ тогтолцооноосоо салж жинхэнэ утгаараа сонгодог парламентын засаглалтай болох хэрэгтэй гэдгийг судлаачид хэлэх боллоо.

Гуравдугаарт, сонгуулийнхаа тогтолцоог Үндсэн хуульдаа тодорхой тусгах. 2019 онд “УИХ-ын сонгуулийн тогтолцоо нь холимог байна” гэсэн агуулга бүхий заалтыг Үндсэн хуульдаа оруулахаар төлөвлөж байсан ч эцсийн мөчид дэмжигдээгүй. Дэмжигдээгүй гэхээсээ илүү эрх баригч болон сөрөг хүчинд ингэж шийдэх улс төрийн зориг байгаагүй. Улстөрчид улс орны хөгжил, төсвийн нэгдсэн бодлого гэхээсээ илүү өөрсдөө дахин сонгогдох хүсэлдээ хөтлөгдөн тойргоос сонгогдох сонгуулийн тогтолцоог хуульчилсаар ирсэн. Тиймээс одоо дутуугаа гүйцээж Үндсэн хуульдаа сонгуулийн тогтолцоог тодорхой тусгаж өгөх шаардлагатай. Энэ мэтээр дурдаад байвал Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах цаашлаад шинэчлэн найруулж батлах бодит шаардлага, үндэслэл олон байна.

Б.НОМИН

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах