Гаванагийн дэлгүүр
Гаванагийн нисэх онгоцны жижигхэн буудалд хөл тавиад л автомашины дугуй, хүүхдийн тэрэг, тоглоом, хавтгай дэлгэцтэй зурагт, хоол хүнс, угаалгын саван зэргийг хайрцаглаж гялгар уутаар битүү ороосон бөөн ачаа бараа дунд орчих нь тэр. Кубын “ганзагын наймаачид” бужигнан гүйлдэж ачаагаа зөөх нь зүйрлэж хэлвэл зөгийн үүр үймэх мэт бас л содон зураг юм. 10 кг ачааны зөвшөөрөлтөй кубачууд 20 кг тээштэй байх нь энд бичигдээгүй хууль. Сүүлийн таван жилд зөвхөн Америкаас хоёр тэрбум ам.долларын бүтээгдэхүүн эх орондоо авчирчээ, кубачууд. Энэ тооноос 11.1 сая хүн амтай улсын далайц мэдэгдэнэ.
Олон хөлийн газарт, ямар хүн угтаж байгааг мэдэхгүй учраас хүлээж зогслоо. Тэгж байтал гандаж хүрэнтсэн царайтай, цав цагаан сахал, үстэй, чийрэг биетэй, хижээл эр биднийг чиглээд их л яарангуй алхаж ирэв. Хөх өнгийн фломастараар палийтал нь “Диего” гээд биччихсэн цаас өмнөө барьчихаж. Угтаа бол ирж буй биднийхээ нэрийг бичээд тосох атал, мань Диего өөрийнхөө нэрийг бичсэн нь аяллын маань энгийн хэрнээ мартагдахааргүй хөгжилтэй зураг. Ази хүн ховор тул биднийг олох амархан байсан л даа. Хуучин цагаан даавуун цамцаа цэмбийтэл угааж, толийтол индүүдсэн энэ эр миний сэтгэлдээ төсөөлсөн “Өвгөн тэнгис хоёр” зохиолын өвгөн далайчин Сантьяготой дэндүү адилхан санагдав. Диего испани, англи хольж айхавтар хурдан ярьсаар биднийг дагуулан нисэхийн машины зогсоол руу яаравчиллаа. Онгоцны буудлын гадаах зогсоолд Зөвлөлтийн үед үйлдвэрлэж байсан "Лада","69”, "Москвич" паркласан байх нь содон, сонин гэж.
Хуучны кинонд хаа нэгхэн үзэгддэг 1957 оны“Chevy Bel Air” хэмээх цагаан эмжээр, дээвэртэй дээр үеийн загварын номин өнгөтөй сунайсан урт “таксинд” сууж аваад хуучин Гавана хотын зүг салхи татуулан давхилаа. Карибын тэнгисийн умард хэсгийн үзэсгэлэнт арлын орон Куба 1902 -1959 онуудад эдийн засгаа жинхэнэ утгаар нь цэцэглүүлж байсан нь алхам тутамд мэдэгдэх аж. Гавана хотын өндөр сүрлэг үнэт чулуун барилгууд аль хэдийнэ хуучирч элэгдсэн ч архитектурын холимог хээнцэр хэв маягаараа хараа булаана. Мэргэжлийн өндөр түвшинд, чанар чансаатай баригдсан хуучны барилгуудыг сонжиж, нууцлаг сайхныг нь бахадсан шигээ Гаванагийн гудамжаар сүнгэнүүлэхийн бахтай гоёыг зүйрлэх юм биш.
Кубын ганзагын наймаачид сүүлийн таван жилд зөвхөн Америкаас хоёр тэрбум ам.долларын бараа зөөжээ
Хуучин Гавана хотын нарийхан гудам дундуур явсаар алдарт Обиспо гудамжинд тулав. Машин явдаггүй тул буудаллах байрандаа алхаж очлоо. Халуун наранд алхаж ирсэн бидэнд хуучны өндөр тааз, гантиг чулуун шал, сэрүү татаад сайхан гэж. Гудамжны эсрэг талын “Кафе Парис”- аас эгшиглэх аялгуу хавь орчинд хөг нэмнэ. Испани гитарын уянгалаг аяс, Африкийн бөмбөрийн эрчтэй хөгийг хослуулан амилах латин бүжгийн хөгжүүн ая гадуур явах хүмүүсийг кафен зүг эрхгүй татна. Өдрийн цайны цаг, ид халуу шатаж байхад кафены үүдээр хүн гэж багтаж ядан бужигнана. Хангинах хөгжмийн хэмнэлтэй зэрэгцэн хөлсөө бурзайлган бүжиглэх хар, цагаан, холимог арьстай хүмүүс биднээс огт өөр амьдралын хэв маяг, заншил соёлтойгоо гайхуулах мэт.
Ла Бодэгита Дэл Медио
Куба, ер нь латин бүжигт хөлийн хөдөлгөөн, ташааны уян налархайг онцгойлох учир эмэгтэй нь богино хувцастай, эрэгтэйчүүд жигтэйхэн нарийхан, гуяа тас барьсан өмдтэй бүжицгээнэ. Харчууд нь бүсгүй хүнээс дутахгүй, үегүй мэт бүжих нь соньхон. Нэгэн үе Куба бүс нутагтаа, латин орнуудынхаа дунд бичиг үсэг тайлагдсан эхний дөрөв дэх улс, нэг хүнд ногдох эмч нарынхаа тоогоор дэлхийд арваннэгдүгээрт орж явсан улс. Соёл боловсрол өндөр кубачууд хамгийн сүүлийн загварын үнэтэй машин, утас, радио, дэвшилтэт техникийн хэрэглээтэй гэгдэж байсан юм. Кубын нийгмийн “дундаж давхарга” болох мэдлэг боловсролтой ажилтнууд олон институт, жижиг дунд бизнес эрхэлж байсан нь улсынхаа эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулагч гол хүч байв. Гавана хотод орд харшууд сүндэрлэж, тансаг зочид буудал, шөнийн клуб, казино тоглох төв, банкууд, уудам гудамж, өргөн талбай, хээнцэр цэцэрлэгт паркууд өнгө алаглаж, аялал жуулчлал ид хөгжиж байсан үеийг дурсвал өнгөрсөн зууны түүхийг сөхөх хэрэг гарна. 1958 онд зөвхөн Америкийн 300 мянган жуулчин энд ирж байсан нь “Лас Вегас”-аас илүү орлоготой тэнхлүүн явсныг нь илтгэнэ.
Энэхүү хоттой хүн төрөлхтнийг гүн холбосон хүн бол нэрт зохиолч Эрнест Хемингуэй. Амьдралынхаа 20 гаруй жилийг Гаванад өнгөрөөхдөө хэдхэн газар очдог байж.1939 оны эхээр эхнэр Полинтой таарамжгүй болсон тэр бүгдийг орхиж “Амбос Мундос” буудлын “511” тоот өрөөнд амьдарчээ. Хемингуэй “Сайхан Обиспо гудамжаар алхах дуртай, зохиолоо бичих газар минь энэ” гэдэг байж. Кубын загасчин Сантьяго өвгөний тухай “Өвгөн тэнгис хоёр” зохиол нь ихэд алдаршиж 1953 онд “Пулитцерийн шагнал”, жилийн дараа 1954 онд “Нобелийн шагнал” хүртсэн түүхтэй.
МедиоКубын сэргэн мандалт буюу 1950-иад он
“Амбос Мундос” буудалд ормогц Хемингуэйн ховор сайхан зургуудыг жаазлан өлгөсөн нь юун түрүүнд нүднээ тусна. Их зохиолчийн амьдарч, уран бүтээлээ туурвин тухалсан “511” тоот өрөөг байсан хэвээр нь музей болгожээ. Зохиолчийн унтаж байсан ор, ширээ, бичгийн машинтай энэ өрөөг зохиолчтой холбоотой сонин сэтгүүлийн нийтлэл, зохиолчийн зургуудаар дүүргэжээ. “Алдарт Хемингуэй энэ өрөөнд амьдарч, энэ цонхоор харан зогсож, энэ бичгийн машинаар гайхамшигт бүтээлээ туурвисан шүү дээ” гэж бодоход цаанаа л дулаан, таатай мэдрэмж сэтгэл эзэлнэ. Хемингуэйн зохиол бүтээлд дуртай мянга мянган уншигч “Амбос Мундос” буудлын “511” тоот өрөөг харах гэж Гаванаг зорьдог байж таарна.
Гаванагийн хоёр дахь алдарт газар нь“Ла Бодэгита Дэл Медио”. Бум бужигнаж, түм түжигнэсэн энэ уушийн газрын хөх, цайвар цэнхэр ханануудад нь хүмүүс сэтгэл зүрхний үгээ, янз бүрийн хэл дээр бичиж үлдээсэн байх аж. Хаалга үүд нь дэлгээтэй энэ уушийн газар Карибийн соёл, Кубын жааз гэгч юу болохыг арьсны шар үс бостол мэдрүүлэх “шид”-тэй. Халуу шатсан өдрүүдэд Хемингуэй энд тухалж, Кубын үндэсний коктейл болох хүйтэн “Мохито” шимэн суух дуртай байж. “Мохито”-г сонирхож амсахад, цагаан ром дарс, чихэр, нимбэгийн шүүс, газтай ус, гаа амтагдана. Энд бидний сайн мэдэх нэрт яруу найрагч, зохиолчид мөн улстөрчид ирдэг байжээ. Пабло Неруда, Габриэль Гарсиа Маркэз, Николас Гильен, Гавриела Мистрал, Агустин Лара,Сальвадор Альенде гээд дандаа мундагууд.
Хемингуэй зохиол бүтээлээ завсарлаж амрах үедээ буюу оройдоо “Эл Флоридта” гэдэг загас тэнгисийн хоолтой ресторанд байнга очдог байжээ. Зохиолчийн дандаа суудаг байсан газар биеийнх нь хэмжээтэй хүрэл цээж баримал босгожээ.
Эрнест Хэмингуэйн амьдарч байсан зочид буудлын өрөө
Гавана хот бүжиг дуундаа бялхан халгих ч хоол олж иднэ гэдэг тун ч амаргүй. Том сайхан байрнуудын зарим нь хов хоосон. Нэг давхартаа бэлэг дурсгалын жижиг зүйлс худалдаална. Хүнсний дэлгүүрүүд нь зарах бараагүй шахам. Давс, жижиг лаазтай загас төдийхөн үзэгдэнэ. Хэдхэн том ресторантай. Ресторанууд нь бараг хүнгүй. Хүлээж хүлээж захиалсан хоолны амт тааруу, порц бага. Тахианы хоёр нарийхан мөч, халбага хар будаа, хэдэн дусал сүмс гэхэд л 30- 40 ам.доллар байх жишээний.
Нэг иргэнд картаар олгох бараанд цагаан будаа таван кг, элсэн чихэр хоёр кг, ургамлын тос 500 гр олгодог тухай бидэнд таксины жолооч ярьж байлаа. 1959 оны нэгдүгээр сарын 1-нд Кубад хувьсгал ялж Батистын дарангуйллыг унагаж Ф.Кастро БНКУ-ыг удирдах болсноор Кубын шинэ түүх эхэлж байлаа. 1991 оноос энэ улсад эдийн засгийн хямрал эхэлсэн юм. Бидэнтэй танилцсан хэд хэдэн хүн “Хүнсний дутагдалтай үед бананы хальсыг жижиглээд дээр нь халуун чинжүү цацан хооллож, өвс, нишингийн навч буцалган хандыг нь нулимстайгаа чимээгүй залгичихаад, алдарт навчин тамхиа уугиулан нүүрэндээ баясгалантай байхыг хичээж явсан ард түмэн шүү” хэмээн ярьсан юм.
Тэр хэцүү цагт Гаванагийн зоопаркийн тогос шувуунаас эхлэн одос үхэр нь хүртэл алга болж, гэрийн муур, нохой ч үзэгдэхээ больсон тухай уншиж суусан минь өнөө ч санаанаас гардаггүй.
Өнөөдөр ч Гаванад хүнс хоол ховор. Гэхдээ л 2.1 сая хүнтэй энэ хотод гуйлга гуйн зогсох нэгэн цөөхөн таарсан юм. “Улсаараа, хотоороо тачирхан амьдардаг хэрнээ гуйлгачид яагаад ийм цөөн байна вэ” гэсэн гайхсан бодолтой зэрэгцэн Хэмингуэйн “Өвгөн тэнгис хоёр”-ын гол дүр л сэтгэлд ургаад байв. Хамгийн хэцүү цаг мөчид ч хүн шиг байж нэр төрөө хадгалсан загасчин Сантъягогийн дүр.
Зөвлөлтийн үед үйлдвэрлэсэн машинууд Гаванагийн бас нэг өвөрмөц өнгө
Д. АЗЗАЯА
Сэтгэгдэл үлдээх