Цэс Close

100 гаруй хүн амины хэрэгтэй “Коза Ностра” мафийн толгойлогчийг суллажээ

Италийн Сицилийн алдартай мафи “Коза Ностра”-гийн толгойлогч Жованни Брускийг суллах шийдвэрийг шүүх гаргажээ. Бруск 100 гаруй хүн амины хэрэгт буруутгагдан сүүлийн 29 жилийн турш шоронд хоригдсон юм.

Түүнийг 1996 онд баривчлагдсныхаа дараагаар Бруск хууль хяналтын байгууллагыхантай хамтран ажиллаж, “Коза Ностра” мафийн бүлэглэлийн талаар мэдээллүүдийг өгчээ. Тэрхүү мэдүүлгийн ачаар тус мафийн бүлэглэлийн олон гишүүдийг илрүүлэн баривчилсан байна. Мөн өөрийнхөө хийсэн хэргүүдийг бүрэн хүлээж, бүх насаараа хоригдох ял сонссон ажээ.

Брускийн үйлдсэн аймшигт хэргийн хамгийн дуулиантай нь мафитай тэмцэгч шүүгч Жованни Фальконэг автомашинтай нь хамт дэлбэлсэн нь юм. Энэ дэлбэрэлтийн улмаас шүүгч болон түүний эхнэр хүүхэд  мөн гурван бие хамгаалагч газар дээрээ нас баржээ.

Үүнээс гадна мафийн бүлэглэлийнхээ гишүүний 11 настай хүүг урвасан хэмээн үзэж, тамлан хөнөөсөн нь Брускийн хийсэн хамгийн жигшүүртэй адал балмад хэрэгт тооцогддог. Гэвч шүүх одоо 64 нас хүрсэн Брускийг нийгэмд хор хөнөөлгүй хэмээн үзэж, дөрвөн жилийн тэнсэнтэйгээр суллалаа.

“Төр засаг бидний эсрэг байгаа нь үүгээр ил тод боллоо. 29 жил өнгөрсөн ч гэлээ тэр аймшигт хэргүүдийн үнэнийг бид одоо хүртэл мэдээгүй л яваа. Миний нөхрийг хөнөөсөн Жованни Бруск ингээд эрх чөлөөнд гарч байна” хэмээн шүүгч Фальконэгийн бие хамгаалагчаар ажиллаж байгаад амиа алдсан эрийн бэлэвсэн эхнэр хэвлэлд өгүүлжээ.

Р.Гэгээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах