Цэс Close

2,2 тэрбумын хандив авсан “Хүүхдийн төлөө фонд” хаачив?

2,2 тэрбумын хандив авсан “Хүүхдийн төлөө фонд” хаачив? 

Шинэ оны босгон дээр МҮОНТР-ээр “Хүүхдийн төлөө фонд”-д хандив цуглуулах шоу тоглолт болж, УИХ, Засгийн газрын гишүүд, соёл урлаг, спортын алдартнууд оролцож үг хэлж, дэмжиж байгаагаа илэрхийлж байсан. Дуудлага худалдаанд үнэтэй цайтай эдлэл, хэрэгслээ хүмүүс өгч, чамгүй хандив өргөж байгаа харагдсан. Төр, засгийн зүгээс хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө сан байгуулж, өргөн олон түмнийхээ дэмжлэгээр сургууль, цэцэрлэг барьж байгуулахад нэмэр хандив болгохоор шийдвэрлэснийг телевизээр мянга мянган үзэгч, бизнес эрхлэгч, үйлдвэр компанийн эзэд дэмжиж, өөр өөрсдийнхөө хэмжээнд мөнгө хандивласан нь хормын төдийд мянга түмээр өсч, нэвтрүүлэг дуусах мөчид 2,2 тэрбум төгрөг цугласан нь дэлгэцэнд гарч ирсэн билээ. Үүнийг үзсэн хүмүүс бүгд дор дороо баярлаж, монголчууд бид хүчээ нэгтгэж чадвал хэсэгхэн хугацаанд бүхэл бүтэн сургууль, цэцэрлэг барих хэмжээний хандив цуглуулж чадаж байна шүү хэмээн бахархаж суусансан. Гэтэл энэ нь бас л нэгэн хууран мэхлэлт байсан нь хэдхэн хоногийн дараа тодорхой боллоо. Өнөөх “Хүүхдийн төлөө фонд” гээд байсан нь төр, засгийн зүгээс байгуулсан албан ёсны байгууллага биш, харин “Херо” хэмээх найруулагч Б.Баатарын нэр дээр байгуулагдсан, цаанаа Ерөнхийлөгч Х.Баттулгын ивээл доорх ТББ болж таарсан. Үүнийг мэдсэн УИХ-ын зарим гишүүд чуулганы танхимд мэдэгдэл хийж, хууль бусаар цуглуулсан мөнгийг яаралтай хураан авч, энэ арга хэмжээг зохион байгуулахад оролцсон Соёлын сайд С.Чулууныг огцруулах хэрэгтэй гэж хэлж байв. Энэ үгс эзэндээ хүрч “Хүүхдийн төлөө фонд”-д цугласан мөнгийг царцааж, дараагийн шийдвэр гартал зарцуулахыг зогсоосон. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн С.Амарсайхан Хүүхдийн төлөө сан байгуулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьлаа. Засгийн газрын тогтоолоор автомашины азын дугаарыг дуудлага худалдаанд оруулж борлуулсан орлогыг Хүүхдийн төлөө санд төвлөрүүлэхээр шийдвэрлэв. Үүний дагуу дөрөвхөн хоногийн хугацаанд азын дугаарын орлогоос 500 гаруй сая төгрөг Засгийн газрын тусгай санд төвлөрчээ. Одоо өмнө нь цугларсан 2,2 тэрбум төгрөг арилжааны 4 банканд хадгалагдаж байгаа. Удахгүй УИХ-аас шинэ хууль батлагдсанаар Засгийн газрын тусгай санд Хүүхдийн төлөө сан нэмэгдэн орж, үйл ажиллагаа нь эхэлнэ. Ингэж нэг юм Хүүхдийн төлөө гэсэн олон түмний хандивласан мөнгө хэн нэгний халаасанд орох гэж байсныг арайхийж зогсоож чадлаа. Хүүхдийн нэр барьж хувийн ТББ Монгол Улс даяараа хүмүүсийн сайхан сэтгэлийн дэмжлэг, хандивыг авч болохгүй гэдгийг дээрх хэрэг нотолж байна. Сиймхий л гарвал төр, түмнээ хуурч мэхэлчих гээд байдаг хэцүү ч улс юм даа Херо Б.Баатар тэргүүтнүүд.

Д.ЭНХЦЭЦЭГ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах