Цэс Close

25 сургууль, 15 цэцэрлэг, 13 эмнэлгийн газраас бусдад шилжүүлснийг шалгана

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болжээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар удирдан явууллаа. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 45 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 78.3 хувьтай байв.

Тухайлбал, дүүргүүдийн нутаг дэвсгэрт дэх өнгө үзэмжгүй гаднах хаяг, реклам, хашаа, хайс, эвдэрч гэмтсэн шон, самбаруудыг буулгах, стандарт, норм, дүрмийг мөрдүүлэх, хяналт тавих, зөрчлийг арилгуулах ажлыг эрчимжүүлэх үүрэг өгсөн.

Үүний дагуу УБЗАА, НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн албан хаагчид дүүрэг тус бүрд үзлэг шалгалт хийжээ. Цахилгааны утас ил гарсан 34, гэрлийн шон, тэмдэг тэмдэглэгээ хазайж, доголдол гарсан 25, явган хүний замд эвдрэл гарсан 77, авто замын хашлага эвдэрсэн 56, хог хаягдал ихтэй 64, хашаа хайс унаж, эвдрэл гарсан 31 зөрчил илэрчээ.

Мөн сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн байгууллагын газраас бусдад шилжүүлсэнтэй холбогдох судалгааг хийж, танилцуулахыг үүрэг болгосон. Судалгаагаар нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын

25 сургууль,
15 цэцэрлэг,
13 эмнэлгийн газраас бусдад шилжүүлсэн гэсэн дүн гарсан байна. Үүнтэй холбоотойгоор НЗДТГ болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас холбогдох арга хэмжээг авч, хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.

Нийгмийн зайлшгүй хэрэглээнд үндэслэн газар чөлөөлөх журам Засгийн газрын 2024 оны гуравдугаар сарын 6-ны өдрийн тогтоолоор батлагдсан. Үүний дагуу авто замын чиглэлээр 30 байршилд 1605 нэгж талбар чөлөөлөхөөс 679, сургууль, цэцэрлэгийн 14 ажилд 210 нэгж талбар чөлөөлөхөөс 124, шугам сүлжээ хийх 11 байршилд 403 нэгж талбар чөлөөлөхөөс 68, хороо, өрхийн эмнэлгийн 11 байршилд 303 нэгж талбар чөлөөлөхөөс 148 нэгж талбарыг чөлөөлжээ.

Хорооллын эцсийг Толгойтын замтай холбох авто замын трасст өртсөн 5 нэгж талбарыг зайлшгүй чөлөөлөх шаардлагатай тул иргэн, аж ахуйн нэгжтэй зөвшилцөж байгаа юм. Мөн Эрчим хүчний гудамж буюу ТЭЦ-4-ийн авто замыг өргөтгөх нөлөөлөлд 60 иргэн, хуулийн этгээдийн 8300 ам метр газар өртсөн.

Газар чөлөөлөх, урьдчилан мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн. Одоогоор нөхөх олговрын зориулалттай хөрөнгийн үнэлгээ хийх бэлтгэл хангаж байна. Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Хотын дарга дараах үүрэг даалгаврыг өглөө.

  • Нийслэлийн хэмжээнд эвдэрсэн зам талбай болон явган хүний замын тооцоо, судалгааг гаргаж, засварлах, сайжруулах ажлын төлөвлөгөө боловсруулж танилцуулах.
  • 2024 оны тохижилтын ажлын төлөвлөгөө батлагдсантай холбогдуулан байгууллагууд хэрэгжилтийг хангаж, ажлаа эрчимжүүлэх, дүүргүүдийн төлөвлөлттэй уялдуулах;
  • Хаврын их цэвэрлэгээний хүрээнд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа, үйлчилгээ үзүүлж буй төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд орчны 50 метр хүртэлх талбайгаа цэвэрлэх, эвдэрч гэмтсэн хайс хашаа, хаяг реклам самбар зэргийг засварлах, гадна фасадаа угаах ажлуудыг зохион байгуулах;
  • Худалдан авах ажиллагааг зохион байгуулахад шаардлагатай техникийн тодорхойлолт, ТЭЗҮ, зураг төсөл, ажлын даалгаврыг байгууллагуудад хүргүүлж, ажлаа эрчимжүүлэх;
  • Хүүхэд, багачууд, оюутан залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн спорт заал болон бусад спортын талбайг нээлттэй болгох тооцоо судалгааг хийж танилцуулах;
  • Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд эвдэрч гэмтсэн гэрлийн шон, авто замын тэмдэг, тэмдэглэгээ, тоглоомын талбай, хайс хашлагыг засварлах, ил гарсан цахилгааны утсыг засаж, цэгцлэх ажлыг зохион байгуулж, аюулгүй байдлыг хангах;
  • Төв замын нэгдүгээр эгнээ дагуу эзэмшиж байгаа газраа зориулалтын бусаар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүд мэдэгдэл хүргүүлэх, чөлөөлөхийг үүрэг болгосон юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах