Тодруулга: Н.Ганибал гишүүний сууж явсан машин осол гаргасан ч гэмтэж бэртсэн хүн байхгүй
УИХ-ын гишүүн Н.Ганибал Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой асуудлаар иргэдтэй санал солилцохоор тойрогтоо ажиллаад буцахдаа авто замын осолд холбогдсон, уг ослын үеэр нэгэн иргэн хүндээр бэртэж, аймгийн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа талаар сайтууд мэдээлсэн.
Энэ талаар бид ослын газар дээр дуудлагаар очиж үзлэг хийн, анхан шатны тусламж үзүүлсэн, Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн Гэмтэл мэс заслын нэгдсэн тасгийн эрхлэгч, гэмтлийн тэргүүлэх зэргийн эмч Б.Мангалжавтай холбогдон тодрууллаа.
Энэ сарын 24-ний өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ойролцоо болсон авто ослын дараа та дуудлагаар очиж үзлэг хийсэн юм байна. Тухайн үед осолд өртсөн иргэдийн биеийн байдал ямархуу байсан бэ? Тэдэнд ямар тусламж, үйлчилгээ үзүүлсэн бэ?
- Ослын газарт дуудлагын дагуу Мөнххаан сумын эмнэлэг болон аймгийн нэгдсэн эмнэлгээс бүрэлдэхүүн очиж ажилласан. Мөн тус сумын болон аймгийн Цагдаагийн хэлтсийнхэн газар дээр нь хэмжилт хийж байсан.
Биеийн байдал нь хүнд болон хүндэвтэр хүн байгаагүй. Нэг том хүн, нэг хүүхдийг эмнэлгийн машинаар авчирсан. Ээж нь хүзүү хөдлөхөд хүндрэлтэй байна гэсэн зовуурь хэлж байсан тул нуруу, сээр, хүзүүг нь компьютер томогорафоор харсан. Мөн хүүгийн толгойг компьютер томогорафоор харсан. Аль алинд нь хугарал, цуурал, мултрал, ясанд янгинах өөрчлөлт байгаагүй, гэмтлийн шинж тэмдэг илрээгүй. Мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүн байхгүй гэв.
Хэргийг сануулахад, УИХ-ын гишүүн Н.Ганибалын сууж явсан Nissan patrol маркийн автомашин Toyota Hi-Lux машинтай мөргөлдсөн юм. Дээрх хоёр машины жолооч нар ослын үеэр согтуу байгаагүй гэдгийг Цагдаагийн байгууллагаас мэдэгдсэн байдаг.
Сэтгэгдэл үлдээх