Mining week 2022 арга хэмжээ "Хариуцлагатай Уул Уурхай ба Орон нутаг" хэлэлцүүлгээр үргэлжиллээ
Монгол Улсын эдийн засгийн голлох салбар болох уул уурхайн төслийн бүхий л шатанд хүрээлэн буй орчин болон орон нутгийн иргэдийн амьдралд нөлөөлдөг. Иймээс өнөөдрийн бага хурлаар хариуцлагатай уул уурхайн өнөөгийн нөхцөл байдал, түүнийг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудал, цаашид ямар арга хэмжээ авах вэ, олон улсын сайн туршлага зэрэг өргөн хүрээнд хэлэлцлээ.
2022 оны есдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар 2564 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаа бөгөөд энэ нь манай улсын нийт газар нутгийн 6.05 сая га газрыг эзэлж байна. 2005 онд 5913 тусгай зөвшөөрөл байсан бол өнөөдрийн байдлаар 2564 тусгай зөвшөөрөл хүчинтэй байгаа бөгөөд тусгай зөвшөөрлийн тоо 2.3 дахин буурсан байна.
2021 оны байдлаар байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээлтийн ажил 34.2 тэрбум төгрөг зарцуулагдсан бөгөөд нөхөн сэргээлтийн хэмжээ жилээс жилд өссөн үзүүлэлттэй байна. Нөхөн сэргээлтийг ухаад дууссаны дараа бус ашиглаж эхлэхээс өмнө нөхөн сэргээлтээ хийх ёстой гэдэг бусад орны сайн туршлага байдаг юм байна. Тиймээс судалсан лиценз олгоход бүрдүүлдэг материал дотор хаалтын төлөвлөлтийн зураг төсөл, үүнд зарцуулах зардлыг байршуулсан байх хуулийн заалтыг Ашигт малтмалын хуульд оруулахаар төлөвлөж байгааг АМГТГ-ын төлөөлөл мэдээллээ.
Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа: “МУУҮА-иас "Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодекс"-ийг боловсруулсан бөгөөд найман компани хөтөлбөрийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн. Компаниуд байгаль орчны эрсдэл нөлөөллөө тодорхойлоод нөлөөллийг бууруулах төлөвлөгөөг гаргаж хэрэгжүүлэх юм бол байгаль орчинд сөрөг нөлөө багатайгаар уул уурхайг эрхлэх боломжтой. Хамтын оролцоотой байгаль орчны мониторингийн хөтөлбөрийг Оюутолгой компани олон жил амжилттай хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл, уул уурхайн үйл ажиллагааг эхлүүлэхдээ орон нутгийн иргэдийг оролцуулах хэрэгтэй. Байгаль орчин нь ямар байсан бэ, төсөл хэрэгжиж эхлээд үзүүлсэн нөлөө, яаж нөхөн сэргээж байгаа, сөрөг нөлөөллийг бууруулах арга замыг орон нутгийн иргэдтэй хамтраад хянаад, хэлэлцээд явах бол илүү үр дүн гардаг юм” гэж мэдээллээ.
Уул уурхайн аливаа үйл ажиллагаа, үйлдвэрлэл, төсөл хөтөлбөр, судалгаа, геологи хайгуул бүгд орон нутагт хэрэгждэг. Тиймдээ малчид, нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгардаг ба улмаар аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа явуулж чадахгүйд хүрч, хөрөнгө санхүүгийн эрсэлд ордог гэх мэт олон асуудал бий. Энэхүү хэлэлцүүлгээр төрийн, компанийн, иргэний нийгмийн, ТББ, малчин иргэд гээд бүх оролцогч талууд нэг дор чуулж, хэн ямар байр суурьтай байгааг бүгдээрээ сонсохыг чухалчилсан юм.
Сэтгэгдэл үлдээх