Цэс Close

Ч.Хүрэлбаатар: 2023 оны төсөвт нийт 36,5 сая тонн нүүрс экспортолно

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан эхэлж, 2023 оны төсвийн төслийн нэг дэхь хэлэлцүүлгийг үргэлжүүлж байна.

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар: Ирэх онд нүүрсний борлуулалтаас орж ирэх гадаад валют болгоныг Монголд оруулж ирэх асуудлаар Засгийн газрын тогтоол гарсан байна. 2023 оны төсөвт нийт 36,5 сая тонн нүүрс экспортолно гэж тусгасан бөгөөд энэ нь цар тахлын өмнөх буюу 2019 оны хэмжээнд хүргэх зорилт тавьж байгаа. Энэ сарын 5-нд гарсан Засгийн газрын тогтоолоор 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн бүх гэрээ цахим болно. Гэрээний дагуу нүүрс хилээр гарах бөгөөд гэрээ хийгдээгүй тохиолдолд нүүрс экспортлохгүй.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: 2018-2020 онд гадаадаас авсан зээлийн 44 хувь нь төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулагдсан гэж аудит дүгнэлт гаргажээ. Ингээд энэ жил 1,5 их наядын алдагдалтай батлах гэж байна. Алдагдалгүй төсөв баталж болохгүй байгаа юм уу? Өөрөөр хэлбэл Монгол Улсын гадаад өрийг 600 сая ам.доллароор нэмэх төсөв болж байна. 2018 онд 9,3 их наяд төгрөгийн зарлагатай байсан бол 2023 онд 20 их наяд төгрөгийн зарлагатай төсөв орж ирлээ. Дөрөвхөн жилийн дотор төсвийн зарлага яагаад ингэж их нэмэгдэх болов?

Сангийн сайд Б.Жавхлан: 2018-2020 он бол ОУВС-ийн хөтөлбөрт орсон байсан хугацаа бөгөөд нийт 1 тэрбум гаруй ам.долларын санхүүжилт авсан. Энэ мөнгөөр төсвийн алдагдлыг нөхөхөд, валютын нөөцөө нэмэгдүүлэхэд зарцуулсан байдаг юм. Төсвийн зарлага яалт ч үгүй нэмэгдэж байгаа. Тиймээс төвсөө өсөлтийг нь хязгаарлаад төсвийн суурь тэлэлтийг хийхийг зорьж байгаа юм. Төсвийн алдагдлыг болдог бол тэглэмээр л байна.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Ипотекийн зээлийг цаашид яаж хэрэгжүүлэх юм бэ. 2023 оноос энэ зээлийн төрөл Засгийн газарт шилжих гэж байна. Дундаж давхрагын иргэд, залуу хосуудыг дэмжих хамгийн том төрийн бодлогын нэг шүү дээ.

Сангийн сайд Б.Жавхлан: Ипотекийн зээлийг үргэлжлүүлнэ. Хэмжээний хувьд зах зээлээсээ шалтгаална. Банкууд ямар хэмжээнд, хэрхэн дамжуулж гаргах уу гэдгээс л энэ зээл цаашид хэр олдоцтой байх вэ гэдэг нь шийдэгдэнэ. Ямар ч байсан одоогийн МИК үйл ажиллагаа цаашид үргэлжилнэ.

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах