Цэс Close

АНУ-ын Холбооны шүүгч Жеймс Винн шүүхийн хараат бус байдал, нээлттэй ил тод байдлыг сурталчлан Монгол Улсад ажиллаж байна

АНУ-ын Холбооны Давж заалдах шатны шүүхийн шүүгч Жеймс Винн шүүх засаглал, шүүхийн ил тод, хараат бус байдал болон олон нийттэй харилцах туршлагаасаа хуваалцаж санал солилцохоор Монголын шүүгчдийн холбооны хүсэлтээр АНУ-ын Төрийн департаментын U.S Speaker хөтөлбөрийн хүрээнд Монгол улсад 10 дугаар сарын 2-ноос 13-ны хооронд ажиллаж байна.

Холбооны шүүгч Ж. Винн 10 дугаар сарын 11-ний өдөр “Шүүгч ба олон нийт” нээлттэй хэлэлцүүлэгт оролцон шүүхийн байгууллагын олон нийттэй харилцах туршлагын талаар илтгэл тавьлаа. Энэхүү нээлттэй хэлэлцүүлэг нь шүүх, хууль зүйн, хэвлэл мэдээллийн салбарын олон талт анхны хэлэлцүүлэг болж байгаагаараа онцлог бөгөөд оролцогчид шүүх эрх мэдлийн хараат бус байдлыг бэхжүүлж, шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй байлгахад онцгойлон ач холбогдол өгөв.

Нийт 10 хоногийн хөтөлбөрийн хүрээнд Монголын шүүгчдийн холбоо, Шүүхийн сахилгын хороо, Шүүхийн ерөнхий зөвлөл, эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан, давж заалдах шатны шүүхийн шүүгчид, шүүхийн захиргааны болон олон нийттэй харилцах ажилтнуудад шүүх засаглалын хараат бус байдал, шүүх болон шүүгчид итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх талаар сургалт, дугуй ширээний ярилцлага хийж, АНУ-ын шүүхийн олон нийттэй харилцах туршлагаас хуваалцлаа.

Мөн 10 дугаар сарын 7-ны өдөр Монгол Улсын Дээд шүүхээс зохион байгуулсан “Хяналтын шатны шүүхийн чиг үүрэг, эрх хэмжээ” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд Монгол Улс, ХБНГУ, Япон, БНСУ, Сингапурын шүүгч, судлаачдын хамт оролцож, АНУ-ын шүүхийн хяналтын талаар оролцогчидтой санал бодлоо солилцсон юм.

Холбооны шүүгч Ж. Виннийг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Давж заалдах шатны дөрөвдүгээр тойргийн шүүгчээр 2009 онд томилж 2010 онд Сенат батламжилсан байна. Тэрээр Холбооны шүүгч болохоос өмнөх хорин жилийн хугацаанд Хойд Каролина мужийн Давж заалдах шатны шүүхэд, мөн тодорхой хугацаанд Хойд Каролина мужийн Дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байв. Шүүгч Жэймс Винн хэд хэдэн сонгуульт болон томилолт алба тушаалтай бөгөөд заримаас нь дурдвал тэрээр Америкийн хуульчдын холбооны Хүний эрхийн төвийг даргалдаг ба АНУ-ын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Жон Робертсын томилгоогоор АНУ-ын Шүүхийн бага хурлын Мэдээллийн технологийн хороонд хамаардаг.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах