Цэс Close

Техасд төрсөн монгол тахийн унага

Хүнд хэзээ ч гаршиж байгаагүй онгон зэрлэг монгол тахийн эсийг тэртээ 40 жилийн өмнө авч хадгалсныг хөөрхөн унагыг анх удаагаа эсийн аргаар төрүүлс нь дэлхийн мянга мянган хүний анхаарлыг гойд ихээр татаж байна.

Хонгор шаргал зүстэй, толгой томтой, босоо сөөвгөр дэлтэй, хамрын нүхний дээд талаараа цайвар, шилбэ өвдөгний ар тал борвиндоо үл мэдэгхэн хөндлөн хар судалтай, тахийн өхөөрдөм унага 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Америкийн Техас мужид төрсөн юм. Техас муж нь өндөр технологи, био анагаах ухааны судалгааны маш том төв баазтай. Энэ судалгааны төв дэлхийд устан мөхөж буй  олон төрлийн ан амьтдын эд эс генетикийг цуглуулан авч хадгалдаг, зоо, мал эмнэлгийн салбарын арвин их нөөцтэй юм.

Шинэхэн төрсөн тахийн унаганы нэрийг Курт гэж нэрлэдэг. Энэ нь нэрт паталогич, амьтны угшил зүйг судлагч, генетикч Курт Бенирсчкийн дурсгалд зориулан америкчууд нэрийг сонгожээ. Хамбургийн их сургуулийг дөнгөж төгссөн цэл залуухан Курт Бенирсчке дайны дараа буюу 1949 онд Америкт цагаачилж очсон түүхтэй. Генетикч Курт 1972 онд дэлхийн хамгийн анхны “Хөлдсөн зоо парк”-ийг үндэслэн байгуулж, устаж мөхөх аюулд хүрээд байгаа амьтдаас ДНК ген, эр эм бэлгийн эс, өндөг, үр хөврөлийн эс болон булчинлаг эдээс нь хүртэл авч тусгай сав, уусмалд хийж  -196°C-д  хадгалсан байна. Сөнөн устаж буй ургамал моддын үндэс, үрийг мөн цуглуулан хадгалж хүн төрөлхтөнд үлдээсэн энэ хүн бол гайхам гавьяатай нэгэн  билээ.

Үүний нэгэн тод жишээ нь 50 орчим жилийн тэртээд хадгалсан тахийн эснээс Курт хэмээх унага төрүүлэн авлаа. Одоо эхийгээ тойрон тоглон давхиж  байгаа хөөрхөн унаганы бичлэг адуу малд хайртай олон сая хүмүүсийг баярлуулж байна. Техасын уугуул нутгийн гүү  “тээгч” эх болсон бөгөөд унагынхаа хамт “Тимбер Грийк” мал эмнэлгийн хараа хяналтын дор байсан.

Эрдэмтэд ярихдаа: Бид Монголын зан заншлыг сонсоход, монголчууд өвөг дээдэс эрт цагаасаа эхлэн зэрлэг тахь болон адуу морьдоо “хийморь”  хэмээн бэлгэдэж “ тахин шүтэж биширч” ирсэн гэжээ. Одоогоос 100 гаруй жилийн тэртээд үржил шим өвс ногоо тачир ч гэсэн  Монголын нутгийн хээр талаар тахийн сүрэг салхи мэт эрх дураараа сүрэглэн амьдарч байсан. Бэлчээрийн даац хэтэрсэн газрын хөрсийг хүчтэй салхи шуурга элээж, хайр найргүй шавхуурдах хүйтэн, хатуу ширүүн  өвлийн  урт сарууд, хүмүүсийн хайхрамж болгоомжгүй  уршигт үйлдлүүд буюу хулгайн ан, хөөж хашиж барих, дайн дайжин, улс төр болон соёлын өөрчлөлт гэх мэт үй түмэн олон шалтгаанаас үүдэлтэйгээр дэлхийд цор ганц үлдсэн зэрлэг адуу тахь огцом устаж эхэлсэн.

Үүнийг шинжлэх ухааны хэлээр генетик боттлниск-т орно гэж нэрлэдэг. Аливаа амьд биет, амьтад, ургамлын тоо толгой эрс цөөрч устах болсноор ген удам угшлынхаа хувьд маш цөөнх болж, ахиж олдохоо болж байгаа гэсэн ойлголтыг генетик боттлниск гэж хэлж байгаа юм.

1969 онд хамгийн сүүлд тахь хаа нэгтээ харагдаад л ахиж олдоогүй тухай баримтат тэмдэглэл байдаг бөгөөд энэхүү онгон зэрлэг сайхан амьтад бараг л устан алга болж байлаа. Дэлхийн II дайны дараагаар зоо паркуудад байсан тахь эрс цөөрсөөр 1950-иад оны үед дөнгөж л 12-хон үлдэж.

Ийнхүү манай дэлхийн цорын ганц гэгддэг зэрлэг адуу тахь газрын хөрснөөс арчигдан алга болох аюул нүүрлэж, олон улсын “Аймаг угсааны ном”-ны нэн ховордож буй “амьтан, ургамлын үлдэх- эсэх” гэдэг тусгай  бүлэг ангилалд оржээ.

Тахь устах харангын дохио сонссон герман зоологичид, амьтан судлаачид, нөөшлөн хадгалагч эрдэмтэд 1959 оноос шуурхайлан ажиллаж нөхөн үржүүлэх программыг зохион байгуулж, мэргэжлийн өндөр түвшинд, маш няхуур нямбай ажиллаж эхэлсэн аж.

Монгол тахь зэрлэг адуу байгаль дэлхий, уугуул нутаг уснаасаа цөөрч алга болсоор 1990 он гэхэд зөвхөн зоо паркуудад цөөн тоогоор үлдэж байсан ч өдгөө тахийн тоо толгой өсчээ. 33 орон, 129  инситутуудын дунд 961 тахь байна.

Монголд тахийн тоо толгой өсөх болсон учир нь эрдэмтэд тооцон үзээд, эргэн нутагшуулахад аюулгүй хэмээж, эх нутаг Монголд нь хууль ёсны хамгаалалттай, гурван хэсэг газарт авчирч нутагшуулан тавьж, байнгын ажиглаж хянаж байдаг.

Тахийн унага бяцхан Курт 2020 оны наймдугаар  сарын 28-ны өдөр Техасийн Тимбер Греек мал эмнэлгийн хүрээлэнгийн гадаа.

Устах аюулд хүрээд байсан тахь өдгөө тоо толгой нь өсөн нэмэгдэж байгаа нь   монголчуудад төдийгүй хүн төрөлхтөнд үнэхээр баярлам сайхан явдал юм. Тиймээс улам нандигнан хайрлаж,  хамгаалмаар байгаа юм. Дэлхий дээр өнөөдөр нийтдээ 2000 гаруй тахь байгаа. Үүнээс ойролцоогоор 500 гаруй нь эх байгальдаа, нутагт нугадаа эрх чөлөөтэй идээшиж амьдарч байгаа нь өнөөх л 1950-иад оны үед 12-хон үлдсэн тахийн үр садын үргэлжлэл өсөн тэлснийх юм.

Монгол тахийн эсээс төрүүлсэн унагандаа эрдэмтэд ихээхэн найдвар тавьж байна

Тахь зэрлэг адуу устан мөхөхөд тун ойрхон байсан. “Генетик боттлниск” буюу удам угшил тасрах аюул нүүрлэх үед  тоо толгойны хувьд цөөрөх төдийгүй бүхий л хүчтэй сайн генүүд тэр дундаа нөхөн үржих чадвар алдагддаг аж. Мөн байгаль цаг уурын нөхцлийг тэсэн даах чадвар ч доройтдог зэрэг маш олон сөрөг үр дагавар, уршигтай болж ирдэг.

Эсийн аргаар 2020 онд төрсөн тахийн унага Курт нь цэвэр устай. Энэ төрлийн өөр ямар нэгэн үүлдэр угсааны адууны цустай огт холилдоогүй. Дэлхийд устахаа хүрээд байсан үлдсэн 12 адуунаас бүгдээс нь удам угсаа, генийн хэлхээ шугамыг таслалгүйгээр эд эсийг нь амжин авч “Хөлдсөн зоо парк”-т амжилттай хадгалж чадсан нь тун завшаантай хэрэг болсон юм.

Он удаан жил үеэс үед тахийн цусаар дамжин явж байгаад устан алга болсон ховор сайн зарим ген Куртээс гарсан нь эрдэмтдийн сэтгэлийг ихэд хөдөлгөжээ. Иймээс монголын тахийн генийн олон сайн шинж чанарыг хадгалан тээж буй энэ гол “шугамыг”  алдалгүйгээр тодорхой хугацааны дараа тахийн сүрэгт нь нийлүүлэх, сайн генийг үргэлжлүүлэх нь хамгаас чухал юм. Эцэг болон эхийнхээ талаас удам угшил сайтай Курт түүнээс цааш гарах үр төл тахийн сайн генийг улам цааш нь залгамжлан үргэлжлүүлэх нь тодорхой юм.

“Тээгч” эх америк гүүнээс төрсөн энэ унаганы эцгийн талыг нь сонирхуулахад, 1975 онд Англид төрсөн тахийн азарганы эсээс гаргаж авсан юм. Эсийг ирээдүйд хэрэглэхээр “Хөлдсөн Зоо Парк” -д  хадгалсан байжээ. Англид төрсөн уг монгол тахийн азаргыг 1978 онд Америкт шилжүүлэн авчирч,  1998 оныг хүртэл амьдарсан түүхтэй. Эрүүл чийрэг сайхан удам угшилтай азарганы генийг олон улсын “Аймаг угсааны ном буюу Stud Book number (SB615) – (СБ 615) гэдэг дугаарт “Купоровик” хэмээх нэр томьёо болгон оруулсан.

Хамгийн сонирхолтой нь (SB615- СБ 615) гэгдэх энэ эсийг задлан шинжилж судалваас тахийн хамгийн сайн  удмыг хадгалж байгаа төдийгүй одоо байгаа амьдарч буй тахиудаас  илүү сайн чанарын генийн төрөл, хувилбарыг хадгалан тээж байгаа нь нотлогдсон байна. Өнөөдрийн байдлаар хамгийн сайн генийн удам угшил сайтай тахийг Курт гэж эрдэмтэд онцгойлон авч үзэж байгаа. Тиймээс Америкт “хамгаас” чухал үнэ цэнэтэй тахь гэж нэрлэгдэж байна. Олон сайн генийг тээж буй энэ тахь цаашид сүргийн тоог өсгөн үржүүлэх төдийгүй, бие эрүүл чийрэг, шандас сайтай, тэсвэр хажуужил, жинхэнэ сайн цусны тахийн үр төлийг цаашид үлдээнэ гэдэгт эрдэмтэд ихээхэн найдвар тавьж байгаа юм.

Генийн хувьд зарим нэг чанар нь алдагдан муудаж байсан тахийн сүрэгт ийнхүү цус сэлбэлт хийгдэж сайн угшилаа буцаан авчирч удамшуулан үлдээж байгаа нь хүн төрөлхтний маш үнэ цэнэтэй ололт юм. Эцгийн талаас ч, эхийн талаас ч хүчтэй сайн генийг өвлөн авсан тахийн унага зургаан сартайдаа, анхны өвөлтэй золгож шилбээрээ татсан нойтон цасыг манартал давхиж, хүйтэн нойтныг огт ажралгүй давсан нь гайхалтай. Өчнөөн жилээр хадгалсан устан мөхөж буй олон арван амьтдын  хөлдөөсөн  эс дундаас зориуд монгол тахийг шилж сонгосон хүн бол доктор Оливер Райдер билээ.

Монгол тахь гэдэг юугаар ч үнэлж хэмжишгүй үнэт эрдэнэ. Эсийн аргаар гаргаж авахад яг тохирсон “нэр дэвшигч” хэмээн доктор Оливер Райдер хэлэх ба “Тиймээс би бусад амьтдаас зориуд энэ эсийг шилж сонгож авсан юм” гэж мэдэгдсэн аж. Унагыг хөхнөөсөө гарсны дараа “Сан Диего Сафари” зоо паркад аваачиж эрх чөлөөтэй дураар нь тавьжээ.

 2021 оны 2 дугаар сарын 16. Анхны цаснаар 6 сартай Курт

2020 оны 11 дүгээр сарын 11-нд 3 сартай байхдаа “тээгч” эхийнхээ хамт

2020 оны наймдугаар сарын 31. Төрсөн газар Техасийн мал эмнэлгийн хүрээлэнд.

Ховордон устаж буй амьтдын биологийн төрөл зүйлийг хадгалж байдаг банк

Генийг хадгалан нөөцлөх  салбарын захирал, доктор Оливер Райдер ДНК-ийн хадгалалтыг шалгаж байгаа нь

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах