Цэс Close

Даатгагчийн төлбөрийн чадварын зохистой харьцааг эрсдэлд суурилсан хөрөнгийн аргачлалаар тооцдог болно

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 19 дүгээр хуралдаан өнөөдөр болж нийт 30 асуудал хэлэлцлээ.

Хуралдаанаар даатгагчийн төлбөрийн чадварын тооцооллыг олон улсын стандарт, жишигт нийцүүлэн сайжруулж, даатгагчийн эрсдэлийг илүү бодитой, нарийвчилсан, өөрт тохирсон аргаар тооцоолох боломжийг олгох зорилгоор тогтмол хувь, хязгаарлалт, дүрэмд суурилсан аргачлалаас эрсдэлд суурилсан аргачлалд шилжих шилжилтийн үеийн зохицуулалтыг тусгасан “Эрсдэлд суурилсан хөрөнгийн аргачлалаар тооцсон төлбөрийн чадварын зохистой харьцааны журам”, “Даатгагч өөрийн эрсдэл болон төлбөрийн чадвараа үнэлэх заавар”-ыг баталлаа. Журамд даатгагчийн төлбөрийн чадварын зохистой харьцааг тоо болон чанарын үзүүлэлтүүдийн хүрээнд авч үзсэн бөгөөд хөрөнгийн хүрэлцээт байдлын харьцааг даатгагчийн үйл ажиллагааны онцлог, цар хүрээ, эрсдэлийн удирдлагын бодлогоос хамааран 3 түвшинд, төлбөрийн чадварыг 5 өөр түвшинд байхаар тусгалаа. Мөн андеррайтингийн эрсдэлийг даатгагч өөрөө тооцоолох боломжийг олгож, хөрөнгө байршуулах дээд хувь буюу хөрөнгө оруулалтын хязгаарлалтын зохицуулалтыг халж, төрөл, хэлбэрийг нь нарийвчлан тодорхойлж өргөжүүллээ. Дээрх журам, заавар хэрэгжиж эхэлснээр даатгагчийн эрсдэлийн удирдлагын тогтолцоо боловсронгуй, нээлттэй, ил тод болохын зэрэгцээ даатгалын зах зээлийн эрсдэлийг урьдчилан таних, түүнээс сэргийлэх систем нэвтрэх улмаар салбарын тогтвортой байдал хангагдах, хөрөнгө оруулагч, даатгуулагчдын даатгалд итгэх итгэл нэмэгдэх чухал ач холбогдолтой юм.

Мөн хуралдаанаар хоёр компанид хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, нэг компанийн дүрэмд өөрчлөлт оруулахыг зөвшөөрч, мөн нэг компанийг үнэт цаасны зах зээлд оролцогчид аудитын үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдээр бүртгэхээр шийдвэрлэлээ.

Түүнчлэн хоёр компани болон нэр бүхий 12 иргэнд даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх, банк бус санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэг компанид итгэлцлийн үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор, хоёр компанийн хаалттай өрийн бичгийг бүртгэхээр шийдвэрлэв. Мөн нэг хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөрлийг сунгахын зэрэгцээ үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг гурван компанид, хоёр компанийн хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах болон салбар байгуулах зөвшөөрөл олгохоор, үнэт металл болон үнэт чулуугаар хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг иргэнд олгохоор тус тус шийдвэрлэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах