Сумын тамгын газрын алба хаагчид таван жил тутамд урамшуулал авна
УИХ-ын чжуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан юм.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлээд, Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт ямар байгаа, орон нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагчдын ажлын байрны нөхцөл, шаардлагатай холбоотой асуудлыг хамтад нь шийдэх боломж бий эсэх, цаашид ямар бодлого баримтлан ажиллах талаар тодруулав.
Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, Төрийн албаны шинэтгэлийн хүрээнд цалин хөлсний иж бүрэн шинэчлэлийн асуудлыг үе шаттайгаар судалж оруулж ирсэн. Энэ жилийн хувьд төрийн захиргааны болон төрийн тусгай албан хаагчдын цалинг 15 ангилал зэрэглэлтэй, дотроо таван шатлалтай байсныг багасган, хамгийн өндөр шатлалаар нь цалинг нэмэгдүүлэхээр тусгаад байгаа. Мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнтэй холбогдуулан бага цалинтай төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх, ажилласан жилийн нэмэгдлийг таван жилээр тооцдог байсныг эхний жилээс эхлэн тооцох зохицуулалтыг бий болгоод байна. Төрийн захиргааны албан хаагчид орон нутгийн нэмэгдэлтэй болох, гүйцэтгэлд суурилсан, үр дүнд суурилсан цалин хөлсний нэмэгдлийг олгох гээд олон багц асуудлуудыг энэ удаагийн төсвийн хуулийн хамт шийдэхээр тусгасан.
Орон нутагт төрийн захиргааны албан хаагчдын ажиллах нөхцөл туйлын хангалтгүй байна. Сум, орон нутагт хамгийн муу барилга захиргааных байгаа. Мөн орчин үеийн тоног төхөөрөмж байхгүй, хөрөнгө оруулалт хязгаарлагдмал. Ийм учраас дээрх асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх захиргааны шинэтгэлийн реформын үе шат эхэлж байна гэсэн хариултыг өглөө.
УИХ-ын гишүүд төрийн албан хаагчидтай холбоотой асуудлыг ганц цалингийн урамшууллын хэмжээнд ярих биш цогцоор нь ярилцан шийдвэрлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байлаа.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Бид хуулийн төслийг өргөн барихдаа явцуу хандсан байна лээ. Суманд болон Багануур, Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газарт ажиллаж байгаа албан хаагчдаас гадна галч, үйлчлэгч зэрэг бүхий л хүмүүсийг хамруулах шаардлагатай тул гаргасан саналыг маань дэмжиж өгөөрэй.
УИХ-ын гишүүн С.Амарсайхан: Налайх дүүргийг нэмж оруулъя. Гурван дүүрэг гурвуулаа алслагдсан дүүрэг. Ижил нөхцөлд байдаг. Нэгийг нь орхигдуулж болохгүй, адилхан л дүүрэг.
УИХ-ын дарга Г.Занданшатар: Налайх дүүргийг оруулахгүй, орхигдуулбал Үндсэн хуулийн зөрчил, ялгаварлал үүснэ.
УИХ-ын гишүүн Н.Энхболд: Энэ хууль маань анх санал болгож оруулсан үзэл баримтлалаасаа тэс ондоо болчихлоо. Суманд ажил хийх хүнгүй боллоо гэж үзэн төслийг санаачилсан. Одоо аймаг руу гаа орлоо, сүүлдээ дүүрэг рүүгээ орлоо. Хэрвээ ялгаварлан гадуурхсанаар Үндсэн хуулийн зөрчил үүснэ гэж байгаа бол нийслэлийнхнийгээ ч нэм.
Өргөн барьсан хууль маань өөр болж байгаа учраас татаж авдаг юм уу гэдэг асуудлыг ярина. Нийслэл, дүүрэг, аймаг гээд санаачлаад явбал эхнээс нь ярина биз.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Сумын тамгын газарт ажилладаг албан хаагчид хамгийн бага цалинтай, сул орон тоо маш их байгаа учраас тасралтгүй таван жил ажилласан нөхцөлд урамшуулал олгохоор заасан. Орон нутагт амьдрах иргэдийг дэмжих зорилгоор орж ирсэн хуулийн төсөл гэж ойлгосон. Суманд орчин нөхцөл сайнгүй байна гээд залуучууд очиж ажиллахгүй байна. Тэднийг дэмжих зорилгоор төслийг санаачилсан биздээ.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: Алслагдсан гурван дүүргийг юуг нь ад үздэг юм бэ, сум орон нутагтай адилхан. Алслагдсан дүүрэгт очоод үз. Нөхцөл байдал нь яг адилхан. Мал, өвөлжөө, худаг усны асуудал ярьдаг.
Эцэст нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх УИХ-ын гишүүн Ц.Идэрбатын гаргасан төслийн 1 дүгээр зүйлд аймгийн төвийн сумын төрийн захиргааны албан хаагчдыг хамруулах, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Ц.Идэрбат, Ц.Сандаг-Очир, Д.Тогтохсүрэн нарын гаргасан мөн зүйлийг “Аймгийн төвөөс бусад сумын болон Нийслэлийн Багахангай, Багануур дүүрэгт тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгох бөгөөд мөнгөн урамшуулал олгох журмыг Засгийн газар батална.” гэж өөрчлөн найруулах саналыг дэмжих нь зүйтэй хэмээн үзсэн бөгөөд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ
Сэтгэгдэл үлдээх