БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж Филиппин Улсын Манила хотод азийн хөгжлийн банк (АХБ)-ны зүүн азийн газрын тогтвортой дэд бүтцийн хэлтсийн захирал Сужата Гуптатай уулзлаа
Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндорж, Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Буяннэмэх нар 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Филиппин улсын Манила хотод Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Зүүн Азийн газрын Тогтвортой дэд бүтцийн хэлтсийн захирал Сужата Гупта, Хот, нийгмийн салбарын хэлтсийн захирал Асиф Чима нартай уулзлаа.
Уулзалтын үеэр уур амьсгалын өөрчлөлтийн Монголд үзүүлж буй нөлөөлөл, Улаанбаатар хотын агаарын бохирдлын өнөөгийн байдал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд болон Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй Хөх морь, Аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж байгуулах төслүүдийн талаар танилцуулж, энэ хүрээнд хэрхэн хамтран ажиллаж болох талаар санал солилцов.
АХБ-ны зүгээс уур амьсгалын өөрчлөлтийн банк болохоор ажиллаж, энэ хүрээнд уур амьсгалын чиглэлээр нийт 100 тэрбум ам.долларын санхүүжилтийг 2030 он хүртэл Ази, Номхон далайн гишүүн орнууддаа олгох том зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа талаар ярилцав.
Уулзалтанд АХБ-ны зөвлөх Д.Эрдэнэтуяа, Уур амьсгалын өөрчлөлтийн мэргэжилтэн А.Баярмаа нар оролцов.
Сэтгэгдэл үлдээх