Цэс Close

УИХ-ын чуулган: МАН хүний эрхийг уландаа гишгэхийн төлөө хүчээ нэгтгэсэн байна

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль зэрэг найман асуудлыг хэлэлцэнэ.

Чуулганы хуралдааны эхэнд нэр бүхий гишүүд горимын санал гаргалаа.

УИХ-ын Б.Пүрэвдорж: МАН долоон жилийн турш үнэмлэхүй олонхоор санал авч, төрийн эрхийг барьсан. Бүх шатанд төр барьж, хууль хяналтын байгууллагыг атгаж байгаа. Гэтэл өнөөдөр ЖДҮ, Концессын гэрээ, Хөгжлийн банк, нүүрсний асуудлыг бид цэвэрхэн, сөрөг хүчин муухай гэж ярьдгаа хэзээ болих юм бэ. Энэ хугацаанд АН-ынхан бүгд гудамжинд гарсан. Тэднийг шалгаад шилийг нь харахгүй яасан юм бэ. Зөндөө шалгаад юу ч гараагүй биз дээ. Би хоёр жил Гашуунсухайтын хулгай луйврыг ярьсан. Гэмт хэргийн шинжтэй асуудлыг ярьж байхад яагаад өнөөдрийг хүртэл АТГ хяналт тавиагүй юм бэ. Тэнд нь хяналт тавиагүй Хилийн тагнуулын газрын даргадаа хариуцлага тооцол доо.

 Нүүрсний машиныг яагаад бүртгэлгүй гаргасан юм бэ. Гаалийн даргадаа хариуцлага тооц. Намайг Б.Ганхуяг хоёр удаа цагдаад өгсөн. Би тодорхой мэдээллийг цагдаад өгөөд байхад шалгаагүй цагдаагийн даргадаа хариуцлага тооц. Хилийн хяналтын албаны дарга, ХӨСҮТ-ийн дарга нарт хариуцлага тооц. Татварын дарга, Авто тээврийн үндэсний төвийн даргадаа хариуцлага тооц. Өнгөрсөн 2016 онд машин болгон авдаг энгийн цаас байсан С зөвшөөрлийг авлигын схем болгож, жолооч болгон хоёр сая төгрөгийн авлига төлдөг болгосон. Яагаад энэ төвийн даргадаа хариуцлага тооцохгүй байгаа юм бэ. Өнөөдрийн өөрсдийн гар хөл болсон дарга нартаа хариуцлага тооцохгүй байж олон нийтийн хяналтад байдаг орон нутгийн өмч дээр Бүрэн эрхэт төлөөлөгч томилж байхын орон хариуцлагаа тооц гэж Засгийн газраас шаардаж байна. 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Яагаад энэ гэрээнүүдийг ил болгоход хойрго хандаад байна вэ? Яагаад ҮАБЗ-ийн гишүүд одоо байгаа мөртлөө тэр бичиг цаасыг ил гаргахгүй байна вэ?  Зургаан жил төр барьж байгаа, бүх шатанд хүчээ нэгтгэсэн эрх баригчид улсынхаа эдийн засагтай тэнцэх хулгай байхад яагаад илрүүлдэггүй юм бэ? Чадваргүй менежерүүд удирдаад байна уу? Иргэд жинхэнэ хулгайч нь сугарч үлдэж байна гэсэн байр суурьтай байна. Иргэд, төрийн хоорондох үл итгэлцэл улам гүнзгий үлдэх гэж байна. 

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: Би яагаад намайг холбогдуулсныг мэдэхгүй байна. Хулгайн асуудалд байгаа ордууд Өмнөговьд байгаа учраас намайг хамаатуулж байгаа байх. Хулгайн асуудалд миний бие оролцоогүй. Та бүхэн баттай итгэж болно. Хууль хяналтын байгууллагууд шалгаж болно. Би дуудсан цагт нь гаргаж өгөх бүх материалаа гаргаж өгөөд шалгуулж, олон түмний эргэлзээг байхгүй болгоно. Харин бидний ард нуугдаж байгаа жинхэнэ хулгайч нарыг илрүүлэхэд жагсагч нартай хамтран тэмцэх болно. 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: "2016 оноос хойш төрийн бүх эрх мэдлийг дангаараа эдэлж, хэнтэй ч хуваалцаагүй нам бол МАН гэдэгтэй хэн ч маргахгүй. Дур зоргоороо аашилсны чинь дүнг талбай дээр ард түмэн тавьж байна. Та бүхнийг хүчээ нэгтгэе гэхэд ард түмэн итгэсэн. Гүйцэтгэх засаглал нь хууль хяналтын байгууллагатай хавсраад ард түмнээ дээрэмдэнэ гэж ард түмэн бодоогүй. Гүйцэтгэх засаглал хууль хяналтын байгууллагатай хавсрахгүйгээр хэн ч хэзээ ч хийж чадахгүй. Хүний эрхийг уландаа гишгэхийн төлөө хүчээ нэгтгэсэн байна. Захаасаа гишүүд чинь гомдлоо гаргаад эхэллээ. Юм л бол сөрөг хүчин рүүгээ дайрдаг. Төмөр замын нарийн царигийг тавиагүйгээс болж алдагдсан боломж тэд гэж ярьж байна. МАН-ын 65 гишүүн хоёр гараараа нарийн царигаар тавих тогтоолыг устгасан. 2020 оны тавдугаар сард энэ тогтоолыг МАН хүчингүй болгосон. Та нар ингэж бүх юмаа сөрөг хүчин рүү чихдгээ боль" гэж ярилаа.

Ийнхүү гишүүд байр сууриа илэрхийлсний дараа УИХ-ын чуулган хэлэлцэх асуудлын дарааллыг баталж, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах