КАТАР-2022: Аргентины шигшээ баг дэлхийн аваргаар тодорлоо
Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шувтаргын тоглолт нэг өнгөрсөн шөнө болж, Аргентин, Францын шигшээ багуудын хооронд хамгийн шилдэг, гал гарсан тулаан болж өнгөрлөө.
Өдгөө 35 настай Лионель Месси, 23 настай Килиан Мбаппе нарын хооронд үзэгчдийн хүсэн хүлээж байсан хүчтэй өрсөлдөөн өрнөсний эцэст 3-3 онооны харьцаатай тэнцэж, аргентинчууд торгуулийн цохилтоор 4-2 онооны харьцаагаар ялалт байгуулжээ. Ингэснээр Аргентин улсын шигшээ баг дэлхийн аваргын цомыг гурав дахь удаагаа хүртлээ.
Лусаил цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтод К.Мбаппе хөл бөмбөгийн ДАШТ-ий шувтаргын тоглолтын түүхэнд 1966 оноос хойш анх удаа хет-трик хийсэн хэдий ч шигшээ баг нь ялагдал хүлээсэн байна.
Л.Месси тоглолтын 23 дахь минутад гоол оруулснаар ДАШТ-ий түүхэнд нэг тэмцээний хэсгийн тоглолт, шөвгийн 16, шөвгийн 8, хагас шигшээ, шигшээ тоглолтод гоол оруулсан анхны тоглогч боллоо. Аргентины шигшээ баг тоглолтын эхний хагаст хоёр гоол оруулан тэргүүлж байсан боловч К.Мбаппе 80, 81 дэх минутад буюу ердөө хоёрхон минутын дотор хоёр гоол оруулснаар тоглолтын хувь заяаг эргүүлжээ. Улмаар Л.Месси 108, К.Мбаппе 118 дахь минутад тус тус гоол оруулснаар онооны харьцаа тэнцсэн.
“Катар-2022” тэмцээний шилдэг тоглогч буюу “Алтан бөмбөг”-ийн эзнээр Л.Месси тодорсон бол “Алтан шаахай” мэргэн буучаар найман гоол оруулсан К.Мбаппе тодорлорр. Харин “Алтан бээлий” шагналыг Аргентины шигшээ багийн хаалгач Эмилиано Мартинес, “Шилдэг залуу тоглогч” шагналыг Аргентины хөлбөмбөгч Энцо Фернандес нар хүртжээ.
Сэтгэгдэл үлдээх