Цэс Close

Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой Ерөнхий хяналтын сонсгол маргааш болно

“Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах” Ерөнхий хяналтын сонсгол маргааш болох гэж буйтай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд өнөөдөр (2022.12.20) хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

Монгол Улсын Их Хурлын даргын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 190 дүгээр захирамжаар “Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой “Нүүрсний хулгай” гэх асуудлыг шалгаж, олон нийтэд нээлттэй, ил тод болгох, хууль хяналтын байгууллагуудын шалгалтын ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор ард иргэдийн оролцоог хангаж Ерөнхий хяналтын сонсголыг нэн даруй зохион байгуулж, үр дүнг тайлагнах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм. Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн, Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны дарга Г.Ганболд, ажлын хэсгийн гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Б.Бейсен, Ж.Бат-Эрдэнэ, Т.Доржханд, Ц.Цэрэнпунцаг, Г.Тэмүүлэн, Т.Энхтүвшин нар ажиллаж байна.

    Мэдээллийн эхэнд ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд ажлын хэсэг хуульд заасан хугацааны хамгийн богино буюу 14 хоногийн хугацаанд сонсголыг зарлаж, маргааш зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангасныг тодотгоод сонсголыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд улс орон даяар шууд дамжуулах боломжтойг хэлэв.

    Сонсгол нь Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах тул тус Байнгын хорооны ирцээр явагдах бөгөөд Монгол Улсаас 2020-2022 онуудад нийт хэдэн боомтоор, ямар хэмжээний нүүрс гаргасан, хэдэн аж ахуйн нэгж ямар хэмжээгээр олборлож, ямар аж ахуйн нэгж тээвэрлэж, хэдий хэмжээний орлого олсон, коксжих нүүрсний дэлхийн болон БНХАУ-ын зах зээл дээрх үнэ, хилийн үнэ, уурхайн аман дээр борлуулж буй үнийн зөрүү, түүний шалтгаан, үнийн зөрүү нь хоёр улсын тодорхой этгээдүүдийн авлига, хууль бус үйл ажиллагааны орлого, татвараас зайлсхийхэд нөлөөлсөн эсэх,  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааны хүрээнд өнөөг хүртэл төлбөрийг ашигт малтмал, түүхий эдээр төлөх нөхцөлтэй /Оффтейк/ болон төлбөрийг урьдчилан авч ашигласан гэрээнүүдийн талаар, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн зүгээс Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслүүдэд ямар хэлбэрээр, хэдий хэмжээний санхүүжилт гарган оролцсон, эдгээр төмөр замуудын 1 км тутмыг ямар өртгөөр барьж байгуулсан тухай, нүүрсний асуудлаар 2013 оноос хойш шийдвэрлэгдсэн, хэрэгсэхгүй болсон хэргүүдийн талаарх мэдээлэл, шалгагдаж байгаа хэргүүдийн явц, шийдвэрлэлтийн байдлын талаар гэсэн сэдвүүдийн хүрээнд зохион байгуулагдана.

    Сонсголд нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотойгоор тайлбар, мэдээлэл өгөх шаардлагатай холбогдох төрийн байгууллагууд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа иргэн, төрийн өмчит компани, хувийн өмчит компанийн мэдээлэл өгөх эрх бүхий албан тушаалтнуудыг оролцуулахаар дуудсан байна.

    Ажлын хэсгийн гишүүн, Улсын Их хурлын гишүүн С.Одонтуяа, Т.Доржханд нар хэвлэлийнхэнд өгсөн мэдээлэлдээ мөн тухайн асуудлаар мэргэшсэн мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагуудаас сонсголд оролцохоор бүртгүүлснийг тэмдэглэж, ажиглагчаар оролцох хүсэлт гаргаж бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээд, иргэний нийгмийн байгууллага, жагсагчид болон улс төрийн намын төлөөллүүд оролцоно. Сонсож байгаа асуудалтай холбогдуулан иргэн, хуулийн этгээдийн төлөөлөл санал хэлэх, мэдээлэл хийх хүсэлтээ ирүүлсний дагуу сонсголд оролцогчдоос санал, үг хэлэх боломжийг хангана гэдгийг хэллээ.

    Ерөнхий хяналтын сонсгол 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 10.00 цагаас Төрийн ордонд эхлэнэ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах