С.Чинзориг: Нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар нэгэнт УИХ-аас шийдвэр гаргаад иргэдийнхээ саналыг сонсохоор нээлттэй сонсгол явуулж байна

Өнөөдөр нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах ерөнхий хяналтын сонсгол иргэдийн шаардлагын дагуу 13:00 цагт Их танхимд хийхээр болсон бөгөөд тус сонсголд үг хэлэхээр 59 иргэн бүртгүүлжээ.
Ерөнхий хяналтын сонсголыг УИХ-ын гишүүн С.Чинзориг даргалж байгаа юм.
Тэрбээр "Өнөөдрийн зохион байгуулж буй ерөнхий хяналтын сонсгол нь холбогдох албан тушаалтнуудын мэдээллийг сонсож, тайлбар авах зорилготой. Харин нүүрстэй холбоотой асуудлаар УИХ-аас байгуулсан Хянан шалгах түр хорооноос хийх сонсгол нь гэрч дууддаг, нотлох баримт цуглуулдаг, нотлох баримтад үнэлгээ хийдэг. Хянан шалгах түр хорооноос хийх сонсгол үүний дараагаар хийгдэнэ. Энэ сонсгол нь хоёр өөр зохицуулалттай гэдгийг оролцогчид анхаарна биз.
Нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар нэгэнт УИХ-аас шийдвэр гаргаад иргэдийнхээ саналыг сонсохоор нээлттэй сонсгол явуулж байна. Ийм учраас иргэд болон гишүүд нь асуултаа асууж, хариултаа авч, саналаа хэлээд явчихвал яасан юм бэ.
Иргэд та бүхэн чөлөөтэй ярь. Мөн гишүүдээр ч яриулъя. Иргэд, гишүүд ээлжлээд асуултаа асуугаад, үгээ хэлээд явах боломжоор нь хангая. Одоогоор сонсголд 59 иргэний нэрийг өгсөн. Эдгээр иргэнээр хязгаарлагдахгүй гэвэл эхний нэр өгсөн хүмүүс нь асуултаа асуугаад үгээ хэлж байг. Тэр хооронд шинээр үг хэлэх иргэд нь нэрээ бичээд өгч болно. Энэ бол УИХ-аас ямар нэгэн алхам хийж байгаа үйлдэл" гэлээ.
Сэтгэгдэл үлдээх