АТГ-ын дарга З.Дашдаваа: Х.Баттулгыг оргосон гэдгийг хэн нотлоод байгаа юм
Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой асуудлаар ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд үргэлжилж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд: "Хөлбөмбөгийн ДАШТ болж байхад энэ нүүрсний хэрэгт холбогдсон оффтэйк гэрээний ард байгаа хамгийн том хүн болох Х.Баттулга хил давсан. Энэ хүнийг АТГ-ын нэр мөрдөгчийн шийдвэрээр хил давсан гэх мэдээлэл байна. Танай байгууллага босоо удирдлагатай биздээ. Таны зөвшөөрлөөр тэр хүнийг явуулсан юм уу эсвэл тэр хүн оргосон юм уу?
АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа: "Нүүрсний гэх тодотголтой эрүүгийн 32 хэрэг ЦЕГ болон АТГ-т шалгагдаж байна. Оффтэйк гэрээнүүд АТГ-т ирсэн. Эдгээр гэрээнүүд дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу мэргэжлийн шинжээч томилох бөгөөд энэ гэрээ нь гэмт хэргийн шинжтэй байна уу, бусдад давуу байдал олгосон байна уу, бусдад их хэмжээний ашиг олоход нь энэ гэрээ хэрэг болсон уу гэх зэргийг мэргэжлийн шинжээчдээр дүгнэлт гаргуулах юм. Энэ дүгнэлт гарсны дараа эдгээр гэрээнүүд гэмт хэрэг мөн эсэх нь тогтоогдох юм.
Т.Доржханд гишүүн Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг оргуулсан гэдэг зүйлийг ярьж байна. Манай байгууллага тухайн хүнээс тайлбар авсан. Гурван асуудлаар шалгаж байгаа бөгөөд тодорхой дэлгэж ярих боломжгүй. Ямар ч байсан Эрдэнэс тавантолгойтой холбоотой асуудлаар тайлбар авсан. Х.Баттулгыг оргосон гэдгийг хэн нотлоод байгаа юм. Энэ хэрэг шүүх дээр очоод тэр хүн яллагдагчаар татагдсан байхад тэр хүн байхгүй бол оргосон гэж үзнэ. Хууль нь ийм юм. Хоёрдугаарт Эрүүгийн хэрэг хянан шалгах тухай хуулийн дагуу хэрэгт оролцогч нар эрх үүргийнхээ дагуу оролцохоос биш хэн нэгэн албан тушаалтан, иргэн энэ хэрэгт оролцохгүй. Хуулиараа хориотой байдаг" гэв.
Сэтгэгдэл үлдээх