АН, МҮАН-тай нэгдэж, Ерөнхий сайд асан М.Энхсайхан АН-ын гишүүнчлэлээ сэргээлээ
“Ардчилсан нам”-ын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан амралтын өдрүүдэд /2022.12.24-25/ боллоо. Энэ хурлаар үеэр Монголын үндэсний Ардчилсан нам /МҮАН/, Ардчилсан намтай албан ёсоор нэгдэж, нийлж ажиллахаар болсноо зарлалаа.
Ингэснээр Монгол Үндэсний Ардчилсан Намын дарга Б.Цогтгэрэл намын үйл ажиллагаагаа зогсоож, Ардчилсан намтай албан ёсоор нэгдэж, Ардчилсан намын даргаас АН-ын батлахыг гардан авлаа.
АН-ын дарга С.Эрдэнэ: "Нэг үзэл санаа, үнэт зүйлтэй хоёр нам нэгдэж байна. Тодорхой түүхийн хугацаанд тус тусдаа улс төрийн үйл ажиллагаагаа явуулж байсан. Гэвч өнөөгийн нийгэмд үүсээд буй нөхцөл байдалд үнэлэлт өгч, цаашид ардчилсан хүчнүүд нэгдэж, улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд хүчтэй нөлөө үзүүлэх, үүсээд буй хүндрэлтэй байдлыг амжилттай давах, дараагийн бүх шатны сонгуульд амжилттай оролцох зэргийг ярилцаж, санал нэгдсэний үндсэн дээр өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулж байна. Цаашид улам хүчирхэг намыг байгуулж, нийгэмд үзүүлэх ардчиллын үр нөлөөг дээшлүүлэх, эрх баригчдын явуулж буй бусармаг үйл ажиллагаанд хяналт тавих, тэдэнтэй тооцох хариуцлагыг чангатгахад анхаарч ажиллана" гэв.
МҮАН татан буугдаж, АН-тай нэгдсэн учраас Монгол улсын 18 дахь Ерөнхий сайд асан М.Энхсайхан 16 жилийн дараа Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээж, Ардчилсан намд эргэн ирж намын батлахаа гардан авлаа.
Сэтгэгдэл үлдээх