Шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Уламжлалт сар шинийн баярын өдрүүдтэй холбоотойгоор Замын удирдлагын төв болон Тээврийн цагдаагийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцууллаа. Энэ цагаан сарын баяраар шинийн нэгнээс гуравны өдрүүд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй бол битүүний өдөр, шинийн дөрвөн буюу 2 дугаар сарын 24-ны баасан гарагт дугаарын хязгаарлалт үйлчлэх аж.
Тээврийн цагдаагийн албаны олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Очирбат “Цагдаагийн байгууллагаас “Сар шинэ-2023” арга хэмжээг зохион байгуулж байна. Нийслэл хотын хэмжээнд 376 уулзвар, 1700 гаруй орц, гарц бий. Гэвч ЦЕГ-аас эдгээр уулзвар, гарц, орцын гуравны нэгд л хүрч ажиллах хүн хүчний нөөцтэй. Тийм учраас хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарт зөвлөхөд сар шинийн баярын өдрүүдэд, ялангуяа шинийн нэгэн, хоёрны өдрүүдэд зах, гэр хороолол руу чиглэсэн хөдөлгөөнд замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилтийг хангаж, аль болох эгнээ байраа солихгүй, зэргэлдээ нутаг дэвсгэрээр дамжиж хөдөлгөөнд оролцохгүй байхыг уриалъя. Энэ дүрмийг мөрдөөгүйгээс үүдээд зам тээврийн осолж гарч, гол замууд дээр түгжрэл үүсдэг.
Шиний гуравнаас хойш орон нутгийг чиглэсэн шилжилт, хөдөлгөөн ихэсдэг. Тийм учраас иргэд маань замын хөдөлгөөний дүрмээ баримталж, бүсээ зүүж, хөдөлгөөнд соёлтой оролцох хэрэгтэй. Хурдаа зөв тохируулан, үдэш шөнийн цагаар гэрлээ шилжүүлж зорчоорой гэж зөвлөе" гэв.
Сэтгэгдэл үлдээх