Нүүрсний сонсголд Д.Сумъяабазар дуудагдах уу?

Хотын дарга Д.Сумъяабазар үүрэгт ажлаа хүлээж аваад хоёр жил гаруйн хугацаа өнгөрлөө. Тэрээр засаг дарга болохдоо Улаанбаатар хотод бугшсан олон асуудлыг шийднэ гэж гишүүний суудлаасаа татгалзсан. Гэсэн ч бүрэн эрхийнх нь хугацааны талаас илүү нь улирчихаад байхад хотод яг юу хийсэн бэ, ялангуяа ямар эерэг өөрчлөлтүүд гарсан бэ гээд харвал дорвитой хэлэх зүйл бараг алга. Үндсэндээ “энд хүмүүс амьдардаггүй, зүгээр амьд үлдэхийн төлөө тэмцдэг” гэж зарим иргэн нийгмийн сүлжээнд маш оновчтойгоор тодорхойлоод байна. УИХ-д товлогдсон нүүрсний гэх хэргийн нээлттэй сонсголд хамгийн түрүүнд дуудагдах зүй ёсны хүн бол хотын Захирагч Д.Сумъяабазар гэж олон хүн хэлж байна. Учир нь, УИХ-ын гишүүн Н.Ганибал “Уран хайж байсан “Арево” корпораци илрүүлсэн нүүрсний ордоо Монголын ЗГ-т буцааж өгөх үед Д.Сумъяабазар Уул уурхайн сайд байсан. Мэдээлэлд ойр, давуу байдлаа ашиглаж, уг ордыг нийслэлийн мэдэлд авсан байна. Уг ордын орлогоор LRT, BRT төслүүдээ санхүүжүүлнэ гэж ярьж байна” гэж хэлж байсан удаатай. Эндээс харахад ямартаа ч хотын дарга нэн тэргүүнд дуудагдах нь лавтай болж байна.
Тэрээр хот дотроо ч нэгдэж нийлж ажиллаж чадахгүй бололтой. Учир нь НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Пүрэвдаваа хотын даргын талаар хэлэхдээ "НИТХ-ын дарга болон Улаанбаатар хотын Засаг дарга хоорондоо учраа олохгүй байна. Уг нь НИТХ нийслэлийн Засаг даргыг томилдог ч одоо ажлаа хийж чадахгүй байна. Гэтэл Д.Сумъяабазар иргэдийн хурлын хуралд оролцдоггүй юм. Ямар бодлого барьж, юу хийж байгааг нь мэдэхгүй юм. Өмнөх Засаг дарга, хурлын дарга, Д.Сумъяабазар нь ийм хууль бус шийдвэр гаргажээ, тийм ч хууль бус юм хийжээ гэх мэт мэдээлэл цахимд маш их байна. Энэ засаглаж байгаа намын хүмүүс хоорондоо учраа олохгүй байгааг харуулж байгаа юм" гэсэн юм.
Сэтгэгдэл үлдээх