Цэс Close

Их Британийн хаан ширээнд гуравдугаар Чарльзыг залах ёслолд Ерөнхийлөгч гэргийн хамт оролцов

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт Лондон хотын Вэстминстерийн сүмд ИБУИНХУ-ын Цог Жавхлант Хаан гуравдугаар Чарльз болон Хааны хатан Камилла нарыг хаан сэнтийд залах төрийн ёслолд оролцов. Монгол Улсын Төрийн тэргүүн ИБУИНХУ-ын Цог Жавхлант Хааны урилгаар хаан сэнтийд залах төрийн ёслолд анх удаа оролцлоо. Энэхүү үйл ажиллагаа нь 1,000 гаруй жилийн өнө эртний түүхтэй өвөрмөц зан үйл бүхий төр, шашин, соёлыг хослуулсан ёслол бөгөөд Хаан гуравдугаар Чарльз 1066 оноос хойш Вэстминстерийн сүмд хаан сэнтийд заларч буй 40 дэх хаан болж байна. Хаан гуравдугаар Чарльзийг хаан сэнтийд эртний уламжлалын дагуу залж буй нь Хатан хаан хоёрдугаар Элизабетын 70 жилийн засаглалын дараах шинэ эринийг эхлүүлж, ирээдүйг бэлэгдэж буйг Букингемийн ордноос мэдэгдсэн юм. Хаан сэнтийд залах төрийн ёслолд Хааны гэр бүл, гадаадын улс орны төр, засгийн тэргүүн зэрэг 2,000 орчим дээд, өндөр хэмжээний зочид оролцов. Монгол Улс Британи Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай бөгөөд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ онд тохиож байна. Монгол Улс 1969 онд Лондонд Элчин сайдын яамаа нээсэн бол Британи улс 1964 онд Улаанбаатар хотод Элчин сайдын яамаа нээсэн.

Эх сурвалж: ГХЯ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах