Г.Занданшатар: Авлигал, хээл хахуулиас ангид, үр нөлөөтэй шийдвэр гаргадаг парламентуудын жишгийг харахад 100-аас дээш гишүүнтэй
УИХ-ын Г.Занданшатар УИХ-аас удирдлага нь томилогддог байгууллагын удирдлагууд, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, Засгийн газрын агентлагуудын дарга нартай уулзалт хийв.
УИХ-ын Тамгын газар, Төрийн албаны зөвлөлөөс хамтран зохион байгуулсан уулзалтыг Б.Баатарзориг дарга нээж үг хэлэхдээ төрийн албаны өөрчлөлт, шинэчлэлт хүрээгээ тэлж буйтай холбоотойгоор тулгамдаж байгаа асуудлуудын талаар зөвлөлдөх, Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомжийг хэрэгжилтийг хангахын тулд нэгдмэл мэдээлэл, ойлголттой байх зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулж байгааг тэмдэглэлээ.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар танилцуулав. Улсын Их Хурлаар дээрх төслийн нэг дэх хэлэлцүүлгийг 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хийсэн бөгөөд гишүүд тойрогтоо ажиллаж байгааг уулзалтад оролцогчдод мэдээллээ. Улсын Их Хурлын гишүүд долоо хоногийн хугацаанд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар иргэд, сонгогчдодоо мэдээлэл танилцуулж, санал бодлыг нь сонсох юм байна.
Нэн тэргүүнд Улсын Их Хурлын дарга 2023 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд эхлүүлж буй эрх зүйн шинэчлэлийн талаар товч мэдээлэл танилцууллаа. Геополитикийн сүүлийн үеийн нөхцөл байдал, дэлхийн дэг журам өөрчлөгдөж байгаагийн зэрэгцээ цар тахал, биологийн эрсдэлт нөхцөл тулгарсан. Дэлхий дахин цар тахлыг амжилттай даван тууллаа гэдгийг өчигдөр ДЭМБ-аас албан ёсоор зарласан. Гэхдээ дараагийн эрсдэл ойрхон байж болзошгүйг эрдэмтэд сануулж байгаа аж.
Цар тахлын эрсдэлийг давах туулах зорилгоор Монгол Улс 1.3 жилийн хугацаанд "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын орлогоос иргэдийн цахилгаан, дулааны төлбөрийг төлөх, НДШ, ЭМДШ-ийн хөнгөлөлт, чөлөөлөлт, иргэдийн зээлийн дарамтыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хүүхдийн мөнгө, вакцин тариулсан хүмүүст олгосон урамшуулал гэх зэргээр нийтдээ 5.7 их наяд төгрөгийг шууд зарцуулсан болохыг дурдлаа.
Эрх зүйн шинэчлэлтийг хийж буй энэ цаг үед тэгш бус байдлын индекс өндөр буюу энгийнээр бол баян, ядуугийн ялгаа ихтэй байгааг, ажил эрхлэлтийн түвшин доогуур байгаагаас үүдэн ядуурлын түвшин 30 орчим хувьтай байгааг хэлж байв. 1992 онд шинэ Үндсэн хуулиар Монгол Улс хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм, чөлөөт зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэнээс хойш 30 жил хугацаанд нэг хүнд ногдох ДНБ 5033 ам.долларт хүрч, хүн амын тоо 3.4 сая болж өссөн. Дундаж наслалт 71 болж, хүний хөгжлийн индекс 0.74 болсон зэрэг эерэг үзүүлэлтүүд гарсан бол тэгш бус байдал 28 хувьтай байгаа тоон мэдээллийг танилцууллаа. Улаанбаатар хотын хүн ам 1992 онд 586 мянга байсан бол одоо 1.6 сая болж, хүн амын хэт төвлөрөл бий болжээ. Авлигын төсөөллийн индексээр 2004 онд 145 улсаас 85 дугаарт жагсч байсан бол 2022 оны байдлаар 180 улсаас 116 дугаар эрэмбэлэгдэж байгаа юм байна.
Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал сэргэж байгааг Г.Занданшатар дарга дурдаад “Азидаа эдийн засгийн өндөр өсөлттэй улсуудын тоонд багтаж байгаа. Манай эдийн засаг 2020 онд 4.6 хувиар унаж байсан бол 2022 онд 4.8 хувийн өсөлттэй байлаа. Энэ оны эхний улиралд 7.6 хувьтай байгаа, оны эцсээр 7-8 хувийн өсөлттэй байх төлөвтэй байна” гээд төрөл бүрийн түүхий эдүүдийг боловсруулж, нэмүү өртөг шингээн, ажлын байр бий болгох нь эдийн засгийн аюулгүй байдлыг хангахад нэн чухал хэмээн тэмдэглэж байв. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын дарга гадаад өрийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл танилцуулсан юм.
Эдийн засгийн нөхцөл байдлаа сайжруулахын тулд засаглалын, нийгмийн бодлогын реформ хийх хэрэгтэйг дурдсан. Засаглалаа сайжруулж, авлигалтай тэмцэж, тунгалаг төртэй болсны үндсэн дээр эдийн засаг сайжирч, иргэн бүрийн амьдралын чанар дээшилнэ гэдгийг мөн хэлж байлаа. Иймд Улсын Их Хурал 2023 оны хаврын ээлжит чуулганаараа авлигатай тэмцэх эрх зүйн шинэчлэлийг хийхээр зорилт дэвшүүлсэн. Авлигаас ангижирч чадвал эдийн засаг жам ёсоороо тэлнэ, хөгжинө. Эдийн засгийн нөхцөл байдал сайжирвал хүний хөгжил тэргүүтэй олон асуудал шийдэгдэнэ. Төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах нь шийдвэрлэх ёстой чухал зорилт бөгөөд энэ дөрвөн зорилт нь Улсын Их Хурлын эрх зүйн шинэчлэлийн үндэс гэлээ.
Энэхүү эрх зүйн шинэчлэлийн нэг багана нь засаглал, улс төрийн реформ бөгөөд дотроо Авилгатай тэмцэх багц хууль, 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амилуулах эрх зүйн шинэтгэл буюу Үндэсний баялагийн сангийн хууль, Ерөнхийлөгчийн тухай хууль, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, мөн сая батлагдсан Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг батлах, түүнчлэн Улс төрийн нам, тогтолцоог шинэчлэх багц хууль болохыг танилцуулав.
Энэ зорилтын хүрээнд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг баталсан бөгөөд бүх шатанд авлигалыг таслан зогсоох зорилготойг онцлон тэмдэглэсэн юм. Төрөөс хэрэгжүүлж буй бүх төрлийн арга хэмжээг төрийн албан хаагчид гүйцэтгэдэг бөгөөд тэдгээрийн ажиллах орчин, нийгмийн баталгааг хангаж, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэн, үйл ажиллагааг нь нээлттэй, ил тод болох замаар авлигал, хээл хахуулийг таслан зогсоох боломжтой хэмээлээ. Иймд өнөөдрийн уулзалтад оролцогчид төрийн албаны цалин, хөлсний тогтолцоог шинэчилж, үр дүн, бүтээмжид суурилсан оновчтой тогтолцоотой болгоход шаардагдах суурь судалгааг байгууллага бүр дээрээ Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн хүрээнд байгуулагдах таван хүний бүрэлдэхүүнтэй зөвлөлийнхөө хүрээнд хийж гүйцэтгэхийг чиглэл болгов. Тодорхой тооны албан тушаалтнууд, албан хаагчдын үйлдлээс болж нийт төрийн албан хаагчдаа, төрийн албыг буруугаар цоллох нь зохимжгүй гэдэг байр суурийг танилцуулгынхаа үеэр Улсын Их Хурлын дарга дурдаад “Ганц, хоёр үл бүтэх хүмүүсээс болж төрийн албаны нэр хүнд унаж байгаа гэх шүүмжлэл төрийн албан хаагчдын дунд яригддаг. Тийм хүмүүстэйгээ тэмцэх, төрийн албыг цэвэр тунгалаг байх боломжийг бүрдүүлэх үүднээс Улсын Их Хурал Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэж, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг баталсан” хэмээсэн.
Төр цэвэр тунгалаг байхад улс төрийн намуудын боловсон хүчний бодлого нэн чухал гэдгийг дэлгэрэнгүй тайлбарлаад Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг шийдвэрлэсний дараа Улсын Их Хурал Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэлийг яаралтай хэлэлцэх болно гэв.
Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын дарга, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар мэдээлэл танилцуулж, харьяа байгууллагууд дээрээ холбогдох мэдээлэл, танилцуулгыг хийгээд иргэд, төрийн албан хаагчдын санал бодлыг нэгтгэн ирүүлэхийг хүслээ.
Парламент хүчтэй, ардчилсан байх шинж чанарыг Олон Улсын Парламентын Холбооноос дараах 5 шалгуур үзүүлэлтээр тодорхойлно гэж үздэг байна. Энэ нь НҮБ-ийн Тогтвортой хөгжлийн зорилт 16 буюу аль ч түвшинд хүртээмжтэй, хариуцлагатай, үр дүнтэй институцийг бий болгох зорилтын шалгуур дээр тулгуурласан.
Нэн тэргүүнд, төлөөллийн ардчиллыг хэрэгжүүлж байгаа чадвартай, удаад нь нээлттэй, ил тод байдлыг хангасан, гуравдугаарт иргэдийн оролцоо буюу хүртээмжтэй байдлыг хангасан байх гэжээ. Манайд парламентын үйл ажиллагаа ард түмэндээ нээлттэй, ил тод явдаг болохыг тэрбээр онцлов. Зөвлөлдөх санал асуулга явуулж, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах d.parliament.mn цахим систем нэвтрүүлж, иргэд сонгогчидтойгоо уулзах, санал бодлыг нь сонсох, нийтийн сонсгол, нээлттэй хэлэлцүүлэг хийх зэрэг ажлуудыг зохион байгуулж байгааг мөн оролцогчдод танилцуулсан юм. Дөрөвдүгээрт, гишүүд сонгогчдынхоо өмнө хариуцлагатай байх, тайлагнадаг байх шаардлагатай. Нэг шалгуур нь парламент өөрөө ёс зүйн дүрэмтэй байх асуудал байдаг, иймээс Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг батлан мөрдөж байгааг Г.Занданшатар дарга танилцуулгадаа дурдсан юм.
Үр нөлөөтэй байх шалгуурыг хангахын тулд төсвийн асуудал хөндөгдөнө. Олон улсын туршлага, жишгээрээ шүүх, парламент хоёр зайлшгүй бие даасан төсөвтэй байж, хараат бус байдлаа баталгаажуулдаг. Үүний хамт бие даасан судалгаа, мэдээллийн бүтэцтэй байж шийдвэр бүрээ судалгаа, шинжилгээ, тооцоололд суурилж гаргадаг байх шаардлагатай учраас Хууль зүйн үндэсний хүрээлэнг судалгааны төв болох нь зүйтэй хэмээн шийдвэрлэсэн болохыг тайлбарлалаа. Тавдугаарт, Үр дүнтэй үйл ажиллагаатай байх асуудал бөгөөд бие даасан төсөвтэй, мэргэшсэн ажлын албатай байх, бие даасан судалгаа мэдээллээр (access to unbiased research and information) хангагддаг байх асуудал тавигддаг байна. Түүнээс гадна засаглалын харилцан хяналт, тэнцлийг хангаж байгаа байдал чухал шалгуур болдог аж.
Дээрх шалгууруудаас төлөөллийн ардчиллыг хэрэгжүүлэх чадамжийн талаар Улсын Их Хурлын дарга онцлон танилцуулж, мэдээлэл өгөв. Нэн тэргүүнд нийгмийн болон улс төрийн үзэл санааны төлөөллийг хангаж буй эсэх, улс төрийн намууд гишүүд, дэмжигчдээ төлөөлөх дотоод ардчилалатай эсэх, жендэрийн төлөөллийг хангаж буй эсэх нь чухал гээд “Иймээс гишүүдийн тооны асуудал хөндөгдөж байгаа. Түүнчлэн нутаг дэвсгэрийн төлөөлөл, нийгмийн бүлгүүдийн төлөөлөл багтаж буй эсэх нь парламентын төлөөллийн ардчиллыг хэрэгжүүлэх чадамжтай эсэхийг илэрхийлнэ” гэлээ. Энэ шалгуурыг хангах буюу жинхэнэ төлөөллийн ардчиллыг хэрэгжүүлж, ард түмний хүсэл зоригийг илэрхийлэх бодлого тодорхойлж, хууль тогтоомж батлахын тулд парламентын гишүүдийн тоог нэмэх асуудлыг хөндөж байгаа гэв.
Тойрог нь нутаг дэвсгэр, хүн амыг зэрэг төлөөлж чадахгүй байгаа нь нууц биш. Өргөн уудам нутагтаа хүн ам нь сийрэг суурьшсан манайх шиг улс олон шалтгаанаар нутаг дэвсгэрийн төлөөллийн зарчмыг хангаж байх шаардлагатай байдаг. Өргөн уудам нутагтай Австрали Улсад 541 мянган хүн амтай Тасманы аралыг 8.1 сая хүнтэй Нью Саут Уэлс мужтай адил төлөөлөл буюу 12, 12 сенатор төлөөлдөг. Ардчиллын үнэт зүйл бол хүн болгоныг оролцуулах оролцооны, төлөөллийн зарчмыг хангах ёстой. Манайд хүн амын тооноос шалтгаалан Улаанбаатар хотоос илүү олон гишүүн сонгогдох ёстой гэж ярьдаг. Хүн амын тоог шууд харгалзах тохиолдолд энэ нь зөв бөгөөд нэг газраас олон гишүүн сонгогдох хэрээр төсөв, хөгжил тэнд илүү төвлөрөх эрсдэл бий. Тиймээс Увс аймгийн Давст сум, Дорнод аймгийн Халх гол сумын төлөөлөл, үндэсний цөөнхийн хувиар Баян-Өлгий аймгийн төлөөллийг хангах л ёстой. Газар улсын үндэс учраас, геополитикийн орчин нөхцөлөө тооцсон ч нутаг дэвсгэрийн төлөөллийг хангах нь нэн чухал. Нийгмийн бүлгүүдийн төлөөлөл буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл, жендер буюу манай тохиолдолд эмэгтэйчүүдийн төлөөллийг л хангах ёстой гэдэг ч үүний хамт ахмад настнууд, малчид гээд бусад олон төрлийн нийгмийн бүлгүүдийн төлөөлөл зэрэгцэн, олон ургалч үзлээр асуудалд хандах нь үр дүнтэй шийдвэрт чухал юм.
Анх буюу 1992 онд ч парламент 122, 102 140 50 гишүүнтэй байх гээд олон хувилбар яригдаж байсныг Улсын Их Хурлын дарга дурдсан. Тухайн үед хүн амын тоо 2.2 сая, үүнээс 1.1 сая нь сонгуулийн насны иргэд байсан бол өнөөдөр 3.4 сая иргэний 2.2 сая нь сонгуулийн насныхан байна. 2 дахин өссөн, ийм үндэслэлээр төлөөллийн зарчмыг хангах шаардлагаар парламентын бүрэлдэхүүнийг 2 дахин өргөжүүлэх шаардлага үүсээд байна гэж үзсэн юм. Парламентын одоогийн бүтэц нь авлигал, нөлөөллийн эрсдэл өндөртэй. Тогтолцоо, тоог өөрчлөх өөр нэг шалтгаан бол санал гээгддэг асуудал юм. Ний нуугүй хэлэхэд 2020 оны Улсын Их Хурлын сонгуулиар МАН сонгуульд оролцсон иргэдийн 45.8 хувийн саналаар парламентын 80 хувийн суудлыг авсан. Үүний цаана сонгуульд оролцсон нийт иргэдийн 55 хувийнх нь санал мажоритар тогтолцооны онцлогоос болж гээгдсэн. Мэдээж ард иргэдтэйгээ нэн ойрхон, холбоотой ажилладаг гэх зэрэг давуу тал бий. Мажоритар тогтолцооны сайн тал ч бий, сул тал ч бий. Авлигал, хээл хахуулиас ангид, үр нөлөөтэй шийдвэр гаргадаг гэж ард нийтдээ хүлээн зөвшөөрөгдсөн парламентуудын жишиг харахад дандаа 100-аас дээш гишүүнтэй байгаа гэдгийг хэлж, тоо баримтууд танилцуулав.
Дээрх хүрээнд манай хууль тогтоох дээд байгууллага ихэнх шалгуурыг хангадаг боловч төлөөллийн чадамж болон засаглалын хяналт тэнцлийн шалгуур дээр дутуу дулимаг байдаг гэлээ. Иймд төлөөллийг хангах сонгуулийн тогтолцоог өөрчилж, гүйцэтгэх засаглалын зохистой хяналт тэнцлийг Улсын Их Хурлын гишүүдийн тоог нэмэх замаар засаж сайжруулахаас өөр арга зам байхгүй хэмээн тайлбарласан. Гишүүдийн тоог нэмэхээр зардал, төсөв нэмэгдэнэ гэж байгаа ч үүнийг нэмэгдүүлэхгүйгээр, одоо байгаа хэмжээнд нь багтаах бүрэн бололцоотой гэдгийг танилцуулгынхаа үеэр Г.Занданшатар дарга тайлбарласан.
Парламент бол олон ургалч үзэлтэй, ард түмэнд хүлээн зөвшөөрөгддөг легитим чанартай байх ёстой учраас сонгуулийн тогтолцоог өөрчилж, парламентын төлөөллийн чадамжийг сайжруулах буюу нутаг дэвсгэр, хүн ам, нийгмийн бүлгүүдийн төлөөлөл болон жендэрийн төлөөллийг хангах шаардлагын үүднээс парламентын бүрэлдэхүүнийг зайлшгүй өргөжүүлж, гишүүдийн тоог нэмэх шаардлагатай болж байгаа аж.
Танилцуулгынхаа төгсгөлд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар төрийн албаны цалингийн шинэчлэлтийн талаар Улсын Их Хурлаас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэн, шийдвэрлэсний дараа Улсын Их Хурал төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Төсвөөс цалинждаг нийт 225205 төрийн албан хаагч байдаг байна. Төрийн өмчийн компаниудын албан хаагчдыг тооцвол нийтдээ 300 орчим мянган хүн төрөөс шууд болон шууд бусаар цалинждаг бөгөөд энэ нь нийт хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн 26 хувь гэлээ. Үүнээс 22000 нь төрийн захиргааны албан хаагч бол 47200 нь төрийн тусгай алба хаагчид байдаг аж. Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын төрийн үйлчилгээний албанд 99000 хүн, эрүүл мэндийн болон бусад салбарт 52700 хүн ажилладаг. Төрийн албан хаагчдын 67.6 хувь нь төрийн үйлчилгээний албан хаагч байгаа байдаг аж. Эдийн засгийн өсөлт, гадаад, дотоод хүчин зүйлсээ тооцоод дээрх бүхнийг цогцоор нь харж төрийн албан хаагчдын цалингийн зөрүүг арилгах, нэмэх асуудлыг шийдэх нь зүйтэй хэмээн Улсын Их Хурал үзэж байгаа гэв. Өнгөрсөн хугацаанд үүссэн 295 ялгаатай цалинг цэгцэлж, 2022 онд 59 болгосон. Үүнийг дахин нягталж, төрийн албаны зэрэглэлийг цэгцэлж, ойлгомжтой болгох, адил бүтээмжтэй хөдөлмөр бол адил үнэлэмжтэй байх зарчимд шилжүүлнэ гэлээ. Төрийн үйлчилгээний салбаруудын цалингийн хэмжээ харилцан адилгүй хэт ялгаатай байгааг Улсын Их Хурлын дарга сануулаад “Төрийн албан хаагчдын цалин нийгмийн баталгаатай холбоотой асуудлыг салбарын 30 гаруй хуулиар зохицуулж байна. Хууль бүрд салбарынхаа цалин хөлсний асуудлыг тусгах байдлаар ялгаа үүсгэж байна. Орон нутгийн байгууллагын ажилчдын үндсэн цалин нийслэлийн ижил төстэй байгууллагынхаас бага байна. Сумын Засаг даргын Тамгын газарт ажиллах хүн олдохгүй байна. Төвлөрлийг сааруулах бодлогыг хэрэгжүүлэхдээ цалингийн бодлогоор дэмжих шаардлагатай. Орон нутгийн боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ сайн байж иргэд нутаг, орондоо амьдарна. Эс бөгөөс “Улаанбаатар улс” болж хувирах гээд байна. Ийм учраас төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг эхний ээлжид нэмэгдүүлэх чиглэл баримтлахаар төлөвлөж байна. Үүнийг хэрэгжүүлэхэд Та бүгдийн үнэн, бодит судалгаа, санал чухал хувь нэмэр болно” гэлээ. Түүнчлэн бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр дор бүрнээ судалгаа хийж, санаачилга гаргахыг Улсын Их Хурлын дарга үүрэг болгов.
Төрийн албан хаагчийн нийт 14 сүлжээний 566 шатлалтай цалинг 6 сүлжээний 61 суурь цалин болгон шинэчилэх юм байна. Мөн төрийн албан хаагчдын үндсэн цалингийн хэт зөрүүг арилгана. Ингэхдээ өндрийг нь багасгаж биш, багыг нь нэмэгдүүлэх байдлаар зохицуулах аж. Албан тушаалын зэрэглэл хоорондын зөрүүг зохистой хэмжээнд хүргэхийн сацуу олон төрлийн нэмэгдлийг үндсэн цалинд нэгтгэн, бүтээмжид суурилсан цалин хөлсний тогтолцоог нэвтрүүлэхээр төлөвлөөд байгаа аж. Эцэст нь төрийн албан хаагчдын цалин хөлс, нийгмийн баталгааны асуудлыг зөвхөн Төрийн албаны тухай хуулиар зохицуулахаар ерөнхий чиглэлийг гаргасныг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар танилцуулсан юм.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль 234251 албан хаагчид үйлчилнэ
Уулзалт Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн танилцуулгаар үргэлжиллээ. Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, сахилга, хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр энэ сарын 04-ний өдөр батлагдсан дээрх хуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Анхдугаар Зөвлөлдөх санал асуулгад оролцогчдын 85.9 хувь нь төрийн албаны ёс зүйн асуудлыг хуульчлах шаардлагатай гэж үзсэн бөгөөд үүнд үндэслэн Улсын Их Хурлын дарга захирамж гаргаж, ажлын хэсэг байгуулж, хуулийг баталсан талаар мэдээлэл танилцуулав. Хууль нийт 7 бүлэг, 19 зүйлтэй. 4232 төрийн байгууллагын 225205 албан хаагчаас гадна 103 төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн 103 эрх бүхий албан тушаалтан, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8928 төлөөлөгч, олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн дарга, гишүүн, ерөнхий захирал, Ирээдүйн өв сан корпорацийн эрх бүхий албан тушаалтан, хяналтын зөвлөлийн гишүүд, Улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжилт авч төрийн тодорхой чиг үүргийг хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтан гэх зэрэг 234251 албан хаагчид үйлчлэх юм байна.
Төрийн ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмаас гадна ард түмэнд үйлчлэх; мэргэшсэн, тогтвортой байх; улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаанаас ангид байх; Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах; төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах; ил тод байх; ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх; захирах, захирагдах ёсыг баримтлах гэсэн 8 зарчмыг баримтлахаар хуульчилсан байдаг. Өнгөрсөн хугацаанд төрийн албанд сонгон шалгаруулахдаа чадахуйн зарчмыг баримталж ирсэн нь оновчгүй байсан гээд Б.Баттөмөр гишүүд зарим баримт, мэдээллийг дурдлаа. Үүн дээр шинээр баталсан хуулиар хүнлэг, энэрэнгүй байх; үнэнч, шударга байх; хариуцлагатай байх; манлайлах; хамтач байх ёс зүйн зарчмыг төрийн албан хаагчид мөрдөх болж байгааг танилцууллаа.
Дээр дурдагдсан 234251 албан хаагч нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан Төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг, Авлигын эсрэг хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 10 дугаар зүйлд заасан үүргээс гадна Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиар дараах үүргийг хүлээж байгаа аж. Иргэний хүсэлтэд анхааралтай хандаж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хариу өгөх; эрх бүхий байгууллагаас баталсан хувцаслалтын шаардлагыг баримтлах; бусдын бие эрхтний онцлогийг зохисгүй үг, үйлдлээр илэрхийлэхийг цээрлэх; хөгжлийн бэрхшээлтэй хүний өөрийгөө илэрхийлэх үйлдлийг даган дуурайхгүй, ёс бус үг, хэллэг хэрэглэхгүй байх; бусдын ажил хэргийн санаа бодлыг үл хүндэтгэх, мушгин гуйвуулахгүй байх, худал мэдээллийг аливаа хэлбэрээр тараахгүй байх; бусдын өөрийгөө хөгжүүлэх, мэдлэг ур чадвараа дээшлүүлэх, сурч боловсрох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хясан боогдуулахгүй байх; албан томилолтоор гадаад улсад ажиллахдаа дипломат ёс, жаягийг чанд баримтлах, Монгол Улсын нэр хүндэд харшилсан аливаа үйлдэл гаргахгүй байх; албаны нэрийг хувийн зорилгоор ашиглахгүй байх зэрэг үүргийг шинээр хүлээх юм байна.
Харин Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйл, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлд заасан хориглох зүйлс болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн Гуравдугаар бүлэгт заасан хориглолт, хязгаарлалтаас гадна дараах зүйлсийг хориглохоор Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд тусгасныг Б.Баттөмөр гишүүн танилцууллаа. Төрийн албан хаагчийн хувьд хуулиар тогтоосон иргэний эрх, эрх чөлөөний хязгаарлалтыг үг, үйлдлээр эсэргүүцэх, бусдыг өдөөн турхирах; удирдлагадаа байгаа төрийн жинхэнэ албан хаагчийг улс төрийн үйл ажиллагаанд татан оролцуулах, оролцох санал тавих хүний эмзэг болон хувийн мэдээллийг бусдад дамжуулах, гутаах; албаны чиг үүрэгтэй холбоотой мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулах, буруу, дутуу мэдээлэл, тайлбар өгөх зэргээр удирдлагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд нөлөөлөх; үндэсний өв уламжлал, ёс заншлыг гутаах, доромжлох, үйлдэл хийх; соёлын ялгаатай хэв шинжийг харьцуулах, шүүмжлэх, ялгавартай хандах; албаны чиг үүрэгтэйгээ холбоогүй хууль зөрчсөн амлалт өгөх; албан үүргээ гүйцэтгэж байхдаа болон ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэхийг хуулиар хориглосон байна.
Хуультай холбогдуулан журам гаргах бөгөөд ингэхдээ Ёс зүйн хорооны саналыг авахаар хуульчилжээ. Төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлыг эрхлэх эрх бүхий Ёс зүйн хороо нь Төрийн албаны дэргэд ажиллах бөгөөд 9 гишүүний бүрэлдэхүүнтэй ажиллана. Энэ хорооны бүрэлдэхүүн буюу Ёс зүйн дэд хороо нь төрийн байгууллага бүрийн дэргэд ажиллах бөгөөд Албан хаагчдын тооноос хамаараад 3-7 гишүүний бүрэлдэхүүнтэй байхаар хуульд тусгажээ. Түүнчлэн Засгийн газрын дэргэд Ёс зүйн дэд хороо ажиллах юм байна. Төрийн албаны зөвлөлийн дэргэдэх Ёс зүйн хороо нь нийт 68 байгууллагын 188 албан хаагчийн, Засгийн газрын дэргэдэх Ёс зүйн дэд хороо нь 673 байгууллагын 2387 албан хаагчийн ёс зүйн гомдол, мэдээллийг харьяалан шийдвэрлэх аж. Харин төрийн байгууллага бүр дэргэдээ Ёс зүйн дэд хороо байгуулснаар нийт 4232 Ёс зүйн дэд хороо бий болох бөгөөд тэдгээр нь 222648 албан хаагчийн ёс зүйн гомдол, мэдээллийг харьяалан шийдвэрлэхээр зохицуулсан хэмээн Б.Баттөмөр гишүүн уулзалтад оролцогчдод танилцууллаа.
Үргэлжлүүлэн тэрбээр ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажиллагааны талаарх хууль дахь зохицуулалтуудын талаар мэдээлэл танилцуулав. “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр” хэрэгжүүлэхээр хуульд тусгасан байна. Мөн төрийн албаны Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо систем дэх “Ёс зүйн зөрчлийн бүртгэл, хяналт” систем ажиллуулах аж. Зөвлөл бүр ирсэн гомдол, мэдээллийн мөрөөр ёс зүйн зөрчлийн шалтгаан, нөхцөлийг тогтоох, зөрчил арилгах арга хэмжээ авах бөгөөд зөрчил, шийдвэрлэлтийн талаар олон нийтэд мэдээлэх үүргийг хуулиар хүлээжээ. Үүний зэрэгцээ сургалт, сурталчилгаа, нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулж, арга зүйн зөвлөгөө өгөх үүргийг хүлээж байгаа юм байна.
Гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэж, дүгнэлт гаргана. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд харьяалах дээд шатны байгууллагын Дэд хороо, Хороонд хүргүүлнэ. Шийдвэр, дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд шүүхэд хандах зохицуулалтыг хуульд тусгажээ.
Ёс зүйн зөрчил гаргасан төрийн албан хаагчид гомдол гаргагчид, эсхүл олон нийтийн өмнө уучлалт гуйхыг үүрэг болгох; өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулах; байгууллагын албан хаагчдын өмнө нээлттэй сануулах, эсхүл Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн албанаас халах зэрэг хариуцлагыг хүлээлгэх юм байна. Түүнчлэн төрийн албан хаагч ёс зүйн хэм хэмжээ зөрчсөнөө сайн дураараа хүлээн зөвшөөрч, өөрийн хүсэлтээр албан тушаалаас чөлөөлөгдөх боломжтой. Албан хаагчид ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн шийдвэрийг өөрийн байгууллагын цахим хуудсанд байршуулахыг хуульчилсан байна. Мөн албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдоогүй бол энэ талаарх мэдээллийг нийтэд мэдээлэх үүрэгтэй.
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуультай холбогдуулан Улсын Их Хурал төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх Үндэсний хөтөлбөр баталж, мөрдүүлэх бол Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо “Ёс зүйн хорооны үйл ажиллагааны дүрэм” Байнгын хорооны тогтоолоор баталж, мөрдүүлэх юм байна. Төрийн албан дэргэдэх Ёс зүйн хороо нь “Ёс зүйн дэд хорооны ажиллах журам”, “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил, түүнд хүлээлгэсэн хариуцлагын бүртгэлийг хөтлөх, мэдээллийн цахим санг удирдах, хөгжүүлэх, ёс зүйн зөрчлийн талаар олон нийтэд мэдээлэх журам”-ыг тус тус батлах ажлыг гүйцэтгэх шаардлагатайг Б.Баттөмөр гишүүн танилцуулгынхаа төгсгөлд хэлсэн.
Хуулийг хэрэгжүүлэхэд манлайлж ажиллах бүрэлдэхүүн өнөөдрийн уулзалтад хүрэлцэн ирээд байгааг Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга, хариуцлагын байнгын хорооны дарга онцлон тэмдэглээд “Та бүгд байгууллага бүрдээ Ёс зүйн дэд хороо байгуулж ажиллана. Тун ойрын хугацаанд буюу 5-6 дугаар сард Ёс зүйн хороогоо байгуулна. Үүний дараа Ёс зүйн хороо нь дэд хороодоо байгуулах журмыг бол батална. Та бүхэнд хуулийг манлайлан хэрэгжүүлэх үүрэг оногдож байна” гэлээ.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын төрийн зарим байгууллагын удирдлагууд, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, Засгийн газрын агентлагуудын дарга нартай уулзалт төрийн албаны шинэтгэлийн талаарх танилцуулгаар үргэлжилж, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг мэдээлэл өгсөн юм. Тэрбээр хуульд тусгагдсан соён гэгээрүүлэх үйл ажиллагааны талаар онцлоод “Төсөв, хөрөнгө шаардахгүй, цаг хугацаа үрэхгүйгээр хийж болох ажил гэвэл хандлага, соёлын өөрчлөлт юм. Энэ танхимаас өөрчлөлтийг эхлүүлэх нь зүйтэй хэмээн үзэж, өнөөдөр Та бүхнийг энд цуглууллаа” гэсэн юм. Үндэсний статистикийн хороотой хамтран холбогдох судалгааг хийхэд төрийн алба шударга байж, тэгш хандаж, хууль журмыг бүрэн дээдэлж ажиллахыг иргэд хүсдэг гэсэн дүн гарсан. Ёс зүйн болон сэтгэлгээ, хандлагыг өөрчлөх нь амаргүй ажил гэдгийг тэрбээр дурдаад Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль нь төрөөс цалинждаг хүн бүрд үйлчилнэ, Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарч байгаа этгээдүүд хамаатай болохыг давтан сануулсан юм.
Төрийн албаны шинэтгэл эхэлж байгаа бөгөөд үүнтэй холбоотой тогтолцооны өөрчлөлтүүд хийгдэнэ гэдгийг Б.Баатарзориг дарга хэлээд, төрийн албаны шинэтгэлийн дунд хугацааны стратегийн талаар танилцуулсан.
Ийнхүү уулзалтад оролцогчид Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль болон Төрийн албаны шинэтгэлийн талаарх мэдээлэлтэй танилцсаны дараа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Ёс зүй, сахилга, хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг нараас асуулт асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын дарга уулзалтад оролцогчид Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг албан хаагч нартаа танилцуулах, байгууллага бүр Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл хангах, төрийн албаны шинэтгэлийн чиглэлээр Төрийн албаны зөвлөлтэй хамтран ажиллах ажлын хэсэг байгуулах үүргийг өгсөн гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Сэтгэгдэл үлдээх