Даваа гариг: Өдөр тутмын сонины ТОЙМ

www.niitlel.mn мэдээллийн сайт 2023 оны тавдугаар сарын 15-ны өдөр тутмын сонины тоймыг хүргэж байна.
"Өдрийн сонин"-ы өнөөдрийн дугаарт: "Өдрийн сонин"-ы тэргүүн нүүрт Транспэрэнси Интернэйшнл байгууллагыг үүсгэн байгуулагч Петер Айген "Монгол Улс уул уурхайн салбарт үүрлэсэн авлигатайгаа тууштай тэмцэх хэрэгтэй", Элчин сайд Ким Жун Гү " Хоёр улсын визийн хөнгөлөлтийг шат бүрээр нь судлан үзэж, энэ чиглэлд анхаарч ажиллах болно", “Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог "Баримт, үзэл бодол" нүүрт "Өчнөөн жил хүсчихээд яг хийе гэхээр яагаад гэдийгээд байгаа юм бол АН", Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат "Аз нь ард түмэнд очсон бол болоо доо", Өмгөөлөгч М.Дамбийням "Талийгаач охин цагдаад мэдүүлэг өгч байхдаа сэтгэл зүй нь тогтвортой, хэвийн байсан", ХҮН намын Ерөнхий нарийн бичгийн дарга П.Ганзориг "Зургаахан гишүүн 3.4 сая хүний хувь заяаг шийдэж байна гэдэг нь маш цөөн хүнд эрх мэдэл төвлөрч байгаагийн нэг илрэл" зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээ мэдээллийг нийтэлжээ.
Онцлох нь: Транспэрэнси Интернэйшнл байгууллагыг үүсгэн байгуулагч Петер Айген "Монгол Улс уул уурхайн салбарт үүрлэсэн авлигатайгаа тууштай тэмцэх хэрэгтэй
-Монголын нийгмийн мөрөөдөл, Монголын ирээдүйг хулгайлж байгаа авлигатай тэмцэхийн тулд нийгмийн сэтгэл зүйг өөрчлөх шаардлага байгаа. Жишээлбэл, өвчтөн эрүүл мэндийн үйлчилгээ авсныхаа төлөө эмчид тодорхой хэмжээний сэтгэлийн бэлэг өгөх ёстой гэсэн нийгмийн соёл манайд бий. Нийгмийн энэ сэтгэл зүйг өөрчилсөн сайн туршлагын талаар та хуваалцахгүй юу?
-Маш чухал асуулт байна. 25 жилийн өмнө бид Германы компаниудад “Та нар Африкийн орнуудыг авлигажуулаад байна. Тиймээс Африкийн орнууд хөгжихгүй байна” гэхэд Германы компаниуд “Африк, Ази, Латин Америкийн соёл нь тийм юм байна лээ. Эрх бүхий том албан тушаалтнууд юм авч байж л шийдвэр гаргадаг. Энэ соёл нь нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн зүйл” гэж хэлж байсан. Тухайн үед би Нигерийн ерөнхийлөгчөөс “Танай соёл ийм юм уу” гэхэд “Юу гэж тийм байх вэ. Манай соёлд бие биенээ хүндэтгэх, сэтгэл гаргаж байгаа гэж сэтгэлийн бэлэг өгөх зүйл байдаг. Энэ нь хүмүүсийн өмнө ил тод байдаг. Жишээлбэл, овгийн ахлагч дээр холоос зорьж очихдоо сэтгэлийн бэлгээ олон нийтийн өмнө өгөх нь эв найрамдлын бөгөөд хүндлэлийн илэрхийлэл болдог. Түүнээс улс орондоо хохиролтой шийдвэр гаргасныхаа хариуд нууцаар мөнгө авах нь манай соёл огт биш, харин шалтаг” гэж хэлсэн. Авлигын эсрэг авч хэрэгжүүлсэн төсөл нь байгаль орчин сүйтгэж байна. Эсвэл хэрэгцээнээсээ хэт давсан дэд бүтцийн төслийг хэрэгжүүлдэг. Тэр нь өртөг зардал их гардаг ч үр өгөөжгүй байдаг. Зарим тохиолдолд бүтээн байгуулалтын ажилд хүүхдийн хөдөлмөрийг ашигладаг ч гэдэг юм уу эдийн засаг, тогтвортой хөгжлийн эсрэг хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан. Шийдвэр гаргагч хүн иргэдийнхээ эрх ашгийг дээд түвшинд хамгаалах үүрэгтэй. Гэтэл нууцаар мөнгө авч төсөл хэрэгжүүлдэг соёл байхгүй. Герман ч гэсэн ийм л байсан. Том компаниуд гадаадад төсөл хэрэгжүүлэхдээ орлогын тайлангаа дотооддоо багаар мэдүүлдэг. Өөрөөр хэлбэл, гадны эрх мэдэлтнүүдэд өгсөн авлигаа зардал хэмээн мэдүүлдэг байсан. Хэрвээ тухайн орны лидерүүд нь сайн, институц нь сайн, холбогдох хууль тогтоомжтой, нийтээрээ мөрддөг болчихсон байвал энэ соёлын асуудал биш. Энэ соёлд хэт дасчихсан байгаа учраас үүнийг соён гэгээрүүлэх ажил хийх шаардлагатай. Шударга байдлын систем гэдэг нь түрүүний хэлсэн Засгийн газар, институц, бүгд байх ёстой. Мөн хүүхдэдээ бага наснаас нь юу сэтгэлийн илэрхийлэл вэ, юу авлига вэ. Хэрвээ ийм асуудалтай тулбал бусдад яагаад мэдэгддэг байх ёстой юм бэ. Шүгэл үлээгчдийг яагаад хамгаалах ёстой вэ гэдгийг ойлгуулж, сургах хэрэгтэй. Бундестагийн мэдээг үзэж байхад манай Герман улс Шүгэл үлээгчийн хуулиа дөнгөж сая баталлаа. Монгол Улс ч энэ хуулийг батлахаар идэвхтэй ажиллаж байгаа гэж ойлгосон. Ил тод, нээлттэй байдал, шүгэл үлээгчийг хамгаалах, шударга байдлын хэм хэмжүүрээр яагаад өдөр тутмын ажлыг явуулах ёстой вэ гэдгийг гурван талын хамтын ажиллагааны механизмаар ярилцаж нийгмээ хөгжүүлэх хэрэгтэй гэж хэлмээр байна.
"Өнөөдөр" сонины өнөөдрийн дугаарт: Хуучин “зам”-аар явж буй шинэ тоо, Хотын ногоон байгууламжийг хувийн хэвшлийнхэнд даатгаад орхих уу, ХХЕГ-ын дарга, бригадын генерал Х.Лхагвасүрэнд хэрэг нээх саналыг прокурор хэрхэв, Европын холбооноос 150 сая еврогийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна, Ж.Мөнзориг: Гадаадын тэмцээнд оролцохдоо өмнөд хөршийнхний бэлтгэл хийж байгааг ажиглаж хардаг зэрэг ярилцлага, мэдээ, нийтлэл, мэдээ мэдээллийг нийтэлжээ.
Онцлох нь: ХХЕГ-ын дарга, бригадын генерал Х.Лхагвасүрэнд хэрэг нээх саналыг прокурор хэрхэв нийтлэлээс
Хил хамгаалах ерөнхий газар (ХХЕГ)-ын дарга, хилийн цэргийн командлагч, бригадын генерал Х.Лхагвасүрэнд холбогдуулж хууль сахиулах байгууллагынхан хэрэг нээн шалгахаар болсон аж. Түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан, хамаарал бүхий аж ахуйн нэгждээ давуу байдал олгосон байж болзошгүй хэмээн шалгаж эхэлсэн юм байна. Бидний авсан мэдээллээр ХХЕГ-ын дарга, хилийн цэргийн командлагч, бригадын генерал Х.Лхагвасүрэн нь уг албан тушаалд томилогдсоноосоо хойш болон түүнээс өмнө хилийн 0119 дүгээр ангийн захирагчаар ажиллаж байхдаа өөртөө, бусдад давуу байдал олгосон гэх мэдээллийг хууль сахиулах байгууллагынхан шалгасан гэнэ. Тодруулбал, хилийн цэргийн офицер, ахлагч нарт зориулсан “Хилчин”, “Харуул Алтай” хотхоны барилгыг бариулахдаа өөрийн хамаарал бүхий хүмүүсийн нэр дээрх аж ахуйн нэгжтэй туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулж, мөнгийг нь завшсан байж болзошгүй гэх үндэслэл бүхий мэдээлэл хууль сахиулах байгууллагынханд иржээ.
"Зууны мэдээ" сонины өнөөдрийн дугаарт: Нүүрсний хулгай ба “нүүдлийн шувууд”-ын эргэн тойронд..., Б.Дашцэрэн: Аж ахуйн нэгжийг дэмжсэн эрх зүйн бодлого дутмаг байна, Гавьяат сувилагч Д.Урантөгс, Түгжрэлийн төв цэг Манила хотоос зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээ мэдээллийг нийтэлжээ.
Онцлох нь: “5Ш”-ээс хамгийн их анхаарал татаж буй нь “Шувуу” ажиллагаа болоод байна
Х.Нямбаатар Солонгосоос “шувууд”-ыг авчрахаар явжээ
“5Ш”-ээс хамгийн их анхаарал татаж буй нь “Шувуу” ажиллагаа болоод байна. Гэмт хэрэгт шалгагдаж, сэжиглэгдэж байхдаа оргон зайлсан 100 гаруй “шувуу” байгааг албан ёсоор зарласан. Эдгээр “шувуу”-г авлигын акул, жараахай гэдэг шиг том шувуу, болжмор гэж ялгаж нэрийддэг болжээ. “...Том шувуу” гэдэг нь тодорхой аж. Сар гаруйн өмнө ирсэн Т.Бадамжунай, сураг нь гараад л “нисээд” яваад байгаа Н.Удаанжаргал, Ч.Сайханбилэг нарыг хэлдэг байна. Тэгэхээр “...Болжмор гэж хэн бэ” гэдэг нь ойлгомжтой болно. Тэгвэл “Шувуу” ажиллагааг ахалж буй ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсгийнхэн өнгөрсөн амралтын өдрүүдээр Солонгос руу нисжээ. Тэд Солонгост бүгж байсан хэд хэдэн “шувуу”-г авчрахаар явсан байна. Одоогоор тоо нь тодорхойгүй бөгөөд тэдгээр “шувууд”-ын нэлээд нь Солонгосын хууль хяналтынханд баригдсан, зарим нэг нь сайн дураараа ирэхээр болсон гэх мэдээлэл байна.
Сэтгэгдэл үлдээх