Цэс Close

Өдөр тутмын сонины ТОЙМ

www.niitlel.mn мэдээллийн сайт 2023 оны тавдугаар сарын 16-ны өдөр тутмын сонины тоймыг хүргэж байна.

"Өдрийн сонин"-ы өнөөдрийн дугаарт:  "Өдрийн сонин"-ы тэргүүн нүүр УИХ-ын гишүүн Г.Дамдинням "Дарханы зам гацаанаас гарсан, бүтээн байгуулалт нь энэ жилдээ багтаж дуусах төлөвлөгөөтэй байгаа", Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, доктор Д.Золбоо "Э.Макроны айлчлалаар ураны салбар дахь гацаа шийдлээ олно гэсэн хүлээлт бий", “Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог "Баримт, үзэл бодол" нүүрт "Даварсан малчид УИХ-ын гишүүдийг “Миний малд өвс авчирсангүй, зайл” гэж загнаж байна", “No double standart” хөдөлгөөний гишүүн Л.Ганхөлөг "Бидний хэсэг залуучуудад тохсон хилс хэрэг хэзээ нэгэн цагт цагаадна гэдэгт би итгэлтэй байгаа", УИХ дахь МАН-ы н бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "152 гишүүнтэй болох асуудлыг дэмжих, дэмжихгүй иргэд байгаа ч олонх нь тоог нэмэгдүүлэх нь зөв гэж үзэж байна"
зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээ мэдээллийг нийтэлжээ.
"Өнөөдөр" сонины өнөөдрийн дугаарт: Аялал жуулчлалын үйлчилгээнд стандарт алга. Нийслэлийн Засаг дарга нарын газар олгосон захирамжийг ил болгов. Э.Бат-Амгалан шиг 152 “шантаажчин ”-тай болох уу, Ц.Түмэнцогт: Томоохон төсөл хөтөлбөрүүдэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай, Хятадын хүн ам анх удаа цөөрчээ, Хөгширсөн, илжирсэн гэх нэрээр том моднуудаа хядаж дуусгах нь зэрэг нийтлэл, ярилцлага, мэдээ, мэдээллийг нийтэлжээ.
Онцлох нь:  Э.Бат-Амгалан шиг 152 “шантаажчин”-тай болох уу 


УИХ-ын зарим гишүүн “Би хэн бэ” гэдгээ ойлголгүй бүрэн эрхийн хугацаагаа юу юугүй дуусгаж байна. Маш тодорхой жишээ өгүүлье. УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан гэдэг хүн бий. Тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүргээс нэр дэвшиж сонгогдсон. Бүтэн гурван жил “Гишүүн ээ” хэмээн дуудуулж, УИХ-ын чуулганд суусан түүнд санаачилсан хийгээд батлахад оролцсон хууль хэд хэд байгаа нь ойлгомжтой. Харин сүүлийн өдрүүдэд яриад байгаа үг, үйлдлүүд нь хуулийн хязгаар давж, УИХ-ын гишүүний хийх ажлаас халиад явчихлаа. Э.Бат-Амгалан 2023 оны тавдугаар сарын 11-нд Баянзүрх дүүргийн I хорооны нутагт, РЦНК-гийн урд байдаг газарт очив. Эндхийн газарт нэр бүхий компани спорт цогцолбор бүхий хотхон барихаар болжээ. Харин хэсэг хүн “Бариулахгүй” хэмээж буй аж.  Түүхийг нь сөхвөл, тэр хавийн газар Б.Наранхүүгээс “угшил”-тай юм байна. Өөрөөр хэлбэл, тэр хүний худалдсан газар аж. Гэхдээ энэ тусдаа асуудал л даа. Хамгийн гол нь гадаадын хөрөнгө оруулалттай компани тус газрыг арваад жилийн өмнө чамгүй үнэ төлж худалдаж авсан байгаа юм. Тэгээд тэндээ төсөл хэрэгжүүлэх гэж ихээхэн хэмжээний зардал чирэгдэл гаргаж ажиллажээ. Харамсалтай нь, чадаагүй байна. Элдвийн шахаа, “шантааж”- ийг дийлэлгүй “шатчихсан” гэсэн үг. Тодруулбал, Сингапур, Австралийн хөрөнгө оруулалттай “Эс Энд Ви Юу” гэдэг компани төслөө хэрэгжүүлэх гэж арваад жилийн турш зүтгэжээ. Тэгээд чадалгүй, арга буюу 100 хувь монголчуудын эзэмшдэг компанид төсөлтэйгөө хамт шилжүүлэн өгчээ. “Эс Энд Ви Юу” компанийн удирдлагууд ингэж шилжүүлэхийнхээ өмнө буюу өнгөрсөн жил бидэнд “Манай компани Монгол Улсад хөрөнгө оруулах болсон шалтгаан нь нэгдүгээрт, тус улсыг Үндсэн хуультай, Үндсэн хуулиар тогтоосон зарчмууд нь үйлчилдэг гэж үзсэн. Хоёрдугаарт, тус улс нь ардчилсан улс бөгөөд бусдын хөрөнгө оруулалтыг үнэгүйдүүлдэггүй. Тийм ч учраас хөрөнгө оруулалтын харьяалагдах улс болох Сингапурын Засгийн газартай Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээрийг байгуулсан гэж ойлгож байсан.

"Зууны мэдээ" сонины өнөөдрийн дугаарт: Автомашингүй бүс буюу үндсэн дээр боссон ногоон хот NEW CLARK, Э.Чинзориг: Монголын аваргуудын анхны клуб “Чийрэг Монгол”, Ч.Арслан: Би мал аж ахуйг монголоор нь байлгахыг хичээдэг хүн, Дэлхийгээс мөнгөн медаль хүртсэн армийн аварга, Туркийн ерөнхийлөгч хоёр дахь шатны сонгуулиар тодорно зэрэг нийтлэл, ярилцлага, мэдээ мэдээллийг нийтэлжээ.
Онцлох нь: Ч.Арслан: Би мал аж ахуйг монголоор нь байлгахыг хичээдэг хүн


-Уугуул нутаг хаана вэ. Улсын нийслэлд ирэх зорилго чинь чухам юу байв?
-Эхлээд би өөрийгөө товчхон танилцуулъя. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын малчин хүн. Миний нутаг ус бол Монголын эрх чөлөөний төлөө тэмцэгч, эх оронч Галданбошигтын удам өөлд түмэн 330 гаруй жил нутагласан яг тэр нутаг. Бүр тодруулаад хэлбэл, алдарт цаст Хайрхан Цамбагарав орчимд насаа элээж сууна. Миний өвөг дээдэс гэвэл хошуундаа толгой баян Налгар гэж байлаа. Түүний том хүү удамт малчин Н.Чанаг миний эцэг. Ижий маань Сэржмядаг. Тэд маань нутаг усандаа малч гэдгээрээ гайхагдсан хүмүүс байсан гэдгийг манай сумын ахмадууд одоо ч дурсан ярьдаг. Үр хүүхэд бидэндээ ”Хүнийг алаг үзэж хэзээ ч болохгүй шүү. Хүн гомдоох шиг том нүгэл байдаггүй юм. Хүнийг ямагт хүндэлж яв. Бусдыг сайнаар бодож хүндэлж явна гэдэг өөрөө хүн байхын эхлэл” гэж захидаг байлаа.

-Та ярианыхаа эхэнд өөрийн бодол санаагаа төр, засгийнханд дуулгахаар ирсэн гэж хэлсэн. Тэр чинь юу вэ?

-Монгол Улсын эдийн засгийн гол хүч чинь мал аж ахуй юм шүү дээ. Иймээс төр, засгаас хөдөөгөө анхаараач гэдгийг хэлэх байна. Байгаль орчны тухай, малын тухай ярихгүй биш ярьж л байна даа. Гэхдээ зөвхөн өнөөдрийн өнгөнөөс ярих юм. Энэ нь дутагдал гэж хэлнэ. Хөдөөд бэлчээрийн хомсдол нүүрлэсэн. Үүнээс гарах арга замыг зөв сонгох учиртай. Сумыг гэхэд үйлдвэржсэн төв болгоё гэдэг.  Энэ зорилгоо биелүүлэхгүй хөдөө хөгжихгүй байгаа юм. Хөдөө нь хөгжихгүй бол Монгол Улс хөгжихгүй шүү дээ. Мал аж ахуйг шинэчилье гээд ярьдаг. Энд уламжлалдаа түшиглэсэн арга барил хэрэгтэй. Энэ мэтээр надад санаа оноо байна л даа. Хэрэв тоодог юм бол. Хүмүүстэй уулзаж учирч бодол санаагаа хэлж л явна. Бас МАН-ынхандаа би танай намын хүн гэдгээ ойлгуулах ажил ч бий. Монголчууд өв уламжлалаараа малаа маллаад байгаль орчноо хайрлан хамгаалаад явж байсан цагт амьдарч чадна аа. Үүнд нь би итгэдэг. Орон нутгийнхан, малчдад ингэж л зөвлөж явдаг юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах