Цэс Close

З.Төмөртөө: Монголд зочилж, бидний өвөрмөц соёл, уламжлалтай танилцахыг урьж байна

NIITLEL.MN сайтын сэтгүүлч Ц.Эрдэнэтуяа БНХАУ-аас мэдээлж байна.

БНХАУ-ын Чанша хотноо World tourism cities federation /WTCF/ буюу Дэлхийн хотуудын аялал жуулчлалын холбооны дээд хэмжээний уулзалт эхэллээ.

Уулзалтыг нээж Дэлхийн аялал жуулчлалын холбооны нарийн бичгийн дарга Ян Шуо, Хятад дахь НҮБ-ын суурин төлөөлөгч Сиддхарт Чаттержи нар үг хэлсэн бол шинээр гишүүн болсон хотуудыг төлөөлж Монгол Улсын Улаанбаатар хотын Засаг даргын орлогч З.Төмөртөмөө үг хэлсэн юм.

Тэрбээр, Улаанбаатар хот нь Ази тивийн төв хэсэгт орших Монгол Улсын нийслэл, улс төр, нийгэм, эдийн засаг, боловсрол, соёл, технологийн төв бөгөөд нүүдэлчний соёл ахуй, орчин үеийн хот байгуулалт хосолсон өвөрмөц соёл уламжлалтай аялал жуулчлалын хотуудын нэг. Манай хот нь өнгөрсөн 2022 онд Дэлхийн Аялал жуулчлалын хотуудын холбоонд элсэн орж, тус холбооны шинэхэн гишүүн хот болсон бөгөөд тус холбоонд гишүүнээр элссэн явдал нь олон улсын түвшинд хотоо төдийгүй Монгол Улсыг сурталчлан таниулах, жуулчдын урсгалыг эх орондоо татах, аялал жуулчлалын салбарын шилдэг туршлагыг харилцан солилцох, улмаар аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгон хөгжүүлэх нэгэн хөшүүрэг болж, эерэг үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа энд дашрамд онцлоход таатай байна. Бид бүхний мэдэж буйгаар өнгөрсөн хугацаанд аялал жуулчлалын салбар нь Ковид-19 цар тахлын шууд нөлөөнд өртөж, хамгийн их хохирол амссан салбараар нэрлэгдсэн. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын зүгээс цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх, аялал жуулчлалын салбарыг сэргээн хөгжүүлэхэд онцгойлон анхаарч, 2023-2025 оныг “Монгол Улсад зочлох жил” болгон зарласан болно.

Энэ хүрээнд Засгийн газрын зүгээс төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд чиглэсэн олон арга хэмжээг, тухайлбал “Монголд зочлох жил” хуанли, арга хэмжээний төлөвлөгөөг батлах, жуулчдын зорчих визийг хөнгөвчлөх, агаарын тээврийн либералчлалыг эрчимжүүлэх, жуулчдын худалдан авсан бараа бүтээгдэхүүний НӨАТ-ын буцаан олголтын хувь хэмжээг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг авч, цаашид улсын хэмжээнд төдийгүй нийслэл хотын аялал жуулчлалын салбарыг дэмжих олон талын бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд анхаарч буйг дуулгахад таатай байна.

Өдгөө 10 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа Анхилуун уулс Аялал жуулчлалын дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр аялал жуулчлалын салбарын алсын хараа, үнэт зүйлсийг хэлэлцэхээс гадна салбарын өмнө тулгамдаж буй сорилт, цаашдын хөгжил, хамтын ажиллагааны талаар туршлага солилцох боломжийг бүрдүүлж байгаа нь дэлхийн аялал жуулчлалыг сэргээн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт эргэлзэхгүй байна. Энэхүү завшааныг ашиглан Та бүхнийг Монголын сайхан орноор зочилж, бидний өвөрмөц соёл, уламжлалтай танилцахыг урьж байна. Эцэст нь Дэлхийн Аялал жуулчлалын хотуудын холбооны дээд хэмжээний уулзалтын үйл ажиллагаанд амжилт хүсэж, эрхэм төлөөлөгчид Та бүхэнд ажлын амжилт, сайн сайхныг хүсэн ерөөе гэсэн юм.

Ташрамд дурдахад, Дэлхийн хотуудын аялал жуулчлалын холбоо нь “Аялал жуулчлалаар дамжуулан хотын амьдралыг хөгжүүлье” уриан дор 2012 оны есдүгээр сарын 15-нд Бээжин хотод төв салбараа байгуулж байжээ. Анх 58 хотын гишүүнчлэлтэйгээр үүсгэн байгуулж байсан бол 2022 онд Монгол улс 156 дахь гишүүн хотоор ыүртгүүлж байсан юм. Дэлхийн хотуудын аялал жуулчлалын холбоо нь дэлхийн аялал жуулчлалын хөгжилд хувь нэмэр оруулах, хот хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ болон туршлагыг түгээх зорилготой.

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах