Цэс Close

"Топ 100" ба бизнесийн орчинд ирэх эерэг реформ

Жил бүр "Топ 100" аж ахуйг тодруулдаг уламжлалтай. Гэхдээ нэг л сценариар явж ирсэн. Энэ жилийн хувьд  реформ  хийсэн шинэлэг болов. Төр, хувийн хэвшил зүй зохистой байдлаар хамтарч чадсанаар  авлигыг таслан зогсоож, эдийн засгийн өрсөлдөөнийг ил тод болгож, төрийн үйлчилгээг хувийн хэвшилд үе шаттай шилжүүлж,  чадсанаас улс орны хөгжлийн үзүүлэлт хамаардаг.  Энэ удаагийн шалгаруулалтын онцлог нь төрийн оролцоотой ААН-үүдийг оролцуулалгүй анх удаа тусад нь танилцуулсан явдал байв. Учир нь, Топ-100 ААН тодруулахдаа төрийн өмчит компаниудыг хувийн хэвшилтэй өрсөлддөг байсныг Ерөнхий сайд байхгүй болгосон юм. Анх удаа инноваци технологийн салбар старт-аппуудыг оруулсан нь залуу шинэ бизнесийг дэмжих, тэдэнд итгэл өгөх гол түлхэц болсныг хүмүүс хэлж байлаа.

Үеийн үед эгзэгтэй цагт ч ачааны хүндийг нуруундаа үүрч, ажлын байраа хадгалж, улсын төсвийг бүрдүүлж, гадаад өрийн болзошгүй дампуурлаас улсаа авардаг хүмүүс бол хувийн хэвшлийнхэн. Тэд өнөөдөр Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 74 хувийг бүрдүүлж, эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болсоор яваа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ “2020 оны гуравдугаар сард Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Ковид-19 цар тахал гарсан гэдгийг олон улсад зарлаж, улс орнууд хилээ хааж, нислэгээ цуцалж, хатуу хөл хорио тогтоож, эдийн засаг унаж эхэлсэн. 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр Монгол Улсад Ковид-19 цар тахлын анхны тохиолдол бүртгэгдэж, хатуу хөл хорионд шилжсэн. Экспорт тасалдаж, аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж эдийн засаг -4.7 хувь, улсын төсөв 23 хувиар тасарч, олон мянган ажлын байр эрсдэлд орсон. 2021 оны хоёрдугаар сарын 23-нд Монгол Улсад вакцинжуулалт эхэлж, эдийн засгаа үе шаттай нээхийг хамтдаа эрмэлзсэн. Худалдаа аж үйлдвэрийн танхимд, мөчлөг сөрсөн Их сэргэлт, Монголбанканд банкны салбарынхантайгаа дараалсан уулзалтууд хийж, ажлын байрыг хадгалах хөнгөлттэй зээл, уул уурхайн салбарынхантай экспортын боомтуудыг өргөтгөх, хүнсний салбарынхантай дотооддоо хүнсээ үйлдвэрлэх зэрэг олон уулзалт хамтран хийсэн. Энэ бүх уулзалт, ярилцлага, оролцооны дундаас “Шинэ сэргэлтийн бодлого” мэндэлсэн. Хил хаалттай, цар тахлын нэн оргил үед Оюутолгойн гүний уурхайн эхний тэсэлгээ хийгдэж, боомтуудаа автозам, төмөр замаар холбох ажлуудыг эрчимжүүлж, төрд үүрлэсэн авлигын гинжийг тасалж, далд эдийн засгийг ил болгохын төлөө бид хамтдаа хичээсэн. 2022 оны хоёрдугаар сарын 14-нд цар тахлын хязгаарлалтаа Монгол Улс бүс нутагтаа хамгийн түрүүнд цуцалж чадсан. Саяхан 2023 оны тавдугаар сарын 05- нд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага олон улсад цар тахлын хязгаарлалтыг цуцалсан гэхээр бид нэг жил гурван сарын өмнө түрүүлж эдийн засгаа нээж чадсан. Манай хувийн хэвшлүүд хүнд цаг үед үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж, ажлын байраа хадгалан, эдийн засаг сэргэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан. Харамсалтай нь Монгол Улсад цар тахлын хөл хорио тавигдсанаас хойш яг 10 хоногийн дараа буюу хоёрдугаар сарын 24-нд улс хоорондын дайн эхэлсэн. Энэ хүндрэл одоо ч үргэлжилж байна. Гэхдээ бид цар тахлыг даван туулсан шигээ, дайны нөхцөл байдлыг ч хамтын хүчээр даван туулж чадна. Эдийн засгийг хамтдаа хөгжүүлэх төр бодлогоор дэмжиж, хувийн хэвшлийн оролцоог идэвхжүүлэх нь чухал. Тиймээс Засгийн газраас бодлогоор дэмжиж, хууль эрх зүйн орчныг сайжруулах гэх мэт олон ажлуудыг төлөвлөн шат дараатайгаар хийж байна” гэсэн юм.

Манай улс эдийн засаг уналттай үеэ бодвол сүүлийн үед өсөлт гарч эхэлсэн. 2020 онд хасах 4.6 хувь байсан бол 2021 онд 1.6 хувь, 2022 онд 4.8 хувь, 2023 оны нэгдүгээр улирлын дүнгээр 7.9 хувиар өслөө. Нэг хүнд ногдох ДНБ анх удаагаа 5000 ам долларт хүрсэн. Улсын төсөв 1.1 их наядаар даван биелж, валютын нөөц 3.7 тэрбум ам.долларт хүрч ханш тогтворжиж, төлбөрийн тэнцэл эерэг гарсан. Экспорт цар тахлын өмнөх түвшинд хүрсэн. Гадны улс орноос авсан бондын өрийг төлж эхэлсэн. 2022 оны арванхоёрдугаар сард “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллар, 2023 оны тавдугаар сард “Гэрэгэ” бондын 800 сая ам.долларын өрийг бүрэн төлж дуусгалаа. Энэ нь Монгол Улс гадаад өрийн дампуурлаас гарч, зээлжих зэрэглэлээ “B тогтвортой” түвшинд хадгалж чадсаныг харуулна. Ингэж эдийн засаг сэргэж байгаа боловч үнийн өсөлтийн дарамт бас байсаар байна. Инфляц 11.3 хувьтай буюу хоёр оронтой тоонд хэвээр хадгалагдаж байгаагаас шалтгаалж, Монголбанк бодлогын хүүгээ 13 хувьд барьж байна. Хэдийгээр өмнөх улиралтай харьцуулахад тодорхой хэмжээний орон зай гарч байгаа боловч эрсдэл хэвээр хадгалагдаж байгаа гэдгийг Ерөнхий сайд тодотгон хэлж байв.

Иймд цар тахлын хүндрэлийг хамтын хүчээр даван туулсан шиг, үнийн өсөлтийг багасгах үйл хэрэгт “Үндэсний шилдэг 100 аж ахуйн нэгж”-ийг хувь нэмрээ оруулахыг Ерөнхий сайд уриалсан. Ингэж чадвал Монголбанк бодлогын хүүгээ буулгаж, сэргэж буй эдийн засгийн өгөөж нь иргэн, аж ахуйн нэгж бүхэнд хүрэх хаалга нээгдэх болно. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттай нэмэгдүүлэх боломж гарч, иргэдийн бодит орлогод эерэг нөлөө үзүүлэх болох юм.

Энэ Засгийн газрын сүүлийн үед явуулж буй бодлогыг ажиглавал хувийн хэвшил, ажил олгогч аж ахуйн нэгжүүд рүү чиглэсэн анхаарал татахуйц алхмуудыг хийж эхлээд байна. Тухайлбал, энэ онд Засгийн газраас ажил олгогчийг дэмжих арга хэмжээнд 15 тэрбум төгрөг зарцуулахаар болсон. Ажил олоход хүндрэлтэй иргэнийг эдийн засгийн тэргүүлэх салбарт, мөн орон нутаг, алслагдсан дүүрэгт байнгын ажилд авсан аж ахуйн нэгжид цалингийн дэмжлэг 800 мянган төгрөгийг дөрвөн сарын хугацаанд сар бүр олгохоор болсон юм. Энэ бол маш том дэмжлэг. Мөн Засгаас газраас Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг батлуулахаар өргөн барьсан. Энэ хуулиар улстөрч, болон төрийн албан тушаалтан өөрийн эзэмшлийн компаниар төсвийн тендерт нөлөөлж оролцдог байдлыг таслан зогсоох, энэхүү орон зай хувийн хэвшлийнхэнд олгож, чөлөөт өрсөлдөөнийг нээлттэй ил тод бий болгох зорилготой. Уг хууль батлагдсанаар улстөрч, болон төрийн албан тушаалтан өөрийн эзэмшлийн компаниар төсвийн тендерт нөлөөлж оролцдог байдал таслан зогсож, энэхүү орон зай хувийн хэвшлийнхэнд чөлөөт өрсөлдөөний орон зай болж шилжиж байгаа хэрэг. Ингэж бизнесийн орон зайг улам тэлэх, бизнесийг улс төрөөс ангид байлгаснаар төрд орж байж хувийн бизнесээ өөд татдаг өнөөгийн далд нуугдсан жишиг алга болох юм. Энэ бол 100 хувь хувийн хэвшлийг дэмжсэн маш сайн хууль болно.

Засгийн газраас бизнесийн орчинг сайжруулахын тулд цогц бодлого хэрэгжүүлнэ гэж үзэж байгаа. Тухайлбал, хувийн хэвшлийн үйл ажиллагаа явуулах хууль эрх зүйн орчин болоод бизнесийн орчинг сайжруулах, ажил олгогч аж ахуйн нэгжүүдэд бодит дэмжлэг үзүүлэх, хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрт хүрэх, ингэхдээ цалин, тэтгэврийг инфляцтай уялдуулах, цалингийн шатлалыг цэгцлэх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүч, хүний нөөцийг анхаарах гэх мэтчилэнгээр хаана ямар асуудал байна тэр бүхнийг барьж авч шийдэж буй нь сайшаалтай. Ингэж л бүтэн дүр зураглал дор нийгэмд тулгарсан асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа нь “Шинэ сэргэлтийн бодлого” бодит амьдралд хэдийнэ хэрэгжээд эхэлсний шинж. Нэг ёсондоо хувиыйн хэвшлийн хэдийн маань нуруу нэг тэнийх юм болов уу гэсэн өөдрөг бодол төрлөө.

Ямартаа ч бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүд одоо л нэг төрөөс бидэн  рүү хандсан оновчтой бодлого хэрэгжих нь, нийгмийн өнөөгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх нь гэсэн хүлээлт үүсч, итгэл төрж эхэлжээ. Энэ бүхний гол зорилго бол Засгийн газрын хэрэгжүүлж буй бодлогуудын эцсийн үр дүн эдийн засгийн томоохон өсөлт рүү чиглэж байгаа хэрэг юм.

No description available.

Б.НОМИН-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах