Цэс Close

Ерөнхий сайд урд хөршөөс богц дүүрэн иржээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй Засгийн газрын төлөөлөл БНХАУ-д зургадугаар сарын 26-30-ны өдрүүдэд таван өдрийн айлчлал хийгээд ирлээ. Энэ удаагийн айлчлалаар өмнө нь яригдаж ирсэн асуудлуудыг шийдвэрлэсэн, үр дүн бүхий хэлцэл шийдвэрт хүрсэн, хамтын ажиллагаагаа өргөжүүлсэн, үйл явдал өрнүүн айлчлал боллоо.

Өргөн утгаараа харвал Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа өргөжин тэлж, салбар салбарт бодит хамтын ажиллагааг эрчимжүүлсэн ач холбогдол өндөртэй айлчлал боллоо гэж дүгнэж болохоор байна.

БНХАУ дахь манай улсын албан айлчлалын гол уулзалтуудыг тоймлон хүргэе. 

Тяньжин боомт дахь газрыг ашиглалтад оруулснаар далайд гарцтай болно

Манай улсын БНХАУ дахь албан ёсны айлчлал Тяньжин хотоос эхэлсэн. Ерөнхий сайд Тяньжин боомтод ажилласан нь "Шинэ сэргэлтийн бодлого"-ын Боомтын сэргэлтийн хүрээнд хилийн боомтуудыг авто зам, төмөр замаар холбох төдийгүй Монгол Улс далайд гарцтай болох зорилттой холбоотой юм.
Манай улс Тяньжин боомтод 10 га газар эзэмшдэг. Энэхүү газрыг тээвэр логистикийн төв болгож манай улс далайд гарцтай болох боломжтой. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус боомт дахь Монголын эзэмшлийн газрыг нэг жилийн хугацаанд ашиглалтад оруулах чиглэлээр хамтран ажиллах саналыг Тяньжин порт группийн удирдлагуудад тавилаа.

Манай улсын Замын-Үүд, Гашуунсухайт, Бичигт зэрэг боомтын ачаа тээврийн 90 гаруй хувь нь тус боомтоор нэвтэрдэг. Манай улс Тяньжин боомт дахь газраа ашиглалтад оруулснаар чингэлэг тээврийн гацаа арилж, бараа эргэлт хурдасна. Улмаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний инфляц буурч, дэлхийн 180 гаруй улсын 500 орчим боомттой холбогдох боломж нээгдэх юм.
Дэлхийн эдийн засгийн “Давос” чуулга уулзалтад оролцов

БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Ерөнхий сайд Тяньжин хотноо болж буй дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт “Зуны Давос”-ын нээлтэд оролцлоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Давосын эдийн засгийн форумын үүсгэн байгуулагч бөгөөд Ерөнхийлөгч Клаус Швабтай уулзалт хийсэн.

“Зуны Давос” чуулга уулзалтад хүндэт зочноор оролцож байгаа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр  БНСВУ-ын Ерөнхий сайд Фам Минь Жинь-тай хоёр талын албан уулзалт хийлээ.

Манай улсын Засгийн газраас аялал жуулчлалыг дэмжих хүрээнд 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан гадаадын 99 улсын иргэдэд цахим виз олгож байгаа бөгөөд уг жагсаалтад Вьетнам Улсыг хамруулсныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэмдэглэн хэлээд ирэх жилүүдэд харилцан зорчих жуулчдын тоо нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн хоёр улсын хооронд хийгдэж буй худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, тээвэрлэлтийг хөнгөвчлөх хүрээнд хамтран ажиллах боломжуудын талаар талууд санал солилцсон юм. 

БНХАУ-ын дарга Ши Жиньпин-тэй уулзалт хийлээ

БНХАУ-д айлчилж буй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зургадугаар сарын 27-ны өдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпин-тэй албан ёсны уулзалт хийсэн. Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулах, хоёр улсын хооронд яриа хэлэлцээний түвшинд байсан бүтээн байгуулалтын төслүүдийг эцэслэн шийдвэрлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлуудаар санал солилцсон юм.

Монгол Улс Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал боомтуудыг төмөр замаар холбох манай талын бүтээн байгуулалтын ажлыг дуусгасан бөгөөд энэ удаагийн айлчлалаар БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд хилийн боомтуудын холболт, хамтын ажиллагаа, гэрээ хэлцлүүдийг хоёр улсын Засгийн газрын түвшинд эцэслэн шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Хоёр улсын төрийн тэргүүн нарын харилцан тохиролцсон хоёр талын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг бодит ажил хэрэг болгох, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх “Тэрбум мод” төслийг хамтран хэрэгжүүлэх, авлигын гэмт хэргийн эсрэг хоёр улсын хууль хяналтын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинжлэх ухаан, технологи, хот төлөвлөлтийн чиглэлийн хамтын ажиллагааг эхлүүлэх, аялал жуулчлал, хөрөнгө оруулалт болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх зэрэг асуудлаар санал солилцлоо. Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжи-тэй албан уулзалт хийлээ. Хоёр улсын хууль тогтоох дээд байгууллагуудын хамтын ажиллагаа нь Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүх талаар хөгжүүлэх эрхзүйн орчныг бэхжүүлэх, улс төрийн итгэлцэл, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх гол суурь гэдгийг онцлон тэмдэглэв. Хоёр орны цаашдын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, тухайлбал, дэд бүтцийн төсөл, хөтөлбөрүүдийг шуурхай хэрэгжүүлэхэд БХАТИХ-ын зүгээс дэмжиж ажиллахаа мэдэгдэв.  Албан айлчлалын хүрээнд Монгол, Хятадын хооронд олон жил яригдсан төслүүдийг 2023 онд шийдвэрлэхээр талууд хэлэлцсэн. 

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтой төмөр замын бүтээн байгуулалт эхэлнэ

БНХАУ дахь манай улсын албан айлчлалын хүрээнд “Чайна энержи" группийн ТУЗ-ийн дарга Лю Гүөюэ болон бусад удирдлагуудтай уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд, Монгол Улсын Гашуунсухайт боомт болон БНХАУ-ын Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг цаг алдалгүй эхлүүлэх талаар илэн далангүй ярилцлаа. Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын хоёр талын хариуцах бүтээн байгуулалтыг 2023 онд багтаан эхлүүлэх, 2024 онд ашиглалтад оруулах зорилт дэвшүүлэхээр харилцан тохиролцсон.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян-тай хийх албан ёсны хэлэлцээний өмнө “Чайна энержи’ группийн удирдлагуудтай уулзалт хийж, олон жил яригдсан бүтээн байгуулалтын төслийн талаар санал солилцож, зарчмын тохиролцоонд хүрсэн нь онцлог байлаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны хоёрдугаар сард БНХАУ-д хийсэн ажлын айлчлалын хүрээнд 10 гаруй жил гацаанд орсон Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын цэгийг харилцан тохиролцсон билээ. 

Олон жил яригдсан төслүүдийг 2023 онд шийдвэрлэхээр хэлэлцэв

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар Ардын Их Хурлын ордонд албан ёсны хэлэлцээ хийв.

Хоёр улсын Засгийн газрын тэргүүн нар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлж, олон жил яригдсан төслүүдийг 2023 онд багтаан шийдвэрлэхийг эрмэлзэж, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд санал нэгдэв.

Эдгээр төслүүдэд хилийн Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч боомтуудыг төмөр замаар холбох төсөл болон Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын зээлийн хэлэлцээр, Чойбалсангийн цахилгаан станцын өргөтгөлийн төслийн зээлийн гэрээг сунгах асуудлууд багтаж, Монгол банк болон Хятадын ардын банкны своп хэлцлийг сунгах асуудал хэлэлцээрийн түвшинд шийдвэрлэгдлээ. Ерөнхий сайд нарын хэлэлцээний хүрээнд яригдсан асуудлаар Засгийн газар хоорондын комисс ажиллаж, дэд ажлын хэсгүүд байгуулахаар боллоо.
Түүнчлэн хоёр улсын Засгийн газар хот төлөвлөлт болон шинжлэх ухаан, технологийн чиглэлд хамтран ажиллахаар тохиролцож, ногоон хөгжил, зам тээвэр, төрийн өмчит компанийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх чиглэлд санал нэгдэж, санамж бичигт гарын үзэг зурсан байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Хятад Ард Улсад хэрэгжүүлж буй айлчлалын хүрээнд 2023 оны зургадугаар сарын 28-ны өдөр дараах баримт бичгийг байгуулав.

  1. “Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрыг төлөөлж Тээврийн сайд Ли Шяопөн нар гарын үсэг зурлаа.

Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар хоёр улсын тээврийн салбарыг хөхиүлэн дэмжиж, харилцан уялдаатай, хөнгөвчилсөн нөхцөлөөр тээвэрлэлт гүйцэтгэх, тээврийн төрлүүдийн уялдаа холбоог хангах, хоёр улсын тээвэрлэгч нарт гуравдагч улс руу болон дамжин өнгөрөх тээвэрлэлт гүйцэтгэх шинэ боломж бүрдэж байна.

  1. “Монгол Улсын говийн мазаалайг хамгаалах чиглэлээр техникийн туслалцаа үзүүлэх төсөл хэрэгжүүлэх тухай нэмэлт хэлэлцээр”-т Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, БНХАУ-ын Худалдааны сайд Ванг Вентао нар гарын үсэг зурлаа.

Талууд хооронд 2018 онд байгуулсан хэлэлцээрийн хугацааг сунгаж, улмаар төслийн хүрээнд талууд мазаалайн амьдрах орчныг сайжруулах, мазаалайн тоо толгойг нэмэгдүүлэх, Монгол Улсын говийн мазаалайг хамгаалахад чиглэсэн судалгааг илүү өргөн хүрээтэй, цогц байдлаар хийх боломж бүрдлээ.

  1. “Төрийн өмч ба төрийн өмчит аж ахуйн нэгжийн салбарт солилцоо, хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн дэргэдэх Төрийн өмчийн хяналт, зохицуулах хороо хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, БНХАУ-ын Төрийн өмчийн хяналт, зохицуулалтын хорооны дарга Жан Юйзуо нар гарын үсэг зурлаа.

Төрийн өмчит компанийн засаглал, нийгмийн хариуцлагын хэрэгжилт, технологийн инновац зэрэг чиглэлээр туршлага солилцох, төрийн өмчит компаниудын хооронд олон салбарт харилцан ашигтай, бодитой хамтын ажиллагааг өрнүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааны баримт бичиг юм.

  1. “Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад угаасан ноос, ноолуур экспортлох үеийн мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагын тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гаалийн ерөнхий газар хоорондын протокол” болон “Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад нядалгааны зориулалттай хонь, ямааг экспортлох үеийн хяналт шалгалт, хорио цээр, мал эмнэлгийн эрүүл мэндийн шаардлагын тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гаалийн ерөнхий газар хоорондын протокол”-д Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргал, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын дарга Юй Жяньхуа нар гарын үсэг зурлаа.

Хоёр улсын Гаалийн ерөнхий газар хоорондын уг баримт бичгүүд нь энэ салбарын өмнөх хамтын ажиллагааг үргэлжлүүлэн бэхжүүлж, тэр дундаа мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагын үйл ажиллагааг харилцан уялдаатай, хөнгөлөлттэй бөгөөд шуурхай, олон улсын стандартад нийцсэн нөхцөлөөр явуулах эрх зүйн үндсийг бий болголоо.

  1. “Хамтран ажиллах тухай Монголын хөрөнгийн бирж, Шанхайн Хөрөнгийн Бирж хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай, БНХАУ-ын Шанхайн хөрөнгийн биржийн Ерөнхийлөгч Цай Жяньчүнь нар гарын үсэг зурлаа.
    Санамж бичгийн хүрээнд талууд хоёр улсын зах зээлийн мэдээлэл солилцох, хувьцаа, өрийн хэрэгсэл, хөрөнгө оруулалтын сангийн бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, компанийн засаглалыг сайжруулах, хурал, семинар зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллана.

Айлчлалын хүрээнд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Ардын Төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны дарга Жао Лөжи нартай албан ёсны уулзалт хийж, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян-тай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээг амжилттай хийж, олон жил яригдсан төслүүдийг 2023 онд багтаан эцэслэн шийдвэрлэхээр тохиролцсон. Эдгээр төсөлд хилийн боомтуудыг төмөр замаар холбох төсөл болон Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын зээлийн хэлэлцээр, Чойбалсангийн цахилгаан станцын өргөтгөлийн төслийн зээлийн гэрээг сунгах асуудлууд багтаж, Монгол банк болон Хятадын ардын банкны своп хэлцлийг сунгах асуудал хэлэлцээрийн түвшинд шийдвэрлэгдэж байна.

Түүнчлэн айлчлалын хүрээнд Ерөнхий сайд тэргүүтэй манай улсын төлөөлөл Хятадын “Сани” группийн ТУЗ-ийн дарга Шян Вэньбо-г хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцсон. Мөн БНХАУ-ын “Хятадын дэд бүтцийн бүтээн байгуулалтын групп” компанийн дэд ерөнхийлөгч Чэнь Жун-ыг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. БНХАУ-ын “TBEA” компанийн гүйцэтгэх захирал Ма Шүпин-тай уулзаж, Чойбалсангийн дулааны цахилгаан станцын 50 МВт-ын өргөтгөлийн төслийн санхүүжилтийн талаар ярилцав. Тус компани нь төслийн ерөнхий гүйцэтгэгчээр шалгарч, 2020 оноос хэрэгжүүлж байгаа билээ.

"Монгол-Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа" форум Бээжин хотноо болов

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ дахь албан ёсны айлчлалын хүрээнд МҮХАҮТ, БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хороо (ОУХДХ) хамтран "Монгол-Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа" форумыг Бээжин хотноо зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд оролцож үг хэллээ.

БНХАУ-д хийж буй энэ удаагийн айлчлал төр засгийн хамтын ажиллагаа төдийгүй хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгж, хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахад илүүтэй чиглэгдэж буй юм. Энэ хүрээнд айлчлалынхаа үеэр Ерөнхий сайд “China Energy”, "Хятадын Үндэсний газрын тосны корпорац", "Power China",  “Хятадын дэд бүтцийн бүтээн байгуулалтын групп”, “Норинко" зэрэг төрийн өмчит компаниудтай уулзалт хийж, Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, урт хугацааны тогтвортой хамтын ажиллагааны талаар ярилцсан байна.

Манай улсад нийт 7500 гаруй БНХАУ-ын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улс хөрөнгө оруулалтын бодлогоо улам тодорхой болгож, тогтвортой, тууштай байж, Эдийн засаг, хөгжлийн яам болон тус яамны дэргэд Гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг байгуулж, хөрөнгө оруулагчдад тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаарх мэдээллийг тогтмол хүлээн авах, хөрөнгө оруулагчаас гаргасан гомдлыг цахим хэлбэрээр бүртгэх, шийдвэрлэх тогтолцоог бий болгож байгааг Ерөнхий сайд тэмдэглээд эдийн засгийн олон томоохон төсөлд харилцан ашигтай, урт хугацаанд тогтвортой түншлэн ажиллана гэдгээ хөрөнгө оруулагчдад илэрхийллээ.

"Монгол-Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа" форумын үеэр нийт гурван тэрбум юанийн мөнгөн дүн бүхий хамтын ажиллагааны 25 гэрээг үзэглэж байгааг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин мэдээллээ.

Айлчлалын үеэр Бээжин хотноо “Welcome to Mongolia” арга хэмжээ болов. Энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирэхэд хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны санамж бичиг зурагдсаар 2.8 тэрбум ам.доллар буюу 20 тэрбум юаньд хүрсэн байна. Бичигт-Хөөт-Чойбалсан чиглэлийн зүүн босоо тэнхлэгийн төмөрзамын хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдэж, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын зээлийн санхүүжилтийн хэлэлцээр бүрэн шийдвэрлэгдлээ гэсэн мэдээллийг Ерөнхий сайд хэлээд энэ бол харилцан итгэлцлийн, шинэ сэргэлтийн гүүр бэхжиж байгаагийн бодит илэрхийлэл юм гэдгийг онцолсон.

Айлчлал үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Шинжлэх Ухааны Академид зочилж, тус академийн Ерөнхийлөгч Хоу Жянгуо болон холбогдох удирдлагуудтай уулзалт хийсэн байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ удаагийн айлчлалын чухал зорилгуудын нэг бол БНХАУ-тай шинжлэх ухаан, технологи, инновацын чиглэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх болохыг онцлоод “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод дэвшүүлсэн шинжлэх ухаан, технологийн зорилтуудыг хэрэгжүүлэх”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд 38 мянга гаруй инженер технологийн ажилтан шаардлагатай бөгөөд БНХАУ-ын шинжлэх ухааны дэвшил, технологийн чиглэлээр туршлага судалж, хүний нөөц бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой буйгаа илэрхийлж, хамтран ажиллахаар болов.

Хятадын төрийн өмчит компанийн удирдлагуудтай уулзлаа

БНХАУ дахь Монгол Улсын албан айлчлалын онцлог нь салбар бүрт чиглэсэн шийдвэрлэх асуудлыг ярилцаж, хэлэлцсэн амжилттайгаар болж байна. Айчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын Эрчим хүчний барилгын корпорац (Power China)-ын ТУЗ-ийн дарга Дин Яньжян, Газрын тосны үндэсний корпорац(CNPC)-ын ТУЗ-ийн дарга Дай Хоулян, Хойд үйлдвэрлэлийн компани(Norinko)-ын намын хорооны нарийн бичгийн дарга Ян Шяочин нарыг хүлээн авч уулзлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар хоёр улсын Засгийн газар хоорондын албан ёсны хэлэлцээ хийж, Төрийн өмч ба төрийн өмчит аж ахуйн нэгжийн салбарт солилцоо, хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай Монгол Улсын Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар болон БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн дэргэдэх Төрийн өмчийн хяналт, зохицуулах хороо хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Энэхүү санамж бичгийн хүрээнд хоёр улсын аж ахуйн нэгжүүд хоорондын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, бүх талаар эрчимжүүлэхээр тохиролцсон билээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын Эрчим хүчний барилгын корпорацын ТУЗ-ийн дарга Дин Яньжян-тай сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт түшиглэн цахилгаан эрчим хүчний төслүүд хамтран хэрэгжүүлэх, БНХАУ-ын технологи, инновацыг нэвтрүүлэх, Монгол Улсад хэрэгжүүлж буй төслүүдийг эрчимжүүлэхээр тохиролцлоо.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Газрын тосны үндэсний корпорац(CNPC)-ын ТУЗ-ийн дарга Дай Хоулян нар уулзаж, газрын тосны салбарын олборлолт, ашиглалтын тогтвортой хамтын ажиллагааг өргөтгөх, хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх, цаашид дизель болон Евро стандартын түлш шатахууныг Монголын зах зээл, хэрэглэгчдэд нийлүүлэх, ОХУ-аас Монгол Улсын нутгаар дамжуулан БНХАУ-д Байгалийн хийн хоолой дамжуулах төслийг урагшлуулах чиглэлд хамтран ажиллахаар санал солилцлоо.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хойд үйлдвэрлэлийн компани(Norinko)-ийн намын хорооны нарийн бичгийн дарга Ян Шяочин нар Монгол Улсад хэрэгжүүлж буй нүүрс баяжуулах үйлдвэр, Нефть боловсруулах үйлдвэрийн газрын тосны дамжуулах хоолойн төслийн талаар санал солилцож, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцлоо.

Гангийн үйлдвэр байгуулах чиглэлд БНХАУ-тай хамтрана

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Жөжян мужийн удирдлагатай уулзаж, хоёр талын харилцаа,  хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, аж үйлдвэрийн сэргэлтийн хүрээнд гангийн үйлдвэр байгуулах чиглэлд хамтран ажиллахаар талууд тохиролцлоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого”-ын талаар танилцуулж, энэ хүрээнд Монгол Улс, БНХАУ-ын Жөжян муж хооронд аж үйлдвэрлэл, эрчим хүч, хот төлөвлөлт, ногоон хөгжил, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан зэрэг салбарт хамтран ажиллах боломжтойг илэрхийлэв.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Нинбо хотод байх хугацаандаа Нинбо Жинтянь зэсийн үйлдвэр,  Нинбо гангийн үйлдвэр, Консайни группийн үйл ажиллагаатай тус тус тус танилцсан байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ дахь энэ удаагийн айлчлал нь салбар бүрт чиглэсэн шийдэл бүхий үр дүн бүхий ажил хэрэгч албан уулзалтаар арвин, хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлд ахиц авчирсан амжилттай айлчлал боллоо.

Б.САРУУЛ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах