Цэс Close

БНХАУ-ын 30 орчим тэрбумын хөрөнгө оруулалтаар Буянт-Ухаа спорт цогцолборыг засварлажээ

Буянт-Ухаа спорт цогцолборын засвар дуусаж ойрын хугацаанд ашиглалтад орохоор болсон байна.

Тодруулбал Биеийн тамир, спортын олон улсын тэмцээн, баяр ёслол, соёл урлагийн арга хэмжээ, хурал зөвлөгөөн, үзэсгэлэн зохион байгуулах зорилго бүхий Буянт-Ухаа спортын цогцолбор анх БНХАУ-ын Засгийн газрын 21 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр баригдаж 2010 оны арванхоёрдугаар сард Монгол улсын Засгийн газарт шилжүүлж байжээ.

Гэвч тухайн үед тус ордныг Улсын комисс албан ёсоор хүлээн авалгүй 10 гаруй жил ашиглаж ирсэн хугацаанд ордны чанар ихээхэн муудаж агааржуулалт, дулаан болон усны хангамж нь элэгдэлд орсон учир манай талаас БНХАУ-ын Худалдааны яамд хандаж ордны засвар шинэчлэл хийх хүсэлт тавьсан байна.

Хятадын тал хүсэлтийг хүлээн авч 2022 оны 02-р сараас дахин 30 орчим тэрбум төгрөгийн хөрөнгийг шийдвэрлэн гадна дотор иж бүрэн засвар, барилгын дэд бүтцийг шинэчлэх ажлыг гүйцэтгэжээ.

Хятадын инженер-техникийн ажилтнууд ус хаялгын систем солих, цахилгаан сүлжээний угсралтыг шинэчлэх, барилгыг бүтнээр нь нэмж дулаалах, гадна дотор гэрэлтүүлгийн хүчин чадал нэмэгдүүлэх, шалыг олон улсын стандартад нийцүүлэн дахин угсрах, дотор ханыг бүрэн сольж дуу тусгаарлалттай болгох, гадна дотор өргөн дэлгэц суурилуулах, бүх өрөө тохижуулах, ордны цонх, хана, хаалга шинэчлэх болон бусад ажлыг хийсэн байна.

Шинэчилсэн ордон нь

  • 5,045 хүний суудалтай
  • спорт арга хэмжээний үндсэн заал,
  • бэлтгэл сургалтын гурван заал,
  • саун,
  • амралтын өрөө,
  • хурлын заал,
  • VIP өрөө,
  • олон тооны техникийн өрөө бусад хэсгээс бүрдэж байгаа юм байна.

Монгол улсын Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “Буянт-Ухаа спортын ордон” ТӨҮГ-ын барилга байгууламжийн талаар мэргэжлийн байгууллагаас гаргасан дүгнэлтийг үндэслэн Улсын комиссыг ажиллуулж ордны барилга байгууламжийг ашиглалтад оруулах арга хэмжээ авахыг Барилга, хот байгуулалтын яам болон Улаанбаатар хотын удирдлагад даалгажээ.

Энэхүү шийдвэрээр тус ордныг Монголын тал албан ёсоор хүлээн авч зориулалтаар нь ашиглах эрх зүйн нөхцөл бүрдэж байгаа учир ойрын хугацаанд үүд хаалгаа нээж зориулалтын дагуу олон нийтэд үйлчлэхээр болсон талаар Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах