Цэс Close

Нүүрсний гэх дуулиант хэргийн яллагдагч Б.Ганхуягийн хорихоос илгээсэн захидлын цаад учир юу байв

Олны анхаарлыг татсан нүүрсний гэх хэрэг хэсэг шуугиад чимээ алдарсан. Ямар ч байсан ажлын хэсэг шинээр байгуулагдаж дахин энэ асуудал олны анхаарлын төвд орох нь дамжиггүй. Нүүрсний гэх хэрэгт олны анхаарлыг татсан хэргийг шүүх хэлэлцэв.

 Шүүх хурлаас өмнө хорихоос захидал ирлээ. “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийн захидал Хүний эрхийн байгууллагад хаяглагдаж. Гэсэн атлаа нийтэд цацагдчихсан байх юм.  Захидалд  өөрийгөө улс төрийн хоригдол болсон гэж тодорхойлж. Нүүрсний хэргийг ил болгохыг санаачилсан Ерөнхий сайдыг захиалагч гэж хэлж. Шүүх хурлын өмнө олонд ил болсон энэ захидал олон хүнийг чирнэ гэж айлгасан шинж агуулжээ. Мөн нүүрсний хэрэгт нэр холбогдсон хүмүүс зүгээр л хаалга, цонхны асуудлаар шалгагдаж байгаа мэтээр дурджээ. Мөн ихийг мэдэж байгаа, та нарыг илчилнэ шүү гэсэн мессэж өгч. Зарим ажиглагч “Түүний энэ гэнэтийн захидал шүүхэд нөлөөлөх оролдлого” байж магад гэсэн бол нэг хэсэг нь нөлөө бүхий хүмүүсийг шантаажилж, арьсаа хамгаалах гэсэн санаа мэтээр таамаг дэвшүүлжээ.

ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 12-нд болсон. Гэвч урьдчилсан хэлэлцүүлэг эхлэх үеэр яллагдагч Б.Ганхуяг “Миний эрх зүйн байдлыг дордуулж байна” гэх үндэслэлээр  ерөнхий шүүгч Б.Халиунаас татгалзах саналыг тавьж, шүүгчдийг “АТГ-ын заавраар ажиллаж байна” хэмээн үзэж Чингэлтэй дүүргийн нийт шүүгчдээс татгалзсан. Ийнхүү түүний тавьсан  хүсэлтийг шийдвэрлэсний дараа  “нүүрсний” гэх тодотголтой шүүх хурлын товыг дахин тогтоохоор болсон юм. Ингээд  тус шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон нь энэ шүүх хурал ийн хоёр дахиа хойшилж буй юм.  Хэрэв гэмт хэрэг үйлдсэн бол шүүх бүрэлдэхүүнээс татгалзлаа гээд шүүхийн шийдвэр өөрчлөгдөх үү гэдэг бодох л асуудал. Тэрээр шүүх хурлын үеэр “Намайг цагдан хорьсон шүүгчийн 19 захирамж гарсан. Үүний есийг ерөнхий шүүгч Б.Халиун гаргасан. Яллагдагч миний эрх зүйн асуудлыг дордуулсан маш олон асуудал гарсан учраас ерөнхий шүүгчийг  АТГ-ын шууд даалгавраар ажиллаж байгаа гэж бодож байна” гэсэн.

Эргэн сануулахад  дуулианы эхний үе буюу 2022 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр АТГ-аас нүүрсний "хулгай" гэгдэх хэрэгт шууд болон шууд бусаар оролцсон гэх үндэслэлтэй 17 хүний нэрийг зарласан.“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Б.Ганхуяг 2016 оны есдүгээр сард “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тэргүүн дэд захирал, 2018 оны дөрөвдүгээр сард гүйцэтгэх захирал болж дэвшсэн байдаг. Мэдээж гүйцэтгэх захирал гарын үсэг зурсан баримтууд байгааг хуулийн байгууллага шалгаж тогтоосон биз. Мөн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан ч шүүгдэгчдийн нэг.

Урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын хэлсэн үг, илэрхийлсэн байр суурь анхаарал татаж буй. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг “11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болж байна. Энэ хэрэг дотор надтай холбоотой зургаан үйлдэл байгаа. Энэ зургаан үйлдэл дотор нэг шанага ч нүүрсний асуудал байхгүй.  Анх 2022 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр намайг цагдан хорьсон. Цагдан хорьсон прокурорын тогтоол дээр жагсаал цуглаан зохион байгуулсан, турхирсан, санхүүжүүлсэн гэсэн үндэслэлээр цагдан хорьсон. Есөн сарын хугацаанд надаас нэг ч мэдүүлэг аваагүй.Гэтэл дараа нь нүүрсний хэргийг гаргаж ирсэн.Нүүрстэй холбоотой 50, 60 хэрэг мэдүүлэг аваад л яваад байсан ч нэг нь ч үлдээгүй. Бүх нүүрсний хэрэг гэдэг зүйл ард үлдсэн. Хаана үлдсэн гэдгийг би мэдэхгүй. Энд байгаа зургаан үйлдэл бол хоёр хүнийг танилцуулсантай холбоотой. Хөрөнгө оруулсан, хөрөнгө авсан энийг би  танилцуулсан учраас хэрэг болгож хилсээр тулгаж байгаа. УИХ дээр  нүүрсний ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын хэсэг дээр байнга нүүрс ярьж байна. Гэтэл надтай болон 11 хүндхолбоотой ямар ч хэрэг байхгүй” гэх мэтээр шүүх дээр ярьсан. Шанага нүүрс ухаагүй, би нүүрс зардаггүй гэж хэлж байсан. Шандын говийн хөрсийг ухаж нүүрс гаргах гарын үсгийг зурдаг хүн нь хэн билээ дээ. Заавал очоод шанагадаад суусан байх албагүй л дээ. “Нүүрсийг надаас өөр мэдэх хүн байхгүй” гэж хэлсэн нь үнэн байх. “Хамаатай, хамгийн их хамаатай “ гэдэг шиг л шалгагдаж эхэлсэн байх.

  Үйл явдлаас харахад нүүрсний гэх хэрэгт холбогдсон нөхдүүд эхнээсээ буруугүй гэж шаагилдаад эхэлсэн нь анхаарал татаж байна. Бас тэр захидлын агуулга тун хачин. Өөрөө буруугүй харин бусад буруутан олон гэж. Бас олон хүнийг зарлана шүү гэж сануулсан нь бас л учиртай. Үхэхдээ үхэр буугаа тавина гэгчээр таарсан луугаа л “галлаж” байхыг үгүйсгэхгүй.  Яахав хамаарал бүхий нүүрсчид ил болвол сайн л байна. Харин мэдэж байж дуугүй байгаад шантаажилж байвал яах вэ. Өөрийгөө хаацайлахын тулд хэн нэгнийг гүтгэж байвал яах вэ гэдэг асуулт бас байна.

Угтаа АТГ эд мөрийн баримтыг илрүүлэх, бэхжүүлэх зорилгоор нэгжлэг хийх ажиллагааг 166 обьектод, хүний бие, эд зүйл, баримт бичигт үзлэг хийх ажиллагааг 437 удаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч 1032 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, хөрөнгийн үнэлгээ, бичиг техникийн шинжилгээ хийлгэх ажиллагааг 25 удаа, байгууллага, аж ахуйн нэгж, иргэнээс 973 баримт материал гаргуулан авсан болон бусад мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй явуулж байна гэж мэдээлсэн байдаг. Ямар ч ор үндэслэлгүйгээр хүнийг барьж хорих ямар ч боломжгүй гэдэг нь эндээс харагдаж байна. Тэгээд ч энэ бүхний үнэн мөнийг шүүх л дэнсэлнэ. Шүүгчээс татгалзлаа гээд шүүхээс хаа зайлах вэ дээ. Буруутай, эсвэл буруугүй нь аандаа тодроод ирнэ. Анхнаасаа Засгийн тэргүүн  авлигачидтай тэмцэхээ зарлаж шүүхийг ажлаа хийхийг шахаж байсан нь үнэн. Гэхдээ шүүхийн шийдвэрт хэн гуай ч нөлөөлөх боломж үгүй.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг захидалдаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн захиалгаар хилс хэрэгт уналаа гэж бичсэн харагданалээ. Үнэн хэрэгтээ Ерөнхий сайд нүүрсний гэх хэргийг олон нийтийн өмнө гаргаж ирсэн. Өөрөө холбоотой бол “Намайг бариач” гээд нүүрсний хулгайг илчлэх,авлигатай тэмцэхийг уриалах уу гэдэг логик гарч ирж байна.

Ямар ч байсан одоогийн нөхцөл байдалд Б.Ганхуяг зуучилсан, хахуул өгөх, мөнгө угаасан, давуу байдал олгосон гэх олон үндэслэл яригдаж байгаа. Хэрхэн богино хугацаанд найз нартайгаа  баяжснааа тайлбарлахыг олон нийт, хэвлэл мэдээлэл  түүнээс шаардаж эхэлсэн. Харин шүүхийг Ерөнхий сайд ил тод шахсаар байгаа. Сонсгол дуустал энэ байдал үргэлжлэх байх. Цааш анхаарал татсан дуулиант хэргүүдийг ч хэрхэн шийдэхийг анхааралтай ажиглах байх. Ганц Б.Ганхуягтаа ч асуудал байгаа юм биш. Авлигатай тэмцэх “5 Ш” ажиллагаа нэлээд өргөн хүрээнд хамрагдана. Нэг захидал төдийгөөр авлигатай тэмцэх ажлаа зогсоочихгүй нь ойлгомжтой. Ямартай  ч Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 28-ны өдөр шүүх хурлыг товлоод байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах