Цэс Close

н.Энхтуяа: Салбарын сайдын хэлсэн цалинг багш нар авч чаддаггүй

"Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо"-ны гишүүн 150 гаруй сургуулийн багш, ажилчид аравдугаар сарын 5-нд ажил хаялт зарлах болсон талаараа мэдээллээ.

Энэ үеэр Сүхбаатар дүүргийн 16 дугаар сургуулийн математикийн багш н.Энхтуяа өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр миний бие боловсролын байгууллагад 36 дахь жилдээ багшилж байна. 2017 оноос хойш багшийн цалинг нэмэгдүүлэхийн төлөө тэмцэж эхэлсэн. Зургаан жил болоход 608.000 төгрөгийн цалин авдаг байснаас одоо 1,273,000 төгрөг энэ сараас авах байх.

Багш нар бүх нэмэгдлээ авсан ч дээд талын цалин 2.500.000 төгрөг буюу сайдын хэлсэн цалингийн хэмжээнд хүрдэггүй.

Өнөөдрийн байдлаар анги дүүргэлт 40-өөс дээш давчихсан, анги дүүргэлттэй, сурагчид нь хоёр жил коронавирустэй холбоотой хичээлийн хоцрогдолтой байгаа тохиолдолд ямар ч багшийн гүйцэтгэлийн үнэлгээ 95 хувийн үзүүлэлттэй гарч чадахгүй. Багшийн гүйцэтгэлийн үнэлгээ 25 хувь байсныг 50 хувь болгож байгаа гэж БШУ-ны сайд хэлсэн. Шулуухан хэлэхэд энэ 50 хувийг багш нар авах боломжгүй.

Багш нарыг гудамжинд гаргаж, жагсаагаад, ажил хаялт хийлгэж, хүний хүүхдүүдийг хохироогоод явуулалгүйгээр зүгээр үндсэн цалинг нь л нэмэх шаардлагыг тавьж байна. Багшийн цалингаар амьдрахад үнэхээр хүндрэлтэй хэцүү байна. Яагаад багш нарыгаа ингэж амьдруулах ёстой юм бэ гэж төр, засгаас асуумаар байна. Багш нарыг ингэж дор ортол амьдруулснаас л өнөөдөр тэмцэл хийхэд хүрч байна. Үндсэн цалингаа л нэм, өөр ямар ч аргацаах юм байхгүй.

Өнөөдөр багш нарыг зүгээр л амь зогоох мөнгөөр хуураад яваад байж болохгүй. Ирээдүйгээ аваръя, боловсролоо хөгжүүлье гэвэл багшаа л цалинжуул. Багшийн сургуульд үнэ төлбөргүй суралцуулбал чадварлаг боловсон хүчин бэлдэж чадахгүй. Авдаг цалин нь бага болохоор хүүхдүүд хүртэл “ Багшаа, би багш болохгүй” гэж байна.

Үнэ төлбөргүй дөрвөн жил сургаж, улсын мөнгийг агаарт цацаж байхын оронд багшийн гар дээр ирэх цалинг нэмбэл аяндаа хамгийн сайн хүүхдүүд энэ салбарт шуураад ороод ирнэ. Үүнийг мэдэхгүй дарга толгой дээр сууна гэж байхгүй. Зохион байгуулалттайгаар улам дордуулах үйл ажиллагаа хийж байна гэж ахмад багшийн хувьд харж байна. Тиймээс зүгээр л багшийн үндсэн цалинг л нэмчих" гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах