Цэс Close

Ж.Хатанбаатар: WADA-гийн тусгай ажлын хэсэг МОНАДА-г НҮБ-ын Конвенц, ДДЭКоде, Олон улсын стандарт, зөвлөмж, үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь хэрэгжүүлж ажилласныг баталгаажуулсан

Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын талаар элдэв мэдээллүүд гарч шуугиж байна. Үнэн хэрэгтээ цаад учир шалтгаан нь юу болох талаар тэр бүр хэвлэлээр гарахгүй байна. Допингтой холбоотой асуудлаар он удаан жил яригдаж ирсэн. Монголын допингийн эсрэг байгууллага нь олон арга хэмжээ авч ажиллаж, хуулийн төсөл ч бэлэн болж, УИХ-ын даргад өргөн баригдаад байгаа юм билээ.  Гэнэт л үндэсний бөхийн допинг хэрэглэсэн гэсэн асуудлаас үүдэлтэй   тус байгууллага руу дайрч давшилж эхлэв. Тиймээс бид энэ удаа нарийн учир шалтгаан нь юу болсныг хүргэж байна.

Дэлхийн допингийн эсрэг байгууллагаас Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллага (МОНАДА)-ын үйл ажиллагаанд зургаан зөрчлийг илрүүлж засах үүрэг өгсөн байна. Өөрөөр хэлбэл, допингийн шинжилгээ авахдаа олон улсын стандарт мөрддөггүй нь тогтоогдсон. Үүний үр дагавар нь тун тааруу талаар мэдэгдсэн байдаг.

Энэ талаар Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын ерөнхийлөгч, анагаах ухааны доктор, ардын эмч Ж.Хатанбаатар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Манай БТСУХ 2021 оны тамирчдын допингийн шинжилгээний төлбөрийг төлөхгүй байснаас үүдэн 2022 оны эхнээс Итгэмжлэгдсэн олон улсын лаборатори төлбөрөө төлөхийг шаардсан. Энэ бол зүй ёсны хэрэг. МОНАДА ч энэ талаар удаа дараалан хандаж байсан. Хариу ирүүлдэггүй,  нэг удаа Жаргалсайхан даргаас 2022 оны зургадугаар сарын 30-ны өдөр “Танайх хэний заавраар шинжилгээ хийсэн, өр төлбөр үүссэн нь танай буруугаас үүссэн” гэсэн утгатай хариуг ирүүлсэн. Эндээс Олон улсын лабораторийн төлбөрийн асуудал WADA-гийн хэмжээнд яригдах болж, WADA-гийн Төв азийн бүсийн байгууллагын удирдах зөвлөлийн хурлаас “2022 оны 11 дүгээр сарын 29-нд “Монгол Улс улаан шугамыг давуулахгүйгээр, тамирчдын шинжилгээний төлбөрийг итгэмжлэгдсэн лабораторид шилжүүлэх хэрэгтэй” гэж сануулсан. Энэ дагуу БТСУХ-нд хандсан.  Төлбөрийн асуудлыг бас л шийдвэрлээгүй. Эцэст нь ВАДА-ийн зүгээс 2022.12.02-ны өдөр МОНАДА-д шаардлага тавьж, “онц ноцтой зөрчилд” бүртгэгдсэнийг мэдэгдсэн. МОНАДА нь төлөвлөгөөний дагуу ДХХ-ийн шинжилгээг хийх гэхээр, Олон улсын итгэмжлэгдсэн лаборатори нь  төлбөрийн асуудал шийдэгдтэл Монгол Улсаас улсын шигшээ багийн ДХХ-ийн шинжилгээг хүлээн авахаас татгалзсан  хэвээрээ байсан. Энэхүү тавигдсан 6 шаардлагын 4 нь шинжилгээ авч эхэлснээр дэс дараалан бүртгэлжүүлж, хянуулах шаардлагатай ажил юм. Нэг нь сургалттай холбоотой ажил хийгдэж баталгаажсан ажлын нэг. Зургаа дахь шаардлага буюу шинээр хийгдэх цусны шинжилгээ мөн л шинжилгээний эрх нээгдэх, бусад бэлтгэл хийгдэхээс нааш боломжгүй байсан. БТСУХ төлбөрөө төлдөггүй, Итгэмжлэгдсэн лаборатори шинжилгээ хүлээн авахгүй нөхцөл үүссэн учраас МОНАДА-д тулгараад байгаа бэрхшээл, асуудалтай танилцахаар WADA-гийн тусгай ажлын хэсэг 2023 оны 8 дугаар сарын 15-16-нд хоёр  өдөр ирж ажилласан. Эхний өдөр МОНАДА-гийн үйл ажиллагаатай холбоотой бүх зүйлийг шалган үзэж, МОНАДА-г 2007-2023 он хүртэл НҮБ-ын Конвенц, ДДЭКоде, Олон улсын стандарт, WADA-гийн зөвлөмж, үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь хэрэгжүүлэн ажилласныг баталгаажуулсан. МОНАДА нь 2023 онд хэрэгжүүлэх ДХХ-ийн шинжилгээтэй холбоотой ажлуудыг төлөвлөгөөний дагуу явуулахад БТСУХ-ноос төлөгдөх ёстой Улсын шигшээ багийн тамирчдын 2021, 2022 оны шинжилгээний төлбөрөөс болж, Итгэмжлэгдсэн лаборатори нь ДХХ-ийн Шинжилгээ хүлээн авахаас татгалзсан учраас гацсан байгааг олж тогтоосон.  WADA-гийн Ажлын хэсэг хоёр дахь өдрөө БТСУХ-той уулзалт хийхдээ тамирчдын допингийн шинжилгээний төлбөрийн асуудлыг хэлэлцсэн. Товчхондоо бол, WADA-гийн ажлыг хэсэг ирж ажилласны дараа БТСУХ-ноос 2023 оны наймдугаар сарын 24-ний өдөр 2021, 2022 оны Допингийн шинжилгээний төлбөр төлөгдсөнөөр МОНАДА төлөвлөгөөт ажлаа хийж эхлэх боломж нээгдсэн. Тиймээс наймдугаар сарын 24-нөөс эхлэн, 6 шаардлагыг  шат дараалалтай  хэрэгжүүлэн ажиллаж байна. МОНАДА-гийн хийж байгаа ажил олон улсдаа бүртгэгдэн баталгаажиж, жилийн эцэст үр дүн нь Монгол Улсын НҮБ-ын конвенцийн хэрэгжилтийн нэг хэсэг болдог. БТСУХ-ны төсөвт үндэсний шигшээ багийн допингийн шинжилгээний зардал тусгагддаг. Гэтэл БТСУХ нь төсвийн хуулиа жил дараалан зөрчиж допингийн шинжилгээний төлбөрийг шилжүүлээгүй. БТСУХ Төсвийн хуулиа зөрчиж байгааг төрийн аудит ч тогтоосон юм билээ. Үндэсний аудитын газраас 2022 оны гуравдугаар сарын 25-нд БТСУХ-нд “Зөрчил арилгах тухай” ирүүлсэн албан шаардлагад “2021 оны төсөвт батлагдсан Допингийн эсрэг үйл ажиллагааг дэмжих хөтөлбөр арга хэмжээний санхүүжилтийн гүйцэтгэлийг хангаж ажиллаагүй” гэдгийг тодорхой заасан байдаг. Тодруулбал, 2021 оны төсөвт батлагдсан шигшээ багийнханд хийх допингийн хяналтын шинжилгээний төлбөрийг шилжүүлээгүй төсвийн хуулиа зөрчиж байсан гэдэг нь  аудитын шалгалтаар тодорхойлогдсон гэсэн үг” гэжээ.

Болсон явдал ийм байна. Албан ёсны байр сууриас харахад Биеийн тамир, спортын улсын хороо төсөв дээрээ гэдийгээд Допингийн эсрэг байгууллагын ажлыг ч хийлгэхгүй, допингийн  шинжилгээний төлбөрийг шилжүүлэхгүй гэдийж суусан байх юм.  Төсвийн байгууллагын ийм удаан хойрго байдал олон ажлыг уяж, хойш татаж ирснийг мэдсээр байж бид харин чимээгүй л өнгөрсөөр ирж.

                                                                                                                     Б.НАРАН

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах