Цэс Close

Ж.Сүхбаатарын тогтоосон жишиг

Ногоон автобусны хэрэг  дуулиан тарилаа. Асуудал ундарлаа. Олон нийт ч бухимдлаа.  Бухимдах ч ёстой. Хотын дарга ч яаран огцорлоо. Замын түгжрэл бууруулах асуудал  хариуцсан сайд нь ч огцорлоо. Буруутай эзнийг хууль хяналтын байгууллага нь шалгаад тогтоох биз. Юм гэдэг цаг нь ирэхээр тос, усаараа ялгараад гараад ирдэг хойно. Энэ удаа ногоон автобусны асуудлыг биш, арай өөр зүйлд анхаарал хандуулъя. Энэ бол хотын Түгжрэлийн асуудал. Утаа, түгжрэл хоёр бол хотын иргэдийн шүдний өвчин л гэсэн үг. Хамаг цаг нар, нерв бардаг. Улсаараа, хотоороо зам дээр гацаж, цаг хугацаа зогссон мэт байх нь олонтаа. Угтаа цаг хугацаа урсдгаараа урсаж, бид л урсаж буй цаг хугацаанаас хоцорч буй нь тэр юм. Энэ асуудал руу Засгийн газар анхаарал хандуулж, Түгжрэл хариуцсан сайдтай болсон хэрэг. Үнэндээ бол Ж.Сүхбаатарт хүчээр шахуу тулгасан хэрэг л дээ. “Би хийж чадна” гэж хэлэхэд амаргүй л байсан байх. Энэ асуудлыг шийдэхэд Ж.Сүхбаатарын оронд хэн ч байсан өргөс авахын дайны хурдан шийдэж чадахгүй. Ид шидэнд итгэдэггүй л юм бол шууд өөрчлөгдөх боломжгүй. Заавал цаг хугацаа шаардагдана. Ж.Сүхбаатар ажлаа авмагц л баахан хуралдаж, шийдлүүд хайж эхэлсэн. Мэргэжлийн хүмүүсийн амар заяаг үзүүлсэнгүй.   Бодлогын асуудалд анхаарав. Түгжрэл бууруулах богино, дунд хугацааны ажлаа  танилцуулав. Хотын автомашины түгжрэлийг бууруулахаар таван гол чиглэлд  бодлогын асуудлаар  анхаарал хандуулан ажиллав. Цаг наргүй, хэл ам таталсан энэ их ажил руу ханцуй шамлан орлоо. Нэгэнт буруу төлөвлөлттэй хотын түгжрэлийг  ямар ч агуу ухаантан гарч ирээд нэг өдөрт цэгцэлчихгүй. Олон талаас нь бодож, төлөвлөж, бодлогын шийдвэрүүд гаргаж байж өөрчилнө. Цаг хугацаа орно. Манайхан яаруу улс. Өргөн талд морьтойгоо дураараа давхиж ирсэн ард  түмэн. Одоо болтол бүрэн хотжиж чадаагүй л байна. Тиймдээ ч талд хэдэн хонио хариулаад орой хураагаад гэртээ харихын дайны бодож чадах улс.

Угтаа түгжрэлийн сайд 2024 онд түгжрэлийг 50 хувь бууруулах зорилт тавьсан байлаа. Ийнхүү үе шаттай, системтэйгээр ажлаа явуулах шаардлага тулгарсан. Ажил ч эхэлсэн. Яг үнэндээ хэл ам дагуулсан хамгийн ядаргаатай ажлын нэг бол Түгжрэлийн сайдын ажил байв.  Ажлаа аваад л тэр хэл амтай нүүр тулсан.  Ж.Сүхбаатар мөчөөгөө өгөөгүй л дээ. Хийж байгаа ажил, тулгарч байгаа бэрхшээл, үүсч байгаа нөхцөл байдал, гарах гарцаа хэрхэн тодорхойлж байгаагаа олон нийтэд нээлттэй хүргэж байв. Парламентын танхимд хэрүүл хийж, хуулийн асуудал дээр хатуу байр сууриа илэрхийлдэг хуульчийн нэг бол яалт ч үгүй Ж.Сүхбаатар. Алга урвуулахын дайны шийдэл хүсээгүй бол, хоёр компанийн хуйвалдааны золиос болсон ногоон автобусны хэрэг гарч ирээгүй, гом журмаараа явсан бол  түгжрэлийн асуудал нэлээд цэгцэндээ орох байсан биз. Сүхбаатар гишүүн сайдын албыг аваагүй бол парламентад тэр онц дайчин нэртэйгээ л байх байлаа.

Ерөнхий сайд “Ж.Сүхбаатар сайд хууль эрх зүйн хувьд нэлээн олон зүйл хийсэн байна лээ” хэмээн чуулганы танхимд хэлнэ лээ.   Түүний хамгийн сайн чадах ажил нь энэ. Бичиг цаастай ноцолдож чадна, хууль мэднэ, хуулиа бичнэ. Тиймдээ ч хууль эрх зүйн нөхцлийг нь бүрдүүлэхэд олон зүйл хийгээд явлаа.  Парк шинэчлэл хийх гэж үзлээ. Сүйрэлд хүрсэн нийтийн тээврийг шинэчлэх бодлого бол тэр гаргасан. Хэрэгжүүлэхдээ хэн алдаа гаргасныг хэн мэдэхэв. Ж.Сүхбаатар хэнхэглээгүй бол, биеийн амрыг бодсон бол магад ийм юмтай нүүр тулахгүй байсан биз. Цаас нухдаг, хууль боловсруулдаг хүнийг аж ахуйн ажил руу түлхсэн нь нэг талаар дэмий зүйл байсан ч нөгөө талаар эрх зүйн орчныг бүрдүүлэх чухал ажлыг амжуулсан нь сайн юм. Ажил хийсэн нь ад болдог доо. Монголын нийгэмд сошиал бүллиг хэн сайн хийсэн нь ялагч болдог бичигдээгүй хуультай болж. Мэдээлэлд шүүлтүүргүй хандана. Өөрөөс нь өөр үзэл бодолтой хүн байвал элдвээр зүхнэ. Эхний мэдээлэл худал байгаад дараа нь үнэн тогтоогдсон ч өөрийнхөө анхны сонссон муу мэдээнд итгэнэ. Сайн сайхныг сонсохыг хүсдэггүй, тэр талаар мэдээлэл хүргэвэл үл тооно, эсвэл маазруулаад орхино. Мэдээж улс оронд минь таагүй мэдээлэл байнга сонсогдож, бэртэгчингүүд олон болсныг үгүйсгэхгүй ээ. Тиймдээ ч сошиал хөөсрөлийг үл харгалзан хэдэн үг хэлхэж сууна. Монгол Улсын сайд, Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатарын үед түгжрэлийн эсрэг бодлого ул суурьтайгаар хэрэгжиж эхэлсэн бөгөөд зорчилт хөдөлгөөнийг сайжруулах, авто замын сүлжээг өргөтгөх, нийтийн тээврийг шинэчлэх, хот төлөвлөлтийн чиглэл гэсэн үндсэн дөрвөн чиглэл дор хийгдсэн. Ерөнхий сайдын хэлснээр эрх зүйн сайжруулалт нэлээд хийгдсэн байдаг.

Хэнхэглээд биеийн амрыг бодож, ээлж өнгөрөөж болох л байсан. Олон тийм сэтгэлгүй сайд, дарга нарын балгаар хот маань цаг явах тусам бетонон ширэнгэд, ширэнгийн хуулиар амьдрагсад мэт дүр төрхтэй болсон нь үнэн. Түүний оронд хэн ч болсон бай, жаахан аж ахуйн ажил хийж чаддаг бол, чин сэтгэлтэй бол,  дэвсгэрийг нь өмнөх хүн чинь бэлдээд явчихлаа л гэсэн үг.   Ямартай ч   Б.Дэлгэрсайхан гишүүн албыг нь хүлээж авсныг олон нийт мэдэж байгаа.   Хувийн бизнес нь бол сэвхийтэл томорсон аж ахуйч нөхөр гэдгийг бол хэн хүнгүй мэднэ. Улсын ажилд ямар сэтгэл гаргахыг ирэх цаг хугацаа аандаа харуулна биз ээ.  Төлөвлөлтгүй явж ирсэн хотыг  ёотон өрөхийн дайны амархан засна гэж юу байхав.  Цаг хугацаа орно. Дээр нь сэтгэл зүтгэл хэрэгтэй. Тийм жишгийг Ж.Сүхбаатар гишүүн үлдээгээд явлаа.  Зөв бодлогын үр дүн хожуу ч гэсэн гардаг. Сайдын хувьд салбарт гарсан асуудлаас болж ёс зүйн хариуцлага хүлээсэн болохоос улс төрөөс тэр явах болоогүй.  Ж.Сүхбаатарыг гишүүний хувиар парламентад оруулах хуулийн төслүүд хүлээж байна. Зөрчлийн хуулийн шинэчилсэн найруулга, энэ намар хэлэлцэх түгжрэлийг бууруулах багц хууль гээд хийх ажил их бий.  Сайн хуульчийн хувьд харин ч аж ахуйн ажлаас холдож,  байх ёстой газраа ирлээ. Парламентад яах гэж суугаагаа мэдэхгүй, хуулийн төсөл дээр ажиллаж үзээгүй, хууль санаачлаагүй, чуулганы хуралдаан дээр ганц үг дуугарч үзээгүй гишүүд бий. Үүний нөгөө талд идэвхтэй ажиллаж байгаа гишүүд ч бий. Ж.Сүхбаатар гишүүний хувьд парламентчийн хувьд хамгийн идэвхтэй ажилласан гишүүдийн нэг. УИХ Хяналт шалгалтын тухай хуулийг хэлэлцэхэд ахалсан, Шүүхийн шинэтгэлийн багц хуулиуд дээр голлох үүрэгтэй оролцож, Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг өөрөө ахалж батлуулсан гээд яривал олон хууль дээр ажилласан. Г.Занданшатарын ангийхны нүүрийг тахалж байгаа хуульчдын нэг бөгөөд Түгжрэлийн асуудал хариуцсан сайдаар  томилсон нь анхнаасаа оновчгүй байсан байж ч болох.  Хөл бөмбөгөөр бол зөв байршилдаа л байх  байсан юм. Дайны хажуугаар дажин гэгчээр Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар нар нүүрсний сонсгол хийх болтол ийм дуулиан гарсан нь харамсалтай. Магадгүй нүүрсний хулгайн  нээлттэй сонсгол явуулахгүй гэж анхнаасаа зохион байгуулсан улс төрийн энэ халуун өрнөлд өртсөн байхыг үгүйсгэхгүй. Гэвч тэр ёс зүйн хариуцлагаа хүлээгээд албыг нь хүлээлгэж өгсөн. Харин тэр улс төрөөс яваагүй.

Ж.Сүхбаатар  “Манай нийгэм бол авлигад идэгдсэн нийгэм” гэдгийг шүүмжлэн хэлж байсан, үүнээс ангижрах гэж зорьж, хуулиуд дээр ажиллаж ирсэн.  Сайдын алба биш парламентад дуу хоолойгоо өргөж, хуульчийнхаа ажлыг хийсэн нь дээр биз ээ.

Б.АНИР

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах