Цэс Close

Дээд шүүхийн шүүгчид “Оюуны өмчийн асуудлаарх Шүүгчдийн форум”-д оролцож байна

Швейцарын Холбооны Улсын Женев хотноо энэ сарын 15-16-ны өдрүүдэд болж буй “Оюуны өмчийн асуудлаарх Шүүгчдийн форум”-д Улсын дээд шүүхийн шүүгч М.Батсуурь, Д.Батбаатар нар оролцож байна.

2018 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж байгаа уг форум нь энэ удаад “Шүүхийн байгууллагуудын хоорондын улс дамнасан хэлэлцээг дэмжих нь” сэдвийн хүрээнд болж, дэлхийн 100 гаруй орны 600 гаруй шүүгчид биечлэн болон цахим хэлбэрээр оролцож байгаа юм.

 Форумд оролцогчид уламжлалт бус барааны тэмдэг, патент, бүтээгдэхүүний загвар, газар зүйн заалт болон түүнтэй холбоотой хэрэг маргааныг шийдвэрлэхэд тулгарч буй сорилт, тулгамдаж буй асуудлууд зэрэг уламжлалт сэдвүүдээс гадна оюуны өмчийн эрхийн төрлүүдийн сүүлийн үеийн хөгжлийн чиг хандлага, хиймэл оюун ухаан, метаверс, оюуны өмчийн хэрэг маргаан дахь нотлох баримтын дүрэм зэрэг асуудлыг хэлэлцэж, харилцан санал солилцлоо.

Улсын дээд шүүхийн шүүгчид  Женев хотод ажиллах үеэрээ Дэлхийн оюуны өмчийн байгууллага (ДОӨБ)-ын Шүүхийн хүрээлэнг хариуцсан орлогч захирал Марко Алемантай уулзалт хийж, Шүүхийн сургалт, судалгаа мэдээллийн хүрээлэн болон тус байгууллага хоорондын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ажиллагаанд оролцов.

Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн болон ДОӨБ-ын Шүүхийн хүрээлэн Монгол Улсын шүүгчдэд оюуны өмчийн талаар сургалт зохион байгуулах, оюуны өмчид хамаарах шүүхийн шийдвэрийг нэгтгэн ДОӨБ-ын мэдээллийн санд байршуулах зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар тохирлоо.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах