Цэс Close

Монголчууд ялав буюу Француудын “ТУЛГАЛТ”

Урантай, уран сонирхогч гээд энэ зах зээл дээрх дэлхийн тоглогч бүрийн чихэнд “Монгол үнэхээр хатуу самар юм, санаснаас дээгүүр хүмүүс” гэх яриа хүрсэн гэхээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Франц Улсад хийсэн айлчлалын үеэр өрнөсөн Хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээ манай талд илт давуу ашигтай болсон нь тодорхой байгаа юм. Гэхдээ энэ хэлэлцээ тийм ч амар болоогүйг тэнд ажиллаж байсан сэтгүүлчийн хувьд ажиглаж, гадарлаж явлаа.

 ПАРИСТ ЮУ ӨРНӨВ

Дайн самуун, хөрөнгө оруулалт хийгээд эдийн засгийн хүнд байдалд дэлхий нийтээр ороод буй энэ үед Францын Засгийн газартай хийхээр ажиллаж буй энэхүү Хөрөнгө оруулалтын гэрээг бид хэрхэн зөв зурахаас олон зүйл шалтгаалахаар байгаа. Энэ ч утгаараа Монголын Засгийн газар, энэхүү гэрээн дээр ажиллаж буй ажлын хэсгийнхэн ширхэг тэмдэгтийг ч алдахгүй анзаарах, нягтлах, ашиггүй саналыг зоригтой буцаах түүхэн хариуцлагын өмнө ирсэн гэсэн үг. Энэ үүднээс Парист болсон хэлэлцээ халуухан, ширүүхэн мэтгэлцээний дунд өрнөж, тэр өдрүүдэд цөөнгүй зүйл, заалтыг Монголд бүх талын ашигтай байхаар өөрчлүүлж чадсаныг ажлын хэсгийнхэн онцлон ярьж байсан. Тухайлбал, ТЭЗҮ нь боловсруулалтын шатандаа яваа “Зөөвч-Овоо” төслийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа 40 гаруй жил үргэлжилж, 1.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардахаас гадна Монгол Улсад нэг тэрбум гаруй ам.долларын татвар төлөх тооцоотой байгааг “Орано майнинг”-ийн Ерөнхийлөгч Кзавье Сан Мартан Тие онцолсон. Энэхүү тооцооллыг ажил хэрэг болгох, давуулан биелүүлэхийн тулд Оюутолгойн, Дубайн, Петрочайна Дачин Тамсагийн хөрөнгө оруулалтын гэрээ гээд алдаж оносон туршлага дээрээ үндэслэн зарим зүйлд эрс шийдэмгий байхаас аргагүй байсныг онцлох хэрэгтэй.

Тодруулбал, “Францын талаас санал болгосон протоколын хувилбарт “Өсөн нэмэгдэх АМНАТ-т ам.долларын инфляцийг тооцно” гэдэг өмнө нь огт байгаагүй, манайд огт ашиггүй заалтыг оруулж ирсэн байсан. Долларын инфляцийг тооцох тохиолдолд бидний сайжруулсан өсөн нэмэгдүүлж тооцох татварын хувь хэмжээ буурч, ач холбогдол нь багасах ноцтой үр дагавартай тул манай талаас зөвшөөрөх боломжгүй юм. Иймд уг заалтыг зөвшөөрөхгүйгээ илэрхийлснээр хэлэлцээний байдал хурцдаж, талууд өөрсдийн үндэслэлээ хатуу хамгаалж байсан. Бүр ажлын хэсгийн ахлагч протокол зурагдахгүй нөхцөл үүсч байгааг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон бүрэлдэхүүнд багтсан УИХ-ын гишүүдэд тайлбарлаж, ажлын хэсгийн гишүүд хөрөнгө оруулагч талын өөрсдийн түвшний уулзалтуудыг үргэлжлүүлэх, дипломат шугамаар төрийн байгууллагуудын төлөөллүүдийг ойлголцуулах зэрэг тактик баримталж, гарах үр дагаваруудаа талууд тасралтгүй ярилцсанаар эцэст нь ойлголцож чадсан. Хэдийгээр хөрөнгө оруулагч талаас биднийг буулгаж авах боломжтой гэдэг итгэл өвөрлөж байсан ч бидний зүгээс протоколд гарын үсэг зурахгүй буцах, улмаар энэ төсөл мухардмал байдалд орох эрсдлийг хөрөнгө оруулагч тал бий болгож байгааг манай Ажлын хэсэг ойлгуулж чадсан. Мэдээж айлчлалын нэг гол арга хэмжээ, хэлэлцээ зурагдахгүй байх нь улс төрийн болоод бусад сөрөг үр дагавартай ч Монгол Улсад үр ашиггүй хэлцэл хийгдэж болохгүй гэдэг байр суурийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баримталж байсан нь сайн үр дүн гаргах гол үндэслэл болсон. Ингэснээр протокол зурагдах аравдугаар сарын 13-ны өглөө хөрөнгө оруулагч тал “Өсөн нэмэгдэх АМНАТ-т ам.долларын инфляцийг тооцно” гэдэг саналаа татсанаар протокол эцэслэгдэж, үдээс хойш зурагдсан юм” гэсэн. Өөрөөр хэлбэл, манай Ажлын хэсэг өөрт ашиггүй саналыг эрс эсэргүүцэж, байр суурин дээрээ баттай зогссоноор дээрх болон дараах заалтууд бүхий өөрчлөлтийг хийж чадсан юм.

МОНГОЛЧУУД ЯЛАВ БУЮУ ЯМАР ЗААЛТУУДЫГ ӨӨРЧИЛЖ ЧАДСАН БЭ

 Нийт найман удаагийн хэлэлцээний үр дүнгээс гарсан “Монгол Улсын Засгийн газар болон Орано майнинг САС хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах ажлын хэсгийн хэлэлцээний протокол”-д Монгол Улсын Засгийн газрын ажлын хэсгийг төлөөлж “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт, Хөрөнгө оруулагчийг төлөөлж Бүгд Найрамдах Франц Улсын Орано майнинг САС-ийн Ерөнхий захирал Клод Имавэн нар гарын үсэг зурав.

Энэ тухай ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Засгийн газраас ажлын хэсэг байгуулж, хөрөнгө оруулалтын гэрээний урьдчилсан хэлэлцээр эхэлсэн. Энэ ажлын хэсэг Монгол Улсад ашигтай байх хувилбаруудыг судалсан. Ингэхэд Монголын тал 34 хувиа эзэмшээд хөрөнгө оруулалтын үүргээ биелүүлэхэд мөнгөн эргэлт муугаар бодоход нийт 2.5 тэрбум ам.долларын чөлөөт урсгал бий болгоно. Мөн үүнийгээ дагасан ногдол ашиг хөндөгдөнө. Хамгийн дээд талдаа 3.8 тэрбум ам.долларын эргэлт бий болно. Гэхдээ үүнийг дагаад үүсэх эрсдэл нь бид хөрөнгө оруулалт хийх шаардлагатай болно. Төслийн нийт хөрөнгө оруулалт 1.6 тэрбум ам.доллар. Тэгвэл бид үүний 34 хувь буюу 500 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх үүрэг хүлээвэл эдийн засгийн хувьд хүндрэл үүсэхээс гадна хүртэх ашиг 6-10 жилээр хойшлохоор байлаа. Тиймээс ажлын хэсэг ярилцаад 34 хувиасаа татгалзаад үүнийг таван хувийн АМНАТ-өөр орлуулж авдаг болох сонголт хийсэн байсан. Ингэснээр бид тогтмол 10 хувийн АМНАТ авах нөхцөлөө бүрдүүлж авсан гэсэн үг юм. Мөн нэмэгдэж орж ирсэн орлогоос нь өсөн нэмэгдэх роялти авна гэдэг хэлэлцээр хийгдэж ирсэн. Манай талаас хөрөнгө оруулалтын гэрээ хийхэд дараах шаардлагыг тавьж, Францын тал хүлээн авлаа.

  1. Монгол Улсын Засгийн газрын хувьцааны эрхийг хэрэгжүүлэгч нь аливаа хөрөнгө оруулалт санхүүгийн үүрэг хүлээхгүйгээр 10 хувийн давуу эрхтэй хувьцаа эзэмшинэ. Монгол Улсын Засгийн газар 10 хувийн давуу эрхтэй хувьцааг эзэмших. Ингэснээр өнөөдрийн үнэ цэнээр тооцоход 400 орчим сая ам.долларыг ногдол ашгаар авахаар болсон ба жилд 13 сая ам.доллар авна.

2.АМНАТ нь таван хувьтай. Монголын талын эзэмшлийг таван хувиар нэмэгдүүлж оруулах, өсөн нэмэгдүүлэх АМНАТ-ийг 11-19 хүртэлх хувиар тооцох

3.Монгол Улсад хэрэгжиж буй аливаа татварын хууль эрх зүйн орчноос давсан хөнгөлөлт, таатай орчныг үзүүлэхгүй байх

  1. “OECD”-гийн орнуудын хэрэгжүүлж байгаа "BEPS"-ын журмыг мөрдөх саналыг манай зүгээс тавьсан. "BEPS"-ын журам гэдэг нь тухайн хөрөнгө оруулагч компани татвараас зугтах ямар нэгэн оролдого хийхгүй байхыг хянадаг аудитын байгууллага

5.Хөрөнгө оруулалт хийж байгаа компани нийгмийн хариуцлагын хүрээнд Дорноговь аймагт  жилд нэг сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх. 30 жилийн хэрэгжих төслөөс жилд 30 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг Дорноговь аймагт хийх юм.

6.Өнөөдөр Зөөвч орд гээд ганцхан орд ашиглалтад ороод эхэлж байна. Цаашдаа хоёр, гуравдахь орд ашиглалтад ороод үргэлжлэх нөхцөл бүрдвэл Зүүнбаянг суурин төв болгон хөгжүүлэх

7.Худалдан авах ажиллагаатай холбоотой мөнгөн гүйлгээг Монгол Улсад үүсгэн байгуулагдсан банкаар гүйцэтгэх

8.Бүтээгдэхүүний борлуулалтын орлогын 50-иас доошгүй хувийн гүйлгээг Монгол Улсад үүсгэн байгуулагдсан банк, эсхүл Монгол Улсад бүртгэлтэй гадаад улсын банкны салбараар дамжуулан хийх гэсэн чухал зүйл заалтуудыг бид гэрээний санамж бичигт тусгаж чадлаа” гэсэн юм.

ОДОО БИД ЮУ ХИЙХ ВЭ

Монголчуудад одоо дээрх протоколд үндэслэн Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг боловсруулж, УИХ-д өргөн барих буюу хамгийн чухал ажил нь үлдээд байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, гэрээний төслийг УИХ-аар хэлэлцүүлэн шүүсийг нь шахаж, Монголын талд ашигтай, таатай байж болох бүх зүйлийг тодотгон харж, томруулан тусгах, хууль эрх зүй, татварын давуу орчны боломжуудыг хэлэлцэх чухал өдрүүд ирээд буй. Монголын талаас энэхүү гэрээний төсөл нягт, чамбай гарч байж бид Ажлын хэсгийнхний хийсэн, хамгаалсан, нэмүүлсэн, өөрчлүүлсэн зүйл заалтуудын үр ашгийг богино хугацаанд хүртэх боломжтой. Энэ ч үүднээс Франц Улсын 89.99 хувийн хөрөнгө оруулалттай “Орано” групптэй хийх Хөрөнгө оруулалтын гэрээг ирэх арванхоёрдугаар сард багтаан үзэглэх төсөөлөл бий. Ингэж байж хөрөнгө оруулалтыг ирэх оны нэг, хоёрдугаар улиралд эхлүүлэх боломжтой гэх тооцоолол бий.

Тодруулбал, гэрээ баталгаажсанаар Дорноговь аймагт байрлах Дулаан-Уул, Зөөвч-Овооны ордод ураны хайгуул хийх, уурхайг бүтээн байгуулах болон ашиглах, боловсруулах үйлдвэр болон хүхрийн хүчлийн үйлдвэр, эрчим хүч үйлдвэрлэх, логистикийн байгууламж зэрэг холбогдох дэд бүтцийн бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийх, ажлын байр шинээр бий болгох зэрэг Монгол Улсын эдийн засагт томоохон хэмжээний эргэлт бий болох юм. Тиймээс дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн уналт, уул уурхайн бүтээгдэхүүнүүдийн эрэлтийн зогсонгишил, дайн самууны эгзэгтэй цаг үед энэхүү Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг хэрхэн боловсруулах, УИХ-аар яаж хэлэлцэх, француудын “Монгол үнэхээр хатуу самар юм, санаснаас дээгүүр хүмүүс юм” гэх яриаг монголчууд өөрсдөө хэрхэн батлахыг харах л үлдлээ.  

 

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах