"Монголын радио хятадаар мэндчилэхэд би үхнэ” гэдэг шиг л...
Ирэх сонгуулиар дуртай нь таныг элдэвлэх вий. Ийм анхааруулга болохоор нэгэн бичлэг саяхан цацагдлаа. Хиймэл оюун ухаан ашиглаж, хэний ч дуу хоолойг өөрчилж яриулж мэдэх нь. Хэн нэгэн нэр дэвшигч өөрийн дуу хоолойгоор нэрээ татлаа, эсвэл тэрийг энийг дэмжээрэй гэж эвлүүлж болох нь. Тэр байтугай болох болохгүй үг хэлж мэдэх нь. Хэд хэдэн хүн хуйвалдаж байгаагаар, эсвэл бүр эвгүй бичлэг чинь тарж болохоор байна. Сонор сэрэмжтэй байя.
Ганц удаагийн юм гэж өнгөрүүлж боломгүй. Эсвэл үнэн гэж итгээд эндүүрч андуурч боломгүй. Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийг хятадаар ямар ч аялгагүй яриулж даажигнасан нь бидэнд том хичээл боллоо.
Сошиал давалгаа хүний амьдралыг шүүж, эсвэл хувийн орон зайд нь халдаж, гүтгэж гүжирдэх энүүхэнд болсон. Нэгэнт худал мэдээлэл түгчихвэл араас нь хичнээн тайлбар хэлээд нэмэргүй.
Монгол Улсын Ерөнхийлөгч хятадаар ярьж байх юм. Дуу хоолой, хэллэг гээд ялгах юм алга. Холбогдох байгууллагууд шалгаж. Холбоотой нөхдийг барьж. Манай сошиалчид “сүртэй шд ээ” гэнэ. Сүртэй байлгүй яадаг юм. “Хаа сайгүй дэлхийгээрээ ингэдэг, тэгдэг болсон” гэнэ үү. Улс үндэстэн бүр өөрийн гэсэн онцлог бий. Нэг хэсэг нь хөгжлөөрөө тэргүүлж байна. Зарим нь хүн амын тоо нь дийлдэхээ байлаа. Бид хэдүүлээ билээ. Бидний геополитикийн нөхцөл байдал ямар билээ.
Манайх руу хэн ч дайрахгүй, цэрэгт хүүхдээ явуулж хэрэггүй гэнэ. Улс үндэстнээ элдвээр хэлж доромжлох нь наад захын хэрэг болов. Эх оронч сэтгэл гэж өчүүхэн ч байхаа больсон. Өөр улсад цэрэгт явахыг эсэргүүцвэл юу болох бол. Олонд танигдсан одод нь ч бай, хэн ч бай заавал цэргийн алба хаадаг.
Хятадын тэргүүнийг хиймэл оюун ухаан ашиглан англиар мэндчилүүлэхэд иргэд нь таагүй хүлээж авч эсэргүүцсэн. Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгчийг хиймэл оюун ухаан ашиглан хятадаар яриулсныг манай нийгмийн сүлжээнд дураараа орилдог нөхөд илт тоглоом шоглоом болгоод өнгөрч байна. Зүгээр нэг тоглоом шоглоом болгоод өнгөрөх асуудал биш юм. Мэдээж хуулийн байгууллага шалгасан.
Дараагийн удаа эвгүй утга агуулгатай, улс орны үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц утга агуулга бүхий үг гадаад хэлээр яриулвал яах вэ. Үүнээс гарч болох сөрөг үг дагаврыг бодож үзсэн үү.
2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр олон нийтийн сүлжээнд нэр бүхий фб хаягаас “Монгол Улсын хилийн отрядыг нүүлгэн шилжүүлж, улсын нутаг дэвсгэрээс БНХАУ-д шилжүүлэн өгөх гэж байна” гэсэн илт худал мэдээлэл нийтэлсэн. Гэтэл тэрэнд нь манай оркууд итгээд ална, тална болоод явчихсан.
Мөн 09 дүгээр сарын 13-ны өдөр нэр бүхий фэйсбүүк хаягаас “Казах иргэдийг хүмүүжүүлж залхаан цээрлүүлэх зорилгоор томоохон ажиллагаа явуулахаар шийдвэрлэсэн байна. Бид та бүхэнд буу, зэвсгээр туслах болно. Бүгдээрээ хамтдаа тэмцэж, засаг, төрийг эргүүлье” гэсэн агуулга бүхий мэдээлэл нийтэлсэн. Мөн өдөр “Баян-Өлгий аймагт дайчилгааны хээрийн сургуулилт хийж байна. Энэ нь тус аймгийн иргэдийг айлган сүрдүүлэх зорилготой” гэсэн агуулга бүхий илт худал мэдээллийг нийтэлсэн. Хаанаас ямар зорилготой иргэдийг турхирсан, дотоод эв нэгдэлд халдах гэсэн иймэрхүү агуулга бүхий зүйлс нийтэлж байна вэ.
Зарим хүн бусад улс орны төрийн тэргүүнийг хиймэл оюун ухаан ашиглаж гадаадаар мэндчилүүлсэн байна лээ. Манайх л сүржигнэлээ гэж байна. Том гүрний хувьд магад хэцүү биш санагдах ч манайд бол тийм амархан зүйл үү.
“Монголын радио хятадаар мэндчилэхэд би үхнэ” гэдэг яруу найрагчийн шүлэг бий. Ерөнхийлөгчийг хятадаар яриулсан гэх залуус Монголд хоёр FM радио, нэг телевиз ажиллуулдаг хоёр залуу саяхан “Талын Монгол” радио гэх хаягаас хиймэл оюун ухаан ашиглан Монгол Улсын Ерөнхийлөгчийг хятад хэлээр ярьж буй мэт дүрсийг байршуулсан юм байх юм. Ёртой юм шиг радио байдаг нь ч юу билээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албанаас мэдээлэл хийлээ. Хуультай дүрэмтэй, парламентын засаглалтай, өргөн уудам газар нутагтай, тусгаар улсын иргэн гэдгээ бид ямагт санаж явах хэрэгтэй юм. Хэн дуртай нь даажигнахаар тэрний аманд давхиж ороод байдаг байж боломгүй. Гэнэт Ерөнхийлөгчийг маань хиймэл оюун ухааны тусламжтайгаар дуу хоолойг нь ашиглан улс орны хооронд үүсч болох ноцтой асуудлаар өөрөө ч мэдэхгүй сууж байхад нь мэдэгдэл хийлгэвэл яах вэ.
Саяхны болсон явдал бол зөвхөн хятадаар ярьсандаа биш юм. Орос, англи өөр ямар ч хэлээр юу ч ярилаа гэсэн, ийм дураараа юм гэж хаана байх вэ дээ. Хаанаас шидэж байгаа чулуу вэ. Давж болдоггүй хязгаар гэж байдаг. Бүх зүйлд хэм хэмжээ гэж бий. Эрх чөлөөнд ч тэр. Дураараа дургиж бусдыг доромжлоход эрх чөлөөгөөр халхавчилж болохгүй.
Үндэсний тусгаар тогтнол, эв нэгдлийг эвдрэлцүүлэх, бусдын нэр төр, алдар хүндэд халдах, илт худал мэдээлэл тараах гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэж цагдаагийнхан мэдээлсэн.
ТЕГ-ын ахлах ажилтан В.Баасанхүү: “Сүүлийн үед олон нийтийн сүлжээ, цахим мэдээллийн хэрэгслээр үндэсний эв нэгдлийг бусниулах, зэвсэгт үймээн дэгдээхэд чиглэсэн илт худал мэдээллийг удаа дараа нийтэлж байна” гэсэн.
Сошиал хэрэглэгчид сэрэмжтэй, шүүлтүүртэй, ухаалаг болмоор байна аа. Юунд ч итгэж, хаанаас ч шидсэн чулууг шүүрч аваад л нүдэлдэхэд бэлэн байдгаа болимоор байгаа юм. Ерөнхийлөгчийг хятадаар яриулсныг зарим нь үнэхээр доог тоглоом болгож яриад ойлгох юм алга. Тоглоом тоотой нь дээр байдаг. Манайх их гүрнүүд шиг биш. Бид тийм олуулаа ч биш. Цөөхүүлээ учраас илүү эвтэй, илүү бодолтой баймаар байна.
М.Жамц
Сэтгэгдэл үлдээх